Сонгуулийн ГУРВАН өнгө
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан ч сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байна. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг улс төрийн намуудын ялгарах чанараас илүү нэр дэвшигчийн хувь хүний нэр хүнд түүхэн замнал гол чиг нь болдогоороо онцлог. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр байгаа гурван нэр дэвшигч гараагаа хэрхэн эхэлж байгаа талаар товч дүгнэе.
Эвтэй Монгол ба М.Энхболд
Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан өглөө Эвтэй Монголын төлөө нэр дэвшиж байгаагаа Миеэгомбын Энхболд зарласан. Монгол төр нэг толгойтой, нэгдсэн бодлоготой байхыг эрхэмлэж энэ үгийг хэлсэн нь лавтай. Эвдрэлцэх биш эвэлбэл бүтдэгийн жишээг Үндэсний эв нэгдлийн засгийн газар хэмээх олон намаас бүрдсэн засгийн газрыг тэргүүлж байсаны хувьд, 2012 оны ялагдалын дараах хямралаас намаа авч гарсан туршлага, түүхээ бодож хэлсэн нь лавтай. Тэр намын даргаар 2 дахь удаагаа сонгогдохдоо, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болсон Улсын Их Хурлын дарга болохдоо өмнөхөөсөө ч илүү өөртөө итгэлтэй болсон нь анзаарагдаж байлаа. Сонгуулийн өдрүүдэд өрсөлдөгч талаас илгээж байгаа харлуулсан үгэнд булуулах бай нь М.Энхболд байх шинжтэй байна. Гэхдээ нэг л янзаараа, нэг зангаараа байж, гүтгэлэгт сөгдөхгүй явж ирсэн туршлага нь энэ бүхнийг даван гарахад туслах биз ээ....
Хар сонгууль хүсэгч Халтмаагийн Баттулга
АН-аас нэр дэвшигч Женко Баттулга нэр дэвшигчийн үнэмлэх авсан өглөөгөө ташуур атган хөмхий зуун алхаж дараа өдөр нь 200 хүний толгой цавчихаа бусдаар дамжуулан мэдэгдлээ. Тун удалгүй хятад ажиллагаа эхлүүлж монголоо аврах аугаа хар төлөвлөгөө нь хэрэгжиж эхлэв. Одоо цахим ертөнцөд цөс нь хөөрсөн монгол залуус хүний толгой авах нь монголыг цэвэрлэх арга хэмээн эндүүрч Халтмаагийн Баттулгын хар сонгуулийг бэлдэж өгч байна. Монгол улс эмзэг үе дээрээ байна. Зөвхөн Монгол ч биш дэлхийн олон орон буруу удирдагчаа сонгосноос үүдээд хямралын үе дээрээ ирчихсэн нулимс, цус, дарангуйллын ирэн дор шантарч байна. Цөс ихтэй, ухаан төлөвшөөгүй залуусыг буруу тийш нь түлхчихвэл, дотооддоо үймээн самуунтай улс гээд дэлхийд зарлаглагдчихвал, бидний тусгаар тогтонол биднийх биш бусдын мэдэлд очиход бэлэн байна. Үймээн дэгдээгчид улс орноо ийм замд түлхдэг. Хөрш зэргэлдээ орноо хараан зүхэж улс төрийн хямдхан оноо цуглуулахын тулд Женко үүнийг хүсээд байх шиг. 7 сарын 1 битгий давтагдаасай гэж эгэл жирийн ээж аавууд залбирч байхад үзэн ядах өшөө хорсол авах сэдлийг цахим сүлжээгээр дамжуулан Женкогийн баг үйлдвэрлэж байна. Энэ сонгуулийг хар сонгууль болгох түүнд ашигтай ч монголд огтхон ч хэрэггүй юм даа.
С.Ганбаатар халуун зунаар саалиа хаяад зугатаах уу...
Одоохондоо хүчтэй сөрөг ПиАр С.Ганбаатарын зүгээс гараагүй байна. Гэхдээ хэлсэн үгнүүд нь өнөөх л популист амлалт нийтэд таалагдах гэсэн уран цэцэн үгнээс нь үнэртээд эхэлчихсэн . Үйлдвэрчний эвлэл, ажил олгогч эздийн холбоог хүчирхэгжүүлж эрх баригчдыг хазаарлана гэж хэлсэн нь өнгөрсөн 4 жил гацаахаас өөр ид шидийг үзүүлээгүй арга барилаа үргэлжүүлэх нь гэж харж болохоор байгаа юм. Хамтдаа жагсаж халуун салхи сөрж явсан нөхдөөсөө сураг тасарсан, ХҮН нам байгуулаад хүнээ байж сүүлдээ МАХН-ы хаяа бараадсан тэр багийн биш ганцаарчилсан тоглолтой. С.Жавхлан гишүүн өрөөндөө ажил хаядагтай адил хэмжээний тоглолтыг хийж чадахаар нэгэн юм. Үнэн хэрэгтээ парламентад ганцхан суудалтай МАХН-ы төлөөлөл, мэлхий шүтэж зоос зуулгаад баяжихыг хүсэгч энэ эрхэм цагаа тулахад халуун зунаар саалиа хаяад одоход бэлэн нэгэн гэдгээ нэгэнт харуулчихсан. Түүний сонгуулийн сурталчилгаа эрх баригчдыг амаа мэдэн муулж, ард түмнээр өрөвдүүлэх тактикаар үргэлжлэх болов уу гэсэн таамаг байна.
Сэтгэгдэл байхгүй байна.