ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, Элчин сайд нар томилогдсон өдрүүд

0

 Өнгөрч буй энэ долоо хоногт манай улс эдийн засагтаа ногоон гэрэл асааж, Элчин сайдуудаа томилж, Монголбанкны шалгалтын дүнг танилцуулсан гээд үйл явдал дүүрэн болж өнгөрч байна.

Хамгийн гол нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, эхний ээлжийн санхүүжилт орж ирсэн нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал байв. 

Эдийн засагт ногоон гэрэл аслаа

ОУВС-ийн захирлуудын зөвлөл хуралдаж, хурлаар Монгол Улс тус сангийн "Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон байна юм. ОУВС-гийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 5.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт авна. Түүний дотор БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр орчим тэрбум ам.доллаоын өртөгтэй свап хэлэлцээр багтаж байгаа аж. Харин үлдэж байгаа 3.5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад хандивлагч орнуудаас авахаар төлөвлөжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Засгийн газар, Монголбанк хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсноос хойш Хөгжлийн банкны бондыг шийдвэрлэснээс зээлжих зэрэглээл Caa1 тогтвортой болон сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл ассан гэсэн үг" хэмээн мэдээлсэн юм. 

ОУВС-гийн 38.6 сая ам.долларын санхүүжилт Монголбанкны дансанд орж ирлээ

ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар болсон даруйд эхний ээлжний санхүүжилт орж ирсэн юм. Тодруулбал, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкны дансанд эхний ээлжний санхүүжилт болох 38.6 сая ам.доллар орж ирсэн. Монгол Улсад эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум ам.доллартай тэнцэж байна.

 Энэхүү хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай, хөтөлбөрийг ОУ-ын түншүүд дэмжиж, Азийн Хөгжлийн банк болон Дэлхийн банк, Япон, Солонгос улсуудаас урт хугацааны, хөнгөлөлттэй, бага хүүтэй төсвийн санхүүжилтээс гадна БНХАУ-ын Төв банкны хэлэлцээрийн үр дүнд 5.5 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. 

Элчин сайдуудыг томилов

Өнгөрсөн пүрэв гаригт хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг томиллоо. Тодруулбал, Л.Пүрэвсүрэнг Швейцарь, А.Баттөрийг Франц, Д.Ганбатыг Герман, Г.Тэнгэрийг Япон, Ё.Отгонбаярыг АНУ, Н.Чимгүүндарийг Канад улсад суух Элчин сайдаар томилсон. 

Томилогдож буй Элчин сайд нарт хандаж, УИХ-ын гишүүд "Элчин сайд болчихоод томилогдсон хүндээ үйлчилж, хэдэн дарга нарт долигнож гүйдгээ болих хэрэгтэй. Тэнд байгаа ад иргэддээ үйлчлэх хэрэгтэй. Тэнд байгаа монголчуудтайгаа уулзахгүй, гадаадад өргүүлсэн хүүхдийнхээ эрх ашиг, монголчуудынхаа анхаарахгүй байна. Тиймээс энэ асуудалд анхааралтай ажиллаж, томилсон хүмүүсийнхээ цүнхийг барьж, бялдуучилж гүймээргүй байна. Зөв шударга, шинэ ажил хийгээрэй гэж захимаар байна. Очсоныхоо дараа хэний төлөө, юуны төлөө ажиллахаа сайн бодоорой" хэмээн захисан юм. 

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хэргийг мөрдөн байцаалтад буцаав

"Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг Хан-Уул дүүргийн шүүхэд шүүсэн. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйл заалтад зааснаар "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн" хэмээн буруутган шүүсэн юм. Гэхдээ шүүхээс түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгахаар болов.

Хэргийг сануулбал, Тэрбээр Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүй нь илэрсэн юм.

Уг хэргийг шалгах явцад "Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбатад дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Учир нь тэрбээр гэрт нь шалгалт үзлэг хийхээр очсон мөрдөн байцаагчийн биед халдсан байдаг. 

Гэр бүлээрээ амиа алдсан ноцтой хэрэг гарав

Сонгинохайрхан дүүрэгт гэр бүлээрээ амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, 40 орчим настай Х гэгч нь эрэгтэй дөрөв, зургаа, 11 настай гурван хүүхдээ 38 настай эхнэрийнхээ хамт онц хэрцгийгээр хөнөөгөөд эцэст нь өөрийнхөө амийг егүүтгэсэн хэмээн хэвлэлээр мэдээлсэн.

Харин түүний дагавар охин болох 16 настай охин л амьд үлджээ. Тэрбээр хэргийн гэрчээр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн байна.

Тэгвэл урьдчилсан байдлаар тэд гадны нөлөөтэй амиа алдсан гэх дүгнэлт гараад байгаа юм. 

Хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. 

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар Соёмботой ууланд Газар ашиглах эрхийг цуцаллаа

Соёмботой уулыг ухаж байна гэсэн зураг, мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр гарсан. Тэгвэл өмнө нь зөвшөөрсөн Газар ашиглах эрхийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган цуцаллаа. Ингэснээр Зайсан толгойн аман дахь Соёмботой уулыг ухаж барилга барьж байсныг таслан зогсоосон юм.

Математикийн улсын шалгалтын материал задарчээ

Тавдугаар сарын 25-нд буюу өчигдөр зохион байгуулсан Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн математикийн хичээлийн шалгалтын материалыг хугацаанаас нь өмнө задалсан тул шалгалтыг хүчингүйд тооцож, ахин авахаар болсон. Тодруулбал, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан 12 дугаар ангийн математикийн хичээлийн шалгалтын материалыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг нь нууцлалын баталгаа гаргасан үүрэг, хариуцлагаа зөрчиж сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж олон нийтийн цахим хэрэгслээр тараасан зохисгүй, ёс бус үйлдэл гаргасан нь тогтоогдоод байна.

Иймд тус өдөр авагдсан 12 дугаар ангийн математикийн шалгалтыг хүчингүйд тооцож 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагаас дахин авах болоод байгаа юм. 

Б.Анир 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.