ФОТО: НИЙСЛЭЛД ХИЙГДЭЖ БАЙГАА АВТО ЗАМЫН УРСГАЛ ЗАСВАРЫН АЖИЛ 50 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд хэрэгжих Авто замын урсгал засвар нөхөөсний 17, заадасны 9 нийт 26 ажлын гэрээ хийгдэж, засварын ажил эхлээд байна.
Иргэдийн зорчих ая тухыг хангах, хөдөлгөөнд саад болохгүйн үүднээс засварын ажлыг шөнийн цагаар 22-06 цагийн хооронд хийж байгаа.
Тус ажлын явцтай Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга нар болох Б.Индра, Г.Баттогтох, бусад албаны хүмүүс өнгөрсөн шөнө танилцлаа.
Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү хэлсэн үгэндээ " Нийслэлийн хэмжээнд замын уулзвар, гарц, зорчих хэсгийн нөхөөсний ажил үргэлжилж байна. Энэхүү ажлын үйл явц болоод технологийн горим шаардлагыг хангаж ажиллаж байгаа эсэхтэй ажлын хэсгийхэн өнөөдөр танилцаад явж байна. Замын түгжрэлтэй холбоотойгоор уг ажлыг шөнийн цагаар хийж гүйцэтгэж байгаа бөгөөд технологийн горим алдагдсанаас ховил үүссэн замуудыг засах юм. Автозамын хөгжлийн сангаас 35,7 тэрбум төгрөгийг автозамын орц, гарц гаргах, шинээр зам тавих, замын тэмдэг тэмдэглэгээ, заадас нөхөөсийн ажилд зарцуулж байгаа. Энэ ажил эхнээсээ үр дүнгээ өгсөн байна. " хэмээлээ.
НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр "Зам засварын ажлыг зургаан дүүрэгт, найман компани технологийн дагуу хийж гүйцэтгэж байгаа бөгөөд компаниудын хувьд нэг шөнийн дотор хөдөлгөөний ачааллаас хамааран 5-10 км замыг засч байна. Уг ажлыг 6 дугаар сарын 5-нд дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 50 хувьтай байна." хэмээлээ.
Энэ үеэр НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр Замын хаалт, тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу байрлуулж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаж, авто замын урсгал засварын ажлыг иргэдэд хүндрэл учруулахгүйгээр цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүрэг өглөө.
Ажлын хэсэг шөнийн 00:00 цагт Цайз захын уулзвараас Саруул тэнгэр хороолол хүртэлх авто замын хучилтын хагаралын заадасны урсгал засварын явцтай танилцав. Тус ажлын гүйцэтгэгчээр "Төгс үржих зам” ХХК ажиллаж байгаа бөгөөд Доржийн гудамжнаас Шар хадны авто зам хүртэл нийт 21000 ам метр талбайг засварлах юм. Ажлын явц 45 хувьтай байна.
Дараа нь Энхтайваны өргөн чөлөө Жуковын музейн урдаас Зүүн дөрвөн зам хүртэлх нүхэн засвар нөхөөс, дугуйн мөрний ховилын засварын ажилтай танилцсан юм. Авто замын нэгдүгээр эгнээгээр байнга хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчсоны улмаас дугуйн мөрний ховил үүсч байгаа бөгөөд тус 350 урт метр замд 4 метр өргөнтэй, 4-5 см суулттай ховилыг тэгшлэн засах юм. Ажлын гүйцэтгэгчээр УБЗЗАГ ОНӨААТҮГ ажиллаж байгаа бөгөөд замын ховилыг зорж, асфальт хучилт хийж байна. Ажлын явц 5 хувьтай байна.
Дашрамд хэлэхэд Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа авто замын нийт урсгал засварын ажил 6 дугаар сарын 5-ны өдөр дуусах юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.