Д.Сумъяабазар: БНХАУ-ын талтай яаралтай ширээний хоёр талд суух шаардлагатай байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Монгол Улсын Засгийн газар 'Эрдэнэс Монгол' компанийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр илүү анхаарч, үүн дотроо Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой компаниудын үр ашгийг ард түмэндээ илүү хүртээмжтэй болгох талаар ажиллаж байна. Бид ил тод, хариуцлагатай уул уурхайн хөгжүүлнэ гэж уриалга гаргасан. Уриалгын дагуу өөрсдөөсөө хариуцлагыг эхлүүлж байна. Хэдийгээр статистик тоо эерэг үзүүлэлт байгаа боловч сөрөг хүндрэлтэй зүйл гарч байна. Өөрөөр хэлбэл, салбар хоорондын уялдаа холбоо хүнд байгаа учраас бүтээн байгуулалттай салбарын уялдаа хамаарлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Мөн экспортын тээвэрлэлт урт дараалал үүсгэж байгаатай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өөрсдийн байр сууриа өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, БНХАУ-ын талтай яаралтай ширээний хоёр талд суух шаардлага байгаа. Энэ асуудал онцгой анхаарч ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.
Үүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-'Алт-2' хөтөлбөр цаашид үргэлжлэх үү. Энэ асуудал олон нийтийн дунд маргаантай асуудал үүсгэж байгаа. Яам цаашид ямар бодлого барих вэ?
-Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан 'Алт-2' хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлнэ. Ялангуяа бичил уурхай, гар аргаар алт олборлож байгаа хүмүүст хандсан эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах вэ гэдгийг дахин судлах, журамд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. 'Алт-2' хөтөлбөртэй холбоотой иргэдээс маш олон шүүмжлэл ирж буй. Ялангуяа гар аргаар алт олборлож буй иргэдийн алтыг Монголбанк худалдаж авах эрх зүйн зохицуулалт байхгүй учраас Монголбанкны удирдлагатай яриад, түргэн шуурхай иргэдээс худалдаж авдаг болох асуудлыг ярилцаж байгаа. "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд явж байгаа томоохон аж ахуйн нэгжүүд дампуурч, үйл ажиллагаа явуулахгүй байгаа газраа гар аргаар алт олборлогч нарт түрээслүүлж, алтны татвараас зайлсхийж байна. Энэ бол Эрүүгийн хариуцлага нөхцөл үүснэ. Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монголбанктай хамтран улсын хууль дүрэм зөрчиж байгаа байдалтай хатуу тэмцэнэ.
-Зөвшөөрөлгүй алт олборлож буй аж ахуй нэгжид ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Зөвшөөрөлгүй алт олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийн лицензийг ажлын хэсэг гаргаж, газар дээр нь холбогдох хүмүүстэй хамтарч, шалгана. Шаардлагатай тохиолдолд лицензийг цуцлах арга хэмжээ авна.
-Геологи хайгуулын лицензийг түр хойшлуулах чиглэл өгсөн талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
- Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар дээр тодорхой байдал үүссэн учраас түр хугацаагаар хойшлуулж, 11 дүгээр сарын сүүлээр бид дүрэм журмаа боловсруулж гаргахаар төлөвлөсөн байгаа. Геологийн эрэл хайгуул, ордуудыг нээж илрүүлэхтэй холбоотой асуудалд салбартаа мэргэшсэн, бодлого, хүний нөөц сайтай, санхүүгийн чадавх сайтай ААН-үүдтэй хамтран ажиллахад бэлэн. Ченжийн тогтолцооноос бид салах ёстой. Жишээ нь, тусгай зөвшөөрөлтэй холбоотой компаниудыг судлаад үзэхэд IT, эсвэл худалдааны компаниуд гээд чиглэлийн бус компаниуд маш олон лиценз авсан тохиолдол гарсан. Уул уурхайн салбар нь өөрөө зорьсон, чиглэсэн, Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж оролцоосой гэж би боддог. Уул уурхайн нөхөн сэргээлт хийдэг, орон нутагт бодитой хөрөнгө оруулалт хийж, нийгмийн асуудлыг шийдэх чадвартай компаниуд ажиллаж ёстой гэж бодож байна.
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд Ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгч тодорхой мэдээллийг үндэслэж хориг тавьсан байх. Хоригт бичсэнчлэн 30 гэр бүл олон лиценз эзэмшиж байгаа нь үнэн үү?
-Нэг талаасаа улс төр. Нөгөө талаас бодит байдлаар 30 гэр бүл тэр, энэ гэж би хэлж чадахгүй. Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирж байгаа 30 гэр бүл ямар учиртайг би мэдэхгүй. Миний зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт шалгалтын ажлын хэсэг байгуулж, өнөөдрөөс ажлыг нь эхлүүлж байгаа. Ер нь хэдэн хүн ашиглалт, хайгуулын лиценз олгож байгаа эсэх нь тодорхой гараад ирэх байх.
Г.НАРАН
Сэтгэгдэл байхгүй байна.