Ерөнхий сайдын охин дүүгийн хадам ах Д.Шинэхүүг АТГ-аас шалгаж "бас" болохгүй юу
Ерөнхий сайдын төрсөн дүү Норовын Наранцэцэгийн нөхөр Д.Гэрэлхүүгийн төрсөн ах Д.Шинэхүү нь охин Ш.Ундралдаа Нүхтийн аманд 1100 метр.кв газрыг тухайн үед Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Л.Гансүхийн тушаалаар олгож байжээ. Өөрөөр хэлбэл эдүгээ Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад "Нүүрс” хөтөлбөрийн асуудлаар хоригдон шалгагдаж буй Л.Гансүх сайдын алба хашиж байхдаа хориотой газар зарсан гэсэн үг. Тусгай хамгаалалттай бүсэд ийм том хэмжээний газар авч түүнийгээ 65 сая төгрөгөөр үнэлэн бусдад зарж буй талаар энэ оны эхэнд өдөр тутмын хэвлэлд бичиж байсан нь архивт үлдсэн ч уг асуудал учир битүүлэг шалтгаанаар "хаагдсан”. Тодруулбал энэ талаар хэн ч дахин сөхсөнгүй. Харин асуудал нь хэвээрээ.
Уг нь Д.Шинэхүү нь заавал Ерөнхий сайдын хамаатан садан гэлтгүйгээр
газар авчихуйц эрх мэдэлтэй нэгэн. Тэгээд ч Увсын гаралтай, өөрийгөө
"Алтанхуягийн хүн” гэсэн бүхнийг хүчээр буруутгах гэсэнгүй. Харамсалтай
нь тэрбээр ажлаа зөв, сайн хийж чадаагүй хариуцлагыг зохих ёсоор хүлээж
байсан уу,үгүй юү гэдгийг цаана шударга ёс төрийн байгууллагад, тэр
тусмаа Ерөнхий сайдын ураг төрлийнхөнд үйлчилдэг эсэх нь нэг тод жишээ
болох учиртай юм.
Тэрбээр Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албыг 2010 оноос хашиж эхэлсэн. Өнгөрсөн онд Зайсангийн уугуул иргэд тэмцэл зарлаж БОАЖЯ-ны үүдэнд жагсаж байсан ч "Ганцхан надад хамаагүй” гэдэг, Богдхан уулын хязгаарлалтын бүсэд нийт 662 зөвшөөрөл олгосны хэд нь зориулалтын дагуу, хэн нь хууль бусаар ашиглаад байгааг ч тоодоггүй Д.Шинэхүү даргатай Ерөнхий сайд хариуцлага тооцож чадах болов уу.
Ерөнхий сайдын дүү Норовын Наранцэцэгийн хадам ах Д.Шинэхүүг албан тушаалд нь байлгаад, Д.Шинэхүү нь төрсөн охин Д.Ундралдаа Нүхтэд газар олгоод, тэр газраа зараад сууж байхыг түмний нүднээс нууж чадлаа гэж бодъё. Харин Норовын Наранцэцэгийн охин Гэрэлхүүгийн Уянга 2012 оны арванхоёрдугаар сарын 24-нд "Эрдэнэс Тавантолгой” компаниас зарласан Цагаан хадан дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт "Говь Повер” ХХК-ийн нэрээр оролцож шалгарч байсан мөнөөх "алдарт Г.Уянга” шүү дээ. Түүний нөхөр Г.Дэнзэн ЗГХЭГ-ын дэд даргаар ажилллаж Г.Уянга овгоо сольж бөөн дуулиан дэгдээж байсан. Гэтэл одоо Г.Уянгын аав Д.Гэрэлхүүгийн төрсөн ах Д.Шинэхүү төрсөн охиндоо газар өгч, тэр нь зарж тэртээ тэргүй эрх мэдэл бүхий албан тушаал байсаар байтал Ерөнхий сайд садангийнхаа нэрийг сэвтээхэд нэмэр болж суугаа нь харамсалтай.
Ядахдаа Д.Шинэхүү нь дэндүү их олзонд шунаж байж. Тэрбээр "2010 оны арваннэгдүгээр сард тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Л.Гансүхийн оролцоотойгоор Богдхан уулын дархан цаазат газраас аялал жуулчлалын зориулалтаар таван жилийн хугацаатайгаар 0.6 га газрыг "Инэл” компанид олгож хагас жилийн дараа гэрчилгээг нь гаргаж өгсөн...”, эхлээд энэ газартаа "Инэл тур кэмп” аялал жуулчлалын цогцолбор барих, өөрөөр хэлбэл зориулалтын дагуу ашиглахаар 138 хүн хүлээн авах хүчин чадалтай ресторан, усан бассейн спорт тоглоомын талбай барина гээд төсөл баталцгаажээ. Харин дараа жилийнх нь зун буюу 2011 оны долдугаар сард Л.Гансүх сайд нь сайдын зөвлөлийн хурлаараа "Инэл” компанид олгосон 0.6 га газарт орон сууц барих шийдвэр гаргажээ.Ингэснээрээ эрхэм сайд тухайн үед Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөрчсөнийг өнөөдөр ч "хөөн хэлэлцэхэд буруудахгүй” болов уу.
Энэ бүхэн тухайн үед олон нийтийн анхаарлын төвд байдаг "Үндэсний шуудан” сонинд удаа дараа нийтлэгдсэн фактууд. Гэвч хэн ч энэ тухай судалж, шалгасангүй.
Эдүгээ тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж
байсан Л.Гансүх, албан тушаалаа "саадгүй сайхан” хашиж яваа Ерөнхий
сайдын охин дүүгийн хадам ах Д.Шинэхүү, аялал жуулчлалын цогцолбор
барих гоё төсөл хэрэгжүүлэхээр газар аваад "Инэл веллаж Зайсан”
цогцолбор барьсан С.Мөнхбат нар бүгд эрүүл саруул, тарган цатгалан явна.
Яагаад тэдэнтэй хариуцлага тооцож болохгүй гэж. Дашрамд сануулахад
С.Мөнхбатыг "Инэл” гэдэг барилгын компанийн захирлаас гадна
Ж.Наранцацралт агсны үед Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн
бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Ганхүүгийн ойрын садан гэдгийг, мөн
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг хааяа Дундговь аймгийг "нутаг
минь” гээд гүйж явдгийг олон хүн мэддэг. Тэгэхээр нэлээд дээрээс холбоо
сүлбээтэй болсон энэ хэргийн бүх сэжмийг "Увсын гаралтай, Ерөнхий сайдын
хүн гуай” Д.Шинэхүү дарга хамгийн ихээр хамаарч, үнэ цэнтэй хүн нь
байж. Яагаад түүнтэй хариуцлага тооцож, АТГ шалгаж зүрхэлдэггүй юм бол.
Ж.Мөнхбаяр