БНСУ-д хууль бусаар ажиллаж байгаа иргэдийг баривчилж эхэлжээ
Монголчуудын очиж "мөнгө хийдэг” улс бол БНСУ. Гэвч монголчуудын тэнд очиж ажиллах боломж тийм ч сайн биш болж байна. Тухайлбал, хэд хоногийн өмнөөс БНСУ-д хараар буюу хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэдийг албадан гаргах болсон талаар тус улсын Гадаадын харъяат эрхэлсэн газраас мэдэгдээд байгаа билээ. Хэрэв тус улсад хараар ажиллаж амьдарч буй иргэн өөрөө сайн дураар нутаг буцах боломж олгож байгаа аж.
Ийм баривчилгааны үеэр гадаадын иргэдийг хууль бусаар ажиллуулж байсан нь илэрвэл тухайн байгууллагыг 20 сая воноор торгох төдийгүй дахин гадаадын иргэн ажиллуулах эрхийг нь хасна гэсэн хатуу шалгуур тавьж байгаа гэнэ. Ингэснээр тэнд ажлын байрны хяналт хүчтэй, үалгуур өндөр болж байгаа аж.
Монголоос БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа 42 мянган иргэн бий гэсэн дүн байдаг. Үүнээс хараар ажиллаж буй иргэдийн тоо 10 мянга орчим байдаг гэсэн мэдээлэл бий. Гэхдээ энэ бол яг нарийн тоо биш.
Дээрхи баривчилгаатай холбоотойгоор БНСУ руу зорчих хүсэлт бүхий иргэд дансандаа таван сая төгрөг байршуулахыг болиулсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр гарч байгаа ч энэ мэдээллийг албаны эх сурвалж үгүйсгэж байгаа юм.
Удахгүй ирэх оны хоёрдугаар сард Пёнчоны өвлийн олимп эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор хууль бусаар ажиллаж байгаа гадаадын иргэдийг албадан гаргах ажиллагаа идэвхжиж байгаа гэх мэдээлэл бас байна.
П.Булган