“Онцгой комиссын ажиллах журам”-д өөрчлөлт оруулав
Журамд тусгаснаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан, хурандаа, эсвэл түүнээс дээш цолтой албан хаагчийг томилох юм.
Мөн комиссын Ажлын алба орон тооны таван гишүүнтэй байх бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын орон тооны хязгаарт багтана гэж нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Гамшгийн голомтод ажиллах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээрт оролцож байгаа байгууллага, хуулийн этгээдийн ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Шуурхай бүлэг томилон ажиллуулах, аймаг, нийслэлийн Онцгой комисс нь гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгоход шаардагдах нэмэлт санхүүжилт хүсэхдээ тухайн онд баталсан Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тайлан, санхүүгийн анхан шатны материалыг Улсын онцгой комисст ирүүлэх ёстойг нэмж тусгажээ.
Товч мэдээ
- "Багануур”, ”Шивээ Овоо” компанийн өвөлжилтийн бэлтгэлийг хангахын тулд хангалттай хэмжээний дизель түлш, шатахууны нөөц бүрдүүлэн, хөрс хуулалт, их засварыг хугацаанд нь хийж, нүүрсний нөөцийг хэвийн хэмжээнд байлгахыг сайд П.Ганхүү, Ц.Дашдорж болон "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нарт даалгав.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд "Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөл батлагдсанаар 2016 оны орлого, зарлагын нийт хэмжээ батлагдаж, төсвийн ашгийг /алдагдлыг/ тодорхойлох боломж бүрдэх юм.
- Энэ оны нэгдүгээр улиралд сайд, яам, агентлагийн дарга нарт иргэдээс 53830 өргөдөл, гомдол ирүүлсний 50915-ыг нь буюу 94 гаруй хувийг нь хуулийн хугацаанд шийдвэрлэжээ. Иргэд нийгмийн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, ажил хийх, газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудлаар голлон хандсан байна.
- Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Манай улс Олон улсын хөрөнгө оруулалтын банкны гишүүний хувьд дээрх хэлэлцээр болон дүрэмд орж байгаа нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах боломжтой болох юм.
- Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах болон банкны үйл ажиллагааны тухай 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэлэлцээр, банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
- Цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцасны загвар, эдэлгээний хугацаа, дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгохтой холбоотой журмыг баталлаа. Цаашид шаардагдах зардлыг өмнөх дүрэмт хувцасны нөөц, эдэлгээний хугацаатай уялдуулан Цагдаагийн ерөнхий газрын төсөвт тусгаж, үе шаттай хэрэгжүүлэхээр тогтлоо.
- Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хууль батлагдсанаар стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэл, тохирлын үнэлгээ олон улсын нийтлэг жишгийн дагуу явах эрх зүйн орчин, нөхцөл бүрдэх зэрэг олон ач холбогдолтой юм.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг жил бүрийн 05 дугаар сарын гуравдахь бямба гаригт тэмдэглэж байхаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна.