Бурууд нүд хурц! Бусармаг анчдыг ”байхгүй” болтол нь шэйрлээд өг
Алсан чонынхоо цусыг савируулан машиныхаа хамар дээр тохоод хотын төвөөр давхих нэгэн, талын зээрийн хөлийн хурдыг нь эцээн байж төмөр хүлгээр дайрч алж байгаа хөгийн залуус, зэрлэг гахайг тарчлаан тарчлаан алчихаад тэвэрч ирээд л зургаа даруулсан тэрс залуу, өчнөөн халуун амь тасалчихаад өчүүхэн ч болов өрөвдсөн шинжгүй цус нөжийг нь харан баясах балмад этгээдүүдийн зураг, дүрс бичлэгийг интернэтээс олж хараад халаглах сэтгэл өөрийн эрхгүй төрөх...
Амьтны амийг тасалчихаад ажирсан ч юмгүй, аархаж байгаа "анч" хэмээх алуурчдын тухай яг жилийн өмнө бичиж байлаа. Ахиад энэ тухай асуудлыг хөндөхгүй бол хөөрхий амьтдаар зугаа хийгээд зогсохгүй цус асгарсан зургийг нь сошиалд тавьдаг нөхдүүд нэлээн олон бололтой. Хүний үнэр гээч зүйл тэдэнд байна уу.
Мал муулахаа хүртэл хүүхдэдээ үзүүлдэггүй монгол уламжлал минь хаачив. Амьтны амийг таслах хэчнээн муухай зүйл болох, байгаль дэлхийдээ энэ амьтад байсан бол хэчнээн хэрэгтэй билээ, экологийн тэнцвэрт байдалд ан амьтны оролцоо хэчнээн чухал болох, амьд бүхний амь амьдрал бидний амьдралаас ялгаа нь юусан билээ гэх бодол ганцхан надад ч бус өөр бусад мянга, мянган хүний толгойд зургийг хараад зурсхийсэн нь лавтай.
Магадгүй амьтныг хайрлан хамгаалах сэрэл сэдлийг интернэтэд тавигдсан энэ зургуудаас хүмүүс мэдэрч байгаа нь ямар ч сургалт семинараас илүү үр дүнтэй юм шиг надад санагдлаа. Тийм болохоор зэрлэг ан амьтнаа хамгаалах, хууль бус ангийн хэргийг багасгахын тулд фэйсбүүк, твиттер, цахим хуудас, сонин хэвлэлийг сайтар ашиглах нь хамгийн оновчтой арга болохоор байна. Байхаар барах уу Улсын мөрдөн байцаах газраас он гарсаар хууль бус ангийн дөрвөн ч хэргийг цахим хуудас дээр тавигдсан зургаар мөрдөж илрүүлснийг ч албаны хүний амнаас сонслоо. Хэрвээ тийм зураг интернэтэд тавигдаагүй байсан бол тэр хэрэг илрэхгүй, илрэх нь бүү хэл тийм төрлийн гэмт хэрэг дахин дахин гарах нь ойлгомжтой.
Бидний мэдэх төрийн түшээд, олны дунд "од” хэмээгдэх эрхмүүд хүртэл алсан амьтныхаа зургийг аархалтай нь аргагүй интернэтэд тавьсан байдаг. Тэдний тийм харгис араншин хийгээд хуулийг гууль болгож явдаг үнэн төрхийг зургийг нь харж байж л хүмүүс сая хэн болохыг нь ойлгосон. Бурууд нүд хурц гэдэг. Тийм болохоор бусармаг ийм төрлийн анчдыг "байхгүй” болтол нь шэйрлээд өгөхийг уриалж байна.
Тархийг нь зад буудаж, цус нөжтэй нь хольсон чонын дэргэд зургаа авахуулсан нэгэн эрхэм гишүүн патиарынхаа ард "Ан хийж хийморио сэргээв. Төдөн сарын төдөн” гэснийг нь хэдэн жилийн өмнө харж байлаа. Яаж ч бодоод амьтан алахаар хийморь сэргэдэг гэх ойлголт байж боломгүй санагдах.
Гэтэл эгэл иргэн бас ийнхүү зургаа авахуулсан байхыг саяхан хараад бас л бодолдоо дарагдав. Тэрбээр мөн л хийморь сэргээсэн тухай татлан бичжээ. Ан хийх, амьтан алах харин ч нүгэл санагдана. Монголчууд ан хийдэг хүнийг "Нүгэлт хар гөрөөчин” гэж зүгээр ч нэг нэрлээгүй нь лавтай.
Хууль бус ан хийвэл дараах торгуультай
Хууль бус ан агнуур гэдэг нь нотлогдсон тохиолдолд гэрэл зураг дээрх хүмүүс хуулийн хариуцлага хүлээнэ. Тухайлбал хууль бусаар саарал чоно агнасан тохиолдолд 1.2 сая, хүрэн баавгай агнавал 15 сая, зэрлэг гахай агнасан тохиолдолд 1.4 сая, цагаан зээр агнасан бол 1.1 сая төгрөгөөр торгоно. Түүнчлэн эрүүгийн хэрэг үүсгэн таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.