Солонгос улсад ажиллаж буй монголчуудын цалин тэтгэмжийг нөхөж олгуулна
Дөнгөж сая MN мэдээллийн төвд солонгос улсад ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах, ажлын хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар БНСУ-ын хуулийн фирмээс мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монголын "Today Lounge” болон БНСУ-ын "Daeyu” хуулийн ферм хамтран ажиллах санамж бичит гарын үсэг зуржээ. "Today Lounge” компанийн дэд захирал Б.Ариунболд хэлэхдээ "БНСУ-д монголчууд хуулийн дагуу болон хууль бусаар ажиллаж хөдөлмөрлөж, амьдарч байна. Тэд тус улсын Хөдөлмөрийн тухай хуулийг сайн мэдэхгүйгээсээ болж цалин хөлсөө авч чадахгүй, эсвэл үйлдвэрийн осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирч, зүй бусаар ажлаасаа халагдаж байна. Тиймээс иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс БНСУ-ын "Daeyu” товчоо болон "Today Lounge” компани хамтран ажиллахаар боллоо” гэсэн юм.
Харин Солонгосын талын Хөдөлмөрийн харилцааны өмгөөлөгч И Гуан Сү хэлэхдээ "Би хоёр зүйлийг л онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт, БНСУ хуулиараа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 хоногт 40 цаг ажиллана гэж тооцоолоод сард 1 сая 260 мянган вонн гэж тогтоосон байдаг. Үүнтэй уялдуулан хөдөлмөрийн хөлснөөс доод хэмжээнээс бага цалин авч байгаа ажилчдын зөрүүг нь авч өгөх, эрхийг нь хамгаалж ажиллаж байна. Мөн хуулийн дагуу ажлаас халагдсаны тэтгэмжийг нь авч өгдөг.
Хоёрдугаарт, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг нэг жилээс дээш хугацаанд ажилласан бол нэг сарын цалинтай тэнцэхүйц цалинг олгодог хуультай. Гэвч энэхүү тэтгэмжийг дийлэнх тохиолдолд авч чаддаггүй учир монгол ажилчдын эрх үүргийг хамгаалахын тулд энэхүү хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Ингэснээр Солонгос улсад ажиллаж байгаад Монголдоо ирсэн иргэд ч авч чадаагүй цалингаа нөхөн авах боломжтой юм. Гэхдээ авч чадаагүй цалин, тэтгэмжийг нэхэмжлэх хугацаа нь гурван жил байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй юм” гэлээ.
Мөн түүнчлэн үйлдвэрийн осол эндэгдэлд өртвөл үед ч хуулийн товчоогоор дамжуулан нэхэмжлэх эрхтэй бөгөөд дээрх эрх нь хууль бусаар оршин сууж буй монголчуудад ч мөн адил хамаарах юм байна. Өргөдлийн хувьд Монгол болон Солонгосын талд аль алинд нь гаргах боломжтой бөгөөд монголд ирсэн бол "Today Lounge" компанид хүсэлт гаргах боломжтой.
Дашрамд дурдахад, БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр болон хууль бусаар ажиллаж амьдарч байгаа 30-40 мянган монголчууд байгаа аж. "Daeyu” товчоо нь жилдээ 300 гаруй хэрэг дээр ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.