Хоёр толгойтой МАХН
Хоёр толгойтой мангас гээгүй шүү. Манайхан мушгиад давхидаг гэмтэй. Энэхүү жижиг залруулгын ард
МАХН-ын дотор болж буй үйл явц 2020 оны сонгуулийн бэлтгэл эхэлснийг харуулж буй талаар дор өгүүлье.
МАХН ба О.Баасанхүү гишүүн нэр дэвшүүлсэн намаасаа урвасан уу, энэ намын ганц гишүүн гэдэг амбицаараа гэдийсэн үү... Бидэнд нэг их хамаагүй. Энэ намын тогооноос хол, гишүүн бус хэн нэгэн үүнийг дэнслэн шүүж дүгнэхгүй. Сонгуульд чанартай оролцсон улс төрийн хүчнийх нь хувьд дотоод хямралыг нь жамаараа юу зохиомол уу гэдгийг таамаглаж болох юм.
Н.Энхбаяр ба О.Баасанхүү нарын анхны гар барилт ба тохироо энгийн. Нэг нь улс төрийн шалтгаантай гэх хэрэгт татагдан сэжигтэн байсан. Нөгөө нь хуульч тул түүнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан биз. Харин өрнөлөөр Н.Энхбаяр дарга нь оймсоо гозолзуулж, хуулийнханд салаавч өгч ид "од” байх үед нь сонгууль таарсан. Ерөнхийлөгчөөс хэрэгтэн болсон хүн хор шартай сонгуульдаж ойр бүхнээ татан нэр дэвшүүлсэн. Н.Энхбаярын өлсгөлөнг өмгөөлсөн бас өрөвдсөн сонгогчид тэр эрчээрээ бүлэг байгуулах шахам суудал өгчихсөн. Үнэндээ бол 2012 онд МАХН-д санал авчихаар мөрийн хөтөлбөр, одоогийнх шиг шинэ Үндсэн хуулийн эх энэ тэр байгаагүй. Зүгээр л унаж яваа эр хүн, хань нөхөд нь урвасан улстөрчийг татаад гаргах өмөөрөл дээр сонгуульд амжилт гаргаж суудал авсан.
Энэ савалгаан дунд өмгөөлөгч О.Баасанхүү нь гараад ирсэн. Ингээд няцашгүй зүтгэж байсан өмгөөлөгч нь улстөрч болсноор Н.Энхбаярын өмнө өртэй мэт болчихсон байх. О.Баасанхүү ба бусад гишүүд нь парламентад суугаад намын дарга ахдаа дунд хуруу өгсөн үү гэвэл үгүй харагддаг. Хотын төвөөс зуслан гарах мэт Сөүлд байнга очиж даргатайгаа хуралддаг зөвлөдөг байсан нь бүхний нүдэнд ил байсан. 2012-2016 он бол сар улирал бүр нь улс төрийн ээдрээтэй нөхцөлд байдлаар үргэлжилдэг. Бүлэгтэй , час хийсэн шантаажтай МАХН-ын хийх тоглолт их. Тэр бүрт Н.Энхбаяр даргынхаа бясалгасан өргийг улс төрийн тавцан дээр гардан хийдэг гишүүд дуулгавартай байлаа.
Ингээд АН засгаараа туг тахиж талцан үзэхэд Н. Энхбаяр даргынх нь нүүдэл байнга өөрчлөгдөж, үр дүнд нь гишүүд нь сайдын суудалтай үлдээд байв. Цагдаа энэ тэр явсан эмэгтэй барилгын сайд болчихож байв. Тэнгэрийн умдаг, зүтгээд байхаас ч яахав. Харин АН-тай хийсэн тохироогоор Н.Энхбаяр дарга нь сайдуудаа нэр цохох бүрт яагаад ч юм өнөө муу өмгөөлөгч гишүүнээ байнга мартчихдаг байсан. Энэ нь үнэнч дүүд нь гомдох сэтгэлийг бага багаар зангидсан ч байж болно. Үүнээс хойш О.Баасанхүү гишүүн өөрийн бодолтой хөдлөх гэж гэдийх болсон тул хаалгаа зад тийрүүлж, даргынхаа ойрын шадруудаас шанаа ч хүртэл авсан дуулддаг. Гэхдээ эрдэмтэй хүн дөлгөөн гэдгээр тэсээд суугаа харагддаг байлаа.
2012 оноос хойш хийсэн улс төрдөө ялгүй болох, засгийн танхимд орох зэрэг хувийн тоглолтдоо хэт анхаарсан дарга нь дараагийн сонгуульд өргөх намынхаа фонныг засахаа орхигдуулсан харагддаг. Сайд нар нь засгаас сугалагдах бүрт МАХН төр барихад яаж оролцоод байгаа нь бүрхэг болж, тун явцуу зорилготой улс төрийн хүчин болж нэр хүнд нь унасаар...Энэ хооронд даргатайгаа хөнгөхөн сөрчихөөд, хэвлэлд өөрийнхөөрөө дуугараад байсан О.Баасанхүү гишүүн харин хувийн имижээ бий болгож сонгуульдаа дориун бэлдсэнээ харуулсан. 2016 оны нэг тийш ханарсан сонголтод үлдсэн О.Баасанхүү үнэндээ АН-ын нэр дэвшигч байгаагүй нь аз болж, бас өөрийнхөө гишүүн байхдаа бий болгосон хуулийн мэдлэгтэй ярьчихдаг имиж дээрээ ялсан байх. Ямар ч байсан сонгуулийн эцсийн үр дүн ЯЛАЛТ гэдэг болзлыг тэр хангасан.
Дээр нь түүний ялалт өнчин хүүгийн өшиглөн цод болж, дараагийн сонгуульд халз үзэхээр зэхэж байсан хоёр намын дунд гурав дахь өрсөлдөгч нэр дэвшүүлэх болзлыг өөртөө хадгалсан ганц түшээ болсон. Энэ боломж дээр С.Ганбаатар сүйхээлэн орж ирээд хоёроор гарчих шахаж МАН-ыг сандаргав. Эхнээсээ С.Ганбаатарыг нэр дэвшихийг эрс эсэргүүцэж хурлаа орхисон О.Баасанхүү хожим намынхаа эсрэг явлаа гэж буруутгах нээнтэгийг даргадаа үлдээсэн. Энд онцлоход гаднаас ажиглаж буй хүмүүсийн хувьд ч О.Баасанхүүгийн босоо Ганбаад гаргаж буй амбицийг ойлгоход бэрх байсан.Учир нь С.Ганбаатараас өөр хэн нэгэн нэр дэвшихэд хүчтэй өрсөлдөгч болохгүй ба аль нэг талтай нь санал хуваах тохироо хийгдсэн ээлжит нэр зүүгч гараад ирлээ гэж харагдах байсан. Энэхүү Ганбааг үнэн дэмжихгүй гэж эсрэг байр суурьтай гэдийсэн нь О.Баасанхүүг үгэнд орохоо больсон буюу өөрийнхөөрөө явахаар болсныг Н.Энхбаярт дахин харуулсан байх. Энэ зангилаа далд хөвөрсөөр үр дүнд нь өнөөдөр нэг намын хоёр их хурал зарлагдчихаад байна. Шинэ, хуучин хоёр улстөрчийн дуугарвал дуу нэг байсан түүх ба буруу харалцах болсон учир зангилааг өнгөц харахад ийм.
Харин одоогийн үйл явдлын өрнөлийг харахад О.Баасанхүү намаасаа зүгээр явчихгүй бололтой. МАХН-ыг бүрэн эхээр нь биш гэхэд бөөр дотрыг нь сугалаад явахаар нүүдэл хийж буйг харуулж байна. Энэ алхмаараа О.Баасанхүү МАХН-ыг ХҮН-ын араас оруулах гээд байна уу, Н.Энхбаярыгаа аятайхан харьцдаг болгох барьцаа гаргаад байна уу гэдэг гол таавар. Энэ тааварт яаж хариулснаас О.Баасанхүүгийн цаана үнэхээр өөр гар, хатгаас байгаа юу, үгүй юу гэдэг хариултаа олно.
Нүхтийн тунхагаар МАН-ын гээсэн "Х” үсгэн дээр гол тулаан болж байсан шиг МАХН-ын цаасан дээр хараар буусан гишүүдийн нэрээр намынх нь талыг цавчаад авах улс төр хийж, Н.Энхбаяр даргадаа даруулга тавих нь ганцаардсан улстөрч хүнд байж болох хувилбар. Тэгээд ч өөрийг нь намын удирдлагын түвшний оролцооноос гадна гаргасны хариуд МАХН-ын их чуулганаа хуралдуулж, шинэ дарга сонгуулах дүрмийн гарцыг ашиглах бол бас улс төр. МАХН-ын их хурал өнөө маргаашүй болох гэж буй талаар хэвлэлийн хурал зарласны ард мэдээж О.Баасанхүү гишүүний дэмжлэг байгаа. Энэ нүүдэлд Н. Энхбаярын тал хоцорч нүүвэл ХҮН-ын араас орох аюул тун ойрхон. Үүнийг аль, аль тал нь мэдэрч нам зэрэг хэвлэлийн хурал зарлахыг бид харлаа. Тусгаарлагчдын дотор төв намаас тагнуул байгааг мөн харуулж өгөв.Үүний хамгаалалт болгож МАХН-ынхан дүрмийн өөрчлөлтөөрөө салан тусгаарлагчдаа дарж авах гэсэн боловч хол явсангүй. Дээд шүүхээс буцжээ.
Нөгөө талаас улс төрийн намууд тэр дундаа гуравдагч хүчний найдлага тээсэн МАХН үнэхээр өөрчлөгдөх хэрэгтэй болсныг энэ ил болсон хуваагдал харуулж буй. МАНАН гэж хашгирсаар бүгд МАНАН-г үзэн яддаг мэт. Бас бүгд МАНАН-гийн талынхан болсон энэ худал хуурмагт 2020 оны сонгуулиар ард түмний зүгээс барих жинтэй хариу бол гуравдагч хүчнийг гаргаж ирэх хувилбар. Одоохондоо энэ зайн дээр байж болох таамагт МАХН нэг-ээр байгаа. Үүнийг ерөнхийлөгчийн дахисан сонгууль харуулсан. Харин тэр цаг ирэхэд МАХН-ын орон зай ямар байх нь чухал тул дотоод асуудлыг нь ийнхүү хөндлөнгөөс харж бичлээ.
МАХН жоохон дугхийж байгаад 2020 оны сонгуульд гэнэт сэрж, дахиад ганц Ганбаагаа өмнөө бариад хандивдаад явахгүй нь тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулиар авсан дэмжигчдээ багцлах, намынхаа суурийг бэхжүүлэх, нэг хүний нам гэсэн нэр сэтрээсээ салгах. Бүрэн утгаар илэрлээ олоод буй явцуу хүрээллээс намаа гаргаж, аль болох хурднаар "нийгэмчлэх” нь энэ намаас харж буй дэмжигч гишүүдийнх нь хүлээлт. Харин одоо болж буй үйл явц бол яг үүний эсрэг явагдаж байна.
Нам гэсэн гишүүнчлэлтэй улс төрийн байгууллагаар тоглож байгаа бол дүрмийг нь зүгээр нэг дэвсээд хаячихаж болохгүйг МАХН-ын их чуулганы хоёр өөр тов сануулж байна. Үүний цаана төрийн санхүүжилт нэг намын 140 саяас гадна, О.Баасанхүү гишүүнтэй алдах юм бас МАХН-д байгаа. Энэ нам даргатайгаа хавсайдаж ганц гишүүнээ чимхээд байгаа нь нийгэмд төдий л таатай харагдахгүй. Үүнийг намынхан нь мэдэрч байгаа нь өчигдрийн Ц.Оюунбаатар даргын "О.Баасанхүүг намаасаа хөөгөөгүй” гэсэн мэдэгдлээр илэрлээ олсон.
МАХН бол нэг хүний буюу Н.Энхбаярын нам гэдгийг бүгд зөвшөөрдөг. Энэ нь тухайн үеийн сонгуулийн нөхцөл байдалд амь тариа болж байсан үе бий. Харин одоо бол энэ нь О.Баасанхүүгийн зүгээс өөрийнх нь эсрэг мандуулах туг болчихов. Энэ зөвтгөлөө хадгалсаар, Н.Энхбаяр дарга нь зөрүүлж нам дарахаар улайрсаар байвал О.Баасанхүү гишүүний хийж буй алхмууд урвалт хагалалт бус гуравдагч хүчнийг нэг хүний гарт үнэр орохоос нь өмнө аврах хөдөлгөөн гэж харагдан нэр цэвэр өргөжиж болно. МАХН-ыг хоёр толгойтой болгож мэдэх даргын ивээлгүй зарлагдсан их чуулганыг Төрийн ордонд товолсон байгаа нь ч онцгой л сонсогдож байна.
Зарлаад буй дээд хурал нь болж, О.Баасанхүүг намын даргаар зарласнаар Н.Энхбаяр нь их сандрахгүй. Шүүхээр явж удаан заалдах ч ойлгомжгүй нөхцөл байдал үүснэ. Эцсийн дүндээ нэг намын доторх хуваагдлаар энэ намынхан ярьж тунхаглаад байдаг үнэт зүйлээ алдана. Үнэндээ өөрсдийнх нь хэлээд байгаачлан дотроо үзээд мааниа уншуулсан ХҮН-ын түүх давтагдана.
Энэ зургаар төгсгөлийг харвал хуваагдлын эзэн буруутан О.Баасанхүү биш. Дахиад өнөөх тарж бутарсан ХҮН-ын дотор зогсож байсан үйлт Ганбаа тэнд нь бас л зогсож таарах юм. Үүгээр дараа даагаа нэхнэ гээд зарлаад байгаа босоогийн нэр хүнд ч хэвтээд өгөх юм. Энэ мэт улс төрийн холын нүүдэл энэ намыг ээрч байгаа. Үр дүнд нь МАХН-ын хагарлыг өрдөн шарсаар 2020 оны сонгуульд хиам зууш болгон залгих хоёр намын хүсэл төгс биелнэ.
Зөв менежмэнттэй байвал нэг хүний нэрээр сонгуульд гээгдэхгүй үлдэж болохыг 2012 онд Н.Энхбаяр улстөрч харуулж байсан бол мөнгө муутай ч ялчихаж болох итгэлийг С.Ганбаатар төрүүлсэн. Харин 2020 онд Н. Энхбаярын нам гэдэг нэрээр ялахгүй гэдэгт бол бооцоо тавих хүн олон болно. Өнгөрсөн хоёр сонгуулийн үйл явцаараа "Нэг хүний нам гэдэг” тодорхойлолтоор МАХН дэндүү баян болсныг энд нурших юун. Энэ сул талаар нь өрсөлдөгчид нь оролдож байгааг тэд сайн мэдэрч байна.
Пүрэвжавын Баярхүү / тоймч/
Эх сурвалж: http://www.shuud.mn/content/read/491571.htm
Сэтгэгдэл байхгүй байна.