Засаг унагах төлөвлөгөөг хэн, хэн ямар байр сууринаас дэмжив

0

 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Т.Аюурсайханы албан бланк дээр Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүдээс гарын үсэг цуглуулаад нэлээд хэд хонож байна. Бүлэг дотроо өрнөж буй энэ үйл явц өнөөдөр шуударч, 11:00 цагаас огцруулах үндэслэлийг өргөн барина гэдгээ мэдэгдээд буй.

 

Өмнө нь Засгийн газрыг огцруулах үндэслэлийг эрх баригч намын 23 эсвэл 32 гишүүн дэмжсэн гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарсан. Огцруулах үндэслэлд хамгийн түрүүнд Т.Аюурсайхан, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нарын гишүүд зурсан байдаг. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны даргын албан тушаал хашдаг. Намынх нь нөхөд түүнийг "Албан тушаалаа ойлгодог бол засаг унагах асуудлыг санаачлаад гүйх ёсгүй. Улс орны аюулгүй байдал хариуцаж байж хэт хөнгөн хандлаа” гэхчилэн шүүмжилж буй юм.

Эхэндээ долоон гишүүн гарын үсэг зурсан байсан ч хэд хэдэн удаагийн шөнө дөлөөр хийсэн уулзалтын нөлөө, зарим гишүүд нь нэгнээ уйгагүй ятгасан үйлдлийн дараа дэмжигчдийн тоо нэмэгдсэн нь тодорхой байна. Мөнхүү намынхаа шийдлийг харзнаж байсан гишүүд Ц.Сандуйг огцруулах ёсгүй. 60 тэрбум эвлүүлэг хэмээн үзсэн Удирдах зөвлөлийн хуралдааны дараа зориг шулуудсан гэх мэдээлэл ч бий.

МАН-д сонгуулийн өмнөхөн элсэж, М.Энхболдын дэмжлэгтэйгээр Төв аймгаас сонгогдсон А.Сүхбат гишүүн л гэхэд нэлээд хэд хоногийн өмнө газрын үсгээ зурсан байна. Улмаар Г.Сумъяабазарыг дагаж, Х.Нямбаатар гарын үсгээ зурж, Ц.Даваасүрэн нэмж гишүүн олох асуудалд идэвхи гарган ажиллажээ. УИХ-ын гишүүд болох Д.Сарангэрэл, Ц.Гарамжав нар МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас бүр өмнө зурсан байна.

Харин Сү.Батболдын фракцид хамаарах М.Оюунчимэг хэдийд зурсан нь тодорхойгүй байгаа юм. Сү.Батболд гишүүний тухайд гадаадад нэлээд удаж буй. Гэхдээ уг асуудлыг дэмжинэ гэдгээ утсаар илэрхийлсэн бололтой. Энэ фракцид хамаардаг Д.Цогтбаатар анхны долоогийн нэгээр нэрлэгдэж буй нь ихээхэн анхаарал татна.

-ГАРЫН ҮСГЭЭ ЗУРСАН Ч КНОП ДАРАХГҮЙ ГЭЖ "АМ АЛДСАН” ГИШҮҮД БАЙНА-

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны дараа Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нар Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байдаг. Харин Д.Лүндээжанцан гишүүн огцруулах бичигт гарын үсэг зурахгүй гэдгээ хоёр талд маш тодорхой байдлаар хэлж, ахмад гишүүний хувиар нам намбаа хичээнэ хэмээжээ.

Эргэлзээгүй байдлаар гарын үсгээ амархан зурсан гишүүдийн тоонд Х.Болорчулуун, Н.Учрал, Ш.Раднаасэд нарыг нэрлэж болно. Үүн дээр Д.Дамба-Очир, Б.Баттөмөр нар хаашаа явахаа мэдэхгүй, хүлээлт үүсгэсэн яриа ч явсан. Харин С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Ж.Ганбаатар, Л.Элдэв-Очир, Ч.Хүрэлбаатар нарыг гарын үсэг зураагүй гэх мэдээллийг намын нөхөд нь өгч буй юм.

Түүнчлэн шөнө дөлөөр зохион байгуулагдсан уулзалтан дээр дэмжихээ илэрхийлж, гарын үсгээ зурсан ч нөгөө талдаа очоод "УИХ-аар хэлэлцэх үеэр нь кнопоо дарахгүй ээ” гэсэн бөөрөнхий гишүүд нэлээд байгаа аж. Гарын үсэг цуглуулах ажиллагаа өдөр бүр өөр эрчмээр өрнөж байсан ч эцэст нь 19-өөс давсан нь тодорхой болов.

Гэхдээ Засгийн газрын эх сурвалж "Гарын үсгээ зурсан ч дэмжихгүй гэсэн гишүүд нэлээд бий. Бидний тооцооллоор 14 орчим хүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаа” гэх мэдээлэл өгч байна. Харин гарын үсэг цуглуулж буй тал өөрсдөдөө нэлээд итгэлтэй байгаа аж.

Хатуу өвөл хаяанд ирж, ОУВС болон гадны зээлдэгч байгууллагуудаас улсын санхүү бүрэн хамаарч буй энэ үед эрх баригч намын хэрүүл ийнхүү савнаасаа хальж эхэллээ. Муу ажиллаж байгаа Засгийн газраа огцрууллаа гэхэд шинэ засаг нь сайн ажиллах баг бүрдүүлж чадах уу. Дахиад баахан сандал ширээ зөөж, шинээр томилогдсон улсууд нь учраа олтол хэдий хугацаа өнгөрөх вэ гэдэг бас л асуудал. Гэвч өнөөгийн мэргэжлийн Засгийн газар сайнгүй ажиллаж буй нь бас үнэн билээ.

Ж.МЯДАГБАДАМ

Эх сурвалж: Medee.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.