Тойм: Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө

0

Монголын Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Наадмыг хааж хэдхэн хоногийн өмнө албаа хүлээж авсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. Тэрбээр

"Эрхэм хүндэт наадамчид аа,

Эрхэм хүндэт зочид оо,
Монгол төрийн их баяр наадам ургах нарнаас шингэх наран хүртэлх уудам их газарт ёслол төгөлдөр сайхан болж, монгол хүн бүрийн сэтгэлийн галыг бадраан өндөрлөж байна.
Эр бяртай бөхчүүд маань уран хурц мэхийг уралдуулан барилдаж ид хаваа гайхуулцгаалаа. Уяачийн эрдэм төгс, хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань иртэй сайхан уралдлаа. Эрхийдээ эрчтэй харваачид маань сэц мэргэн харвалаа.
Монголчууд бид нэгдэж нягтарсан цагтаа ялан дийлж, хөгжин бадарч явсан аугаа түүхтэй ард түмэн. Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хайрлан хамгаалж, эвийн хүч, эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлж, шударга ёс, үүрэг хариуцлагыг ухамсарлан улам илүү хичээцгээе. Хүчирхэг Монголыг цогцлоохын төлөө хүн бүр чадахын хэрээр зүтгэж, хөдөлмөр зүтгэлээ өрх гэрийнхээ болоод, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө зориулж, хамтын хүчээр амжилтын төлөө зүтгэцгээе.
Монгол хүн бүр эрүүл бие, саруул ухаан, эрдэм төгс, хийморь золбоотой байж, эх орон маань цэцэглэн хөгжихийн бэлгэ ерөөл өргөж, үндэсний их баяр наадам өндөрлөж байгааг уламжилъя. Хөх Монгол мандан бадраг ээ” хэмээх ерөөлөөр баяр наадмын үйл ажиллагааг ёслол төгөлдөр хаалаа.

Ингээд та бүхэндээ Үндэсний их баяр наадмын эрийн гурван наадмын мэдээллийг тоймлон хүргэе.

Бөх: Ц.Содномдорж улсын наадамд түрүүлж Улсын арслан боллоо

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанд хүчит 512 бөх уран мэхээ уралдуулж, хүч бяраа сорьж, Монгол Улсын харцага Ц.Содномдорж улсынхаа наадамд түрүүлж Улсын арслан, Улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэж Улсын гарьд цол авлаа.

Энэ жилийн наадмаас Улсын начин зургаа, Улсын харцага хоёр, Улсын заан хоёр, Улсын арслан нэг, Улсын гарьд цолтон нэг төрөв.

Шинээр цол авсан бөхчүүд
Монгол Улсын начин цолтон:
1. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, "Хилчин” спорт хороо, Хантайшир бөхийн дэвжээний бөх Балганы Хишигбаатар,
2. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат "Алдар” спорт хороо, "Булган хангай” дэвжээний бөх Бат-Өлзийн Бат-Эрдэнэ,
3. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Бөх Билэгт” дэвжээний бөх Жаргалсайханы Дагва-Очир,
4. Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, "Хилчин” спорт хороо, "Булган хангай” дэвжээний бөх Дармаагийн Тамир,
5. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд” спорт хороо, "Бес богда” дэвжээний бөх Бередмуратын Серик,
6. Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, "Дүнжингарав” дэвжээний бөх Галсан-Очирын Ганжад нарт Монгол Улсын начин цол олголоо.
Монгол Улсын харцага цолтон:
1. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, "Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч,
2. Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Ховд” дэвжээний бөх Оргихийн Хангай.
Монгол Улсын заан цолтон:
1. Булган аймгийн Сайхан сумын харьяат, "Булган хангай” дэвжээ, "Женко” клубын бөх Найдангийн Түвшинбаяр,
2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Сүлд” спорт хороо, "Увс нуур” дэвжээний бөх Нэгдэлийн Жаргалбаяр
Монгол Улсын гарьд цолтон:
1. Увс аймгийн Улаангом сумын харьяат, "Увс нуур” дэвжээний бөх Өлзийтогтохын Бат-Орших
Монгол Улсын арслан цолтон:
1.Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, "Сүлд” спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэвийн Содномдорж

Морь: Монгол Улсын начин Г.Батбаатарын саарал соёолон түрүүллээ

ДААГА: 
1. Дааганы уралдааны түрүү магнайд Говь-сүмбэр аймгийн Баян-тал сумын алдарт уяач Б.Нямсүрэнгийн зээрд даага,
2. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн алдарт уяач З.Батбаярын хул алаг даага,
3. Айргийн гуравт Төв аймгийн Архуст сумын уяач Б.Баярбаатарын хул даага,
4. Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач Т.Батмөнхийн халтар даага,
5. Айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат И.Өлзийхутагийн сартай зээрд даага ирлээ.

ШҮДЛЭН:
1. Тэргүүн магнайд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Т.Батхааны шарга үрээ
2. Аман хүзүүнд Завхан аймгийн Цагаанчулуут сумын уяач Б.Баярдоржийн хээр үрээ
3. Гуравдугаарт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Сумъяасүрэнгийн цагаан үрээ
4. Дөрөвдүгээрт Төв аймгийн Бүрэн сумын уяач Ариунбаярын хонгор үрээ
5. Тавдугаарт Төв аймгийн Заамар сумын уяач Энхболдын хээр үрээ хурдаллаа.

ХЯЗААЛАН:
1. Түрүү магнайд Архангай аймгийн Их тамир сумын Д.Жаргалсайханы хүү Уясахын бор үрээ
2. Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Д.Бат-Эрдэнийн хурдан зээрд
3. Айргийн гуравт Баянхонгор аймгийн Богд сумын Д.Ганболдын хонгор үрээ
4. Айргийн дөрөвт Дорноговь аймгийн Цагаан-Уул сумын Б.Батсайханы шарга халзан үрээ
5. Айргийн тавд Дундговь аймгийн Л.Эрдэнэбаярын хурдан хээр үрээ.

СОЁОЛОН: 
1. Соёолонгийн уралдааны түрүү магнайд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын начин Г.Батбаатарын саарал үрээ,
2. Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд үрээ,
3. Айргийн гуравт Ховд аймгийн Дарви сумын харьяат С.Бямба-Сайхны халиун үрээ,
4. Айргийн дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уяач Г.Ганчулууны хээр үрээ,
5. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Б.Базараагийн хээр үрээ айрагдлаа.

ИХ НАС:
1. Их насны уралдааны түрүү магнайд Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь,
2. Аман хүзүүнд Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Н.Мөнхзоригийн хул морь,
3. Айргийн гуравт Архангай аймгийн харьяат Ж.Лхагвасүрэнгийн буурал морь,
4. Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Д.Алтангэрэлийн халзан,
5. Төв аймгийн Баянцагаан сумын уяач А.Ууганбаярын уясан зээрд хүлэг айрагдлаа.

АЗАРГА:
1. Азарганы уралдааны түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат улсын манлай уяач Т.Болдбаатарын халиун азарга
2. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат манлай уяач О.Батбилэгийн хээр азарга
3. Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат С.Мөнхнасангийн хөх бор азарга 
4. Айргийн дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Д.Баянбатын хонгор азарга 
5. Дорнод амгийн Баян-Уул сумын харьяат Ж.Энхболдын хул азарга айрагдлаа.

СУР: Монгол Улсын мэргэн Б.Ёндонд Улсын Даян мэргэн цол олголоо

 

Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд оролцож цэц мэргэнээ сорьсон харваачдын шилдгүүд тодорч, Ерөнхийлөгчийн зарлигаар улсын цол хүртлээ.
Эрэгтэй:
 Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат "Хилчин” спорт хороо, "Есүйнхэн мэргэн” клубын харваач, Монгол Улсын мэргэн Баасанхүүгийн Ёндонд Улсын Даян мэргэн цол,
 Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, Монгол Улсын спортын мастер Баатархүүгийн Бумцэндэд Монгол Улсын Гарамгай харваач цол,
 Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, АПУ трейдинг компани, "Хангарьд” спорт клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Азаагийн Энхтөрд Монгол Улсын Гоц харваач цол,
Эмэгтэй:
 Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, "Алдар” спорт хорооны харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Батбаярын Баярчимэгт Монгол Улсын Мэргэн цол,
 Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, "Петровис” багийн харваач, Монгол Улсын спортын мастер Баяндүүрэнгийн Аззаяад Монгол Улсын Гарамгай харваач цол,
 Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Улсын мэргэн Б.Пунсалдуламд Монгол Улсын Гарамгай, гоц мэргэн цол тус тус олгов.

Т.Гэрэл

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.