Алдаагаа засах боломж
ОУВС-гаас хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг төсөв, санхүү, үйлдвэрлэлийн салбарт хийхээр тохиролцсон бөгөөд эхний ээлжинд 38.6 сая ам.доллар Монголбанкны дансанд орж ирээд байна. Үүнээс гадна Хятад, Энэтхэгээс манай улсад тус бүр нэг тэрбум ам.доллартой дүйх санхүүжилт өгөхөөр болоод буй. Тиймээс Сангийн сайдын хэлсэнчлэн манай улсад хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг "Уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл аслаа” хэмээн дүгнэх хүн олон байна.
Эл хөтөлбөр бидэнд юу юунаас илүүтэй алдаагаа засах боломж олгож буй нь олзуурхууштай. Ингэхийн тулд монголчууд өөрсдөө, манай шийдвэр гаргагчид санаачилгатай, бодлоготой, өөриймсөг байх ёстой. Аль ч цаг үед бодлого боловсруулж, шийдвэр гаргаж буй хүмүүсийн алдааг ард түмэн нийтээрээ үүрдэг хойно өнгөрсөнд болсон буруу, зөрүү зүйлээс АН-ынх, МАН-ынх гэж бултаж, булзах нь утгагүй хэрэг. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх 36 сарын хугацаанд бид эдийн засгийн уналтыг зогсоохоор үл барам баялгийн үнэ дагасан, "хөөсөрсөн” өсөлтөд толгой эргэж, барьц алдахааргүй арга ухаанд суралцаж, суурь хөрсийг нь бүрдүүлэх учиртай. Ингэхдээ бид төсвийн сахилга батыг сайжруулж, алдагдлаа бууруулж, татварын орлогын найдвартай, олон эх үүсвэр бий болгох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх, банк, санхүүгийн салбарын чадавхыг дээшлүүлэх зэргээр эдийн засгийн сууриа эрүүлжүүлж чадвал тэр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үндэс болох ёстой.
Манай улсын хувьд өмнө нь хоёр ч удаа "Стэндбай” хөтөлбөр хэрэгжүүлэн, илүү ойр ажиллаж ирсэн ОУВС, түүний хөтөлбөрүүдийн талаар сайн, муу хандлагын аль аль нь бий. Хамгийн хүнд шаардлага, шалгууртай гэгддэг Өргөтгөсөн санхүүжилтийн бус, арай уян хатан нөхцөлтэй "Стэндбай” хөтөлбөрт хамрагдах талаар Н.Алтанхуягийн болон Ч.Сайханбилэгийн Засгийн газрын аль аль нь ярьж, хэлэлцээ хийж байсан ч бодитой ажил хэрэг болж чадаагүй нь ч дээр дурдсанчлан шийдвэр гаргагчдын байр суурийн зөрүүтэй байдалтай холбоотой байв. Харин өнөөгийн нөхцөлд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөс өөр сонголт үгүй гэдэгтэй эрх баригчид өөр хоорондоо ойлголцож чадсан. Улмаар хэлэлцээ хийж, ОУВС-гаас тавьсан шаардлага нөхцөлийг хангах талаар харилцан тохиролцож, эцсийн шийдвэрт хүрснээр бид эхний санхүүжилттэй золгоод буй нь энэ.
Юуны түрүүнд энэ бол 2011 онд 17 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт тасралтгүй унасаар нэг хувь болоод буй одоогийн үзүүлэлтийг тогтоон барьж, улмаар өсөлт бий болгох нөхцөлийг бидэнд олгож буй. Уг хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг жилд найм орчим хувиар өсдөг байх суурийг бүрдүүлэх зорилго тавьж буйгаа ОУВС-гийн суурин төлөөлөгч хэлсэн. Манай эдийн засгийн өсөлтийг боомилж буй өрийн дарамтыг багасгахад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн санхүүжилт чухал ач холбодолтой. Өрийг өрөөр хаахаас өөр замгүй болсон бидэнд уг хөтөлбөрийн санхүүжилт болох жилийн гурван хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай хямд эх үүсвэр "шар тос” л гэсэн үг. Хамгийн ихдээ жилийн арав, багадаа 4-5 хувь буюу дунджаар долоон хувийн хүү төлж буй "Чингис” болон бусад бондын төлбөрийг хоёр дахин бага хүүтэй эх үүсвэрээр хаах нь хамгийн оновчтой алхам юм. Нөгөө талаас эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургаар манай эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарч эхэлснийг тэмдэглэе. Тухайлбал, эдийн засаг өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өсөж, 2012 оноос тасалдсан төсвийн орлого анх удаа давж биелэн, гадаад худалдааны үзүүлэлт ашигтай гарсан зэргийг дурдаж болно.
Б.Оргил
Сэтгэгдэл байхгүй байна.