Тосонцэнгэл-Улиастайн замын санхүүжилтэд 41.4 тэрбум төгрөг шаардлагатай
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын ажилд шаардагдах 41, 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэмнэгдсэн эх үүсвэрээс санхүүжүүлэх талаар БНХАУ-ын талтай хэлэлцээр хийх, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Уг зээлээс 24.9 сая ам.доллар хэмнээд байгаа юм.
Товчхон
- Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг дахин байгуулах Засгийн газрын тогтоол баталлаа. Тус эмнэлэг онцгой байдал, хил хамгаалах болон хууль сахиулах бүх байгууллагын албан хаагчид, мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх юм.
- Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлэх юм.
- Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Комиссыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ахална.
- Өрийн удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төв банкны тухай хуулийн зарим хэсгийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг буцаан татахаар болов.