Хотын дарга Барилгын коллежийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Барилгын политехникийн коллежийн үйл ажиллагаа, сургалтын орчин, эдэлбэр газрын ашиглалтын байдалтай танилцлаа. Хотын даргыг дагалдан явах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн ЗДТГ-ын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн Мэргэжлийн хяналтын гарын дарга Л.Эрдэнэчулуун болон бусад албаныхан байсан юм. Ажлын хэсгийнхнийг Барилгын политехникийн коллежийн захирал Г.Нямдулам хүлээн авч үйл ажиллагаагаа танилцуулж, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэж өгөхийг хүсэв.
Барилгын политехникийн коллеж Г.Нямдулам "Манай сургуульд өнөөдөр газрын асуудал нэлээд хүндрэлтэй байгаа юм. 2004 оноос хойш газрын асуудлыг тухайн үед ажиллаж байсан удирдлагууд болон бусад хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод сургуулийн эзэмшлийн газар нэлээд хумигдсан. Зарим нь хууль бусаар олгогдож, зөвшөөрөлгүйгээр сургуулийн эзэмшил газар руу түрж орж ирсэн. Манай сургуульд дөнгөж ерөнхий боловсролын 9 дүгээр анги төгссөн 15-16 насны хүүхдүүд элсдэг. Сургууль тэр тусмаа хүүхэд, залуус амьдарч, сурч боловсордог бүсэд худалдааны төв, ТҮЦ ажиллаж, тамхи, согтууруулах ундаа зардаг зэрэг хүндрэлтэй асуудал их байна. Манайх сургуулийнхаа зүүн талаас орж ирдэг өөрийн мэдлийн ганц явган хүний гарцтай. Манай эзэмшлийн газрын хойд хэсэг буюу Улаанбаатар дээд сургуулийн эзэмшилд коллеж руу ордог автомашины хаалга байрлаж байгаа. Энэ нь яагаад ч байж болохгүй асуудал юм. Нэг өдөр хөрш сургууль маань автомашин ордог хаалгыг хаачихвал бид яаж ч чадахгүй хэцүү байдалд хүрнэ. Өмнө нь хичээлийн 2 дугаар байр луугаа орох явган гарцтай байсан. Тэр явган гарцын хэсгийг "Талын Монгол” ХХК-д, "Макс молл” талаас манай сургууль руу ордог автомашины гарцтай байсныг тус компанид өгснөөр бидний орчин хязгаарлагдмал болоод байна. Дотуур байрны газар луу "Нарантуул” компани бас түрж орж ирээд гарааш, аж ахуйн барилга байгууламжаа барьчихсан. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа учраас хотын даргад шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсан. Өнөөдөр холбогдох албаныхантайгаа ирж асуудлыг ул суурьтай судалж шийдвэрлэхээр болсонд баяртай байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Улаанбатар хотын өнөөгийн барилгажилт, барилгын хөгжлийн түүх бол Барилгын политехникийн коллежтой салшгүй холбоотой. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс Барилгын политехникийн коллежид тусалж, асуудлыг шийдвэрлэх ёсой гэж үзэж байгаа юм. Холбогдох албаныхан хамт явж байгаа учраас сая дурдсан асуудлыг хянаж, шалгаж, судлахыг үүрэг болгож байна. Ерөөсөө ямар ч үед онцгой байдал, түргэний машин орох боломжгүй ийм нөхцөл байдалтай үйл ажиллагаагаа явуулж болохгүй. Тиймээс энэ асуудлыг тодорхой анхаарч шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулан ажиллана. Ер нь барилгын төлөвлөлтийг 2-оос доошгүй орц, гарцтай байхаар шийдэж байгаа. Хот улам нягтаршиж буй энэ үед орц, гарцны асуудлыг маш сайн төлөвлөх шаардлагатай болоод байгаа юм. Тиймээс коллежийн орц, гарцыг хааж, өргөтгөл барьсан газруудад мэдэгдэл хүргүүлээд, газрыг буцааж олгох асуудлыг нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газарт, тус коллежийн орчмын газрын гарц, орцын асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа” хэмээв.
Барилгын политехникийн коллеж нь 1954 онд байгуулагдсан бөгөөд барилгын мэргэжилтэн, ажилтан бэлтгэдэг төрийн ууган сургууль юм. Нийт 1900 оюутан, суралцагч, 146 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги төгссөн хүүхдүүд 10 мэргэжлээр 2.5 жилийн хугацаатайгаар анхан шатны мэргэжил олгох сургалтад, бүрэн дунд боловсролтой иргэд 8 мэргэжлээр техникчийн ангид 1.5 жилийн хугацаатайгаар элсүүлж авч төгсгөдөг байна. Төгсөгчдийн 70 гаруй хувь нь дадлагажих хугацаандаа ажлын байртай болдог аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.