Б.БЭЛГҮТЭЙ: NEXT STOP ирээдүйн бүтээгч залуусыг тодруулна
Next Stop ёслол хүндэтгэлийн наадмыг анх 1992 онд зохион байгуулснаас хойш 25 жил өнгөрчээ. Монгол улсын хөгжил дэвшилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тэдний дундаас залуу удирдагч, нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн шилдэг залуучуудыг тодруулдаг уламжлалтай наадмыг Монголын залуучуудын холбоо, "Залуу удирдагч сан” хамтран зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ удаагийн NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадмын 25 жилийн ой ямар онцлогтой зохион байгуулагдаж байгаа талаар Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэйтэй ярилцлаа.
Энэ наадам зохион байгуулагдаад 25 жил болжээ. Анх зохион байгуулагдаж байсан түүхэн үеийн талаар яриагаа эхлэх үү?
-25 жилийн өмнө буюу 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж нийгэм, улс төрийн өөрчлөлт баталгаажсан. Мөн Залуучуудын байгууллага өөрчлөн зохион байгуулалтад ороод удаагүй байсан үе. Монголын Залуучуудын Холбоо NEXT STOP наадмыг тухайн цаг үеийн нийгэм улс төр, эдийн засаг, бизнесийн шилдэг залуусаас бүрдсэн "Залуу Удирдагч” сантай хамтран зохион байгуулж эхэлсэн байдаг. 1992 оны 12-р сарын 31-ны үдэш NEXT STOP оны залуу тодруулах анхны ёслол хүндэтгэлийн наадамд Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуай оролцож үг хэлэхдээ энэ шилжилтийн цаг үеийн хамгийн тансаг харшийн наадам энэ байна гэсэн байдаг. Тэр цагаас хойш 25 жил өнгөрч 30 оны залуу тодорсон юм.
-Тухайн цаг үеийнхээ шилдэг улс төрч, бизнесмэнийг тодруулдгаараа энэ наадам онцлогтой. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ямар ямар хүмүүс тодорсон бэ?
-1992 онд Ц.Элбэгдорж, Н.Золжаргал, 1993 онд Б.Батбаяр, Р.Амаржаргал, 1994 онд Б.Дэлгэрмаа, Х.Баттулга, 1995 онд Х.Хулан, Л.Болд, 1996 онд Э.Бат-Үүл, Б.Жаргалсайхан, 1997 онд Н.Энхбаяр, Д.Дорлигжав, 1998 онд Н.Алтанхуяг, Д.Ганболд, 1999 онд З.Энхболд, Ж.Үнэнбат, 2000 онд Н.Баяртсайхан, Ж.Оджаргал, 2001 онд Л.Гүндалай, Д.Баясгалан, 2003 онд М.Энхболд, О.Баяр, 2004 онд У.Барсболд, П.Батсайхан, 2012 онд Х.Тэмүүжин, Б.Бямбасайхан, 2013 онд Ц.Оюундарь, Т.Лхагвадорж, 2014 онд Л.Гантөмөр, О.Амартүвшин нар тодорсон байдаг. Эдгээр хүмүүсийн амжилт, түүхийг ярих нь илүүц байх гэхдээ тухай цаг үед тэд жирийн л нэг идэвх санаачлагатай, хичээл зүтгэлтэй, юм хийе, бүтээе гэсэн хүсэл зорилготой ирээдүйрүү тэмүүлсэн залуус байсан. Тэдний дундаас Монгол Улсын Ерөнхийлөгч 3, УИХ-ын гишүүн 19, Ерөнхий сайд 6, Сайд 15, Монгол Банкны Ерөнхийлөгч 2, бизнесийн эзэд төрөн гарсан нь "Next stop” оны залуу шалгаруулах ёслол хүндэтгэлийн наадмын нэр хүнд, чансааг харуулж байна.
-NEXT STOP наадмын үнэ цэнэ нь юундаа оршдог вэ?
-Нэгдүгээрт NEXT STOP наадмыг үе үеийн оны залуучууд нь чимж байдаг. Хоёрдугаарт Монгол Улсад зохион байгуулагддаг хамгийн гоёмсог салбар салбарын тэргүүний залуучууд оролцдог оны тэргүүн шинэ жил гэдгээр нь хүмүүс мэддэг.
-Нэр дэвшигчдэд ямар шаардлага тавигдаж байгаа вэ. Хэрхэн шалгаруулдаг бэ?
-Нэр дэвшүүлэлт 12 Олон нийтээс онлайнаар болон цаасан хэлбэрээр санал авч 12 -р сарын 1 -ээс 12-р сарын 15-ны өдрүүдэд үргэлжилсэн. Нэр дэвшүүлэлт дууссанаас хойш энэ сарын 28 хүртэл онлайнаар буюу олон нийтийн санал хураалтыг эхлүүлсэн байгаа юм. Олон нийт 1000 гаруй хүнийг нэр дэвшүүсэн. Олон нийтийн санал асуулга шалгаруулалтанд 20 хувь нөлөөлөх бөгөөд Монголын халамжлан хүмүүжүүлэгчдийн холбоо, Монголын сэхээтний холбоо, Их Монгол хүүхдийн холбоо удирдлагуудын саналаар буюу өөрөөр хэлбэл ахмад, хүүхэд, сэхээтний төлөөллүүдийн саналаар номинаци тус бүр дээр 33 нэр дэвшигчийг шигших бөгөөд үүнээс "Залуу удирдагч” сангийн Шагналтнуудын хорооны /Өмнөх 25 жилийн 30 Оны залуу/ саналаар салбар тус бүр дээр 21 нэр дэвшигчийг шигшинэ. Ингээд 21 нэр дэвшигчдээс "Залуу удирдагч” сангийн Удирдах хорооны саналаар салбар тус бүр дээр 13 нэр дэвшигч шигшигдэх юм. Шалгарсан 52 эрхмүүдээс МЗХ, Их монгол язгууртан ТББ-ын удирдлагын багийн саналаар номинац тус бүр дээр 9 нэр дэвшигч буюу нийт 36 нэр дэвшигчийг тодруулна. Эдгээр нэр дэвшигчид маань 12-р сарын 30-ны өдөр Шангри Ла Улаанбаатар зочид буудалд болох NEXT STOP 25 жилийн ойн наадамд оролцож буй 500 хүний олонхийн саналаар дөрвөн эрхмээ тодруулж, "Алтан Гэрэгэ”-г гардуулах болно.
-Шалгарсан оныг залууг ямар шагнал, урамшуулал хүлээж байгаа бол?
-Уламжлал ёсоор оны залуугийн шагнал болох "Алтан Гэрэгэ”-г хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгнө. Оны залуус болсон эрхмүүд маань 2018 ондоо багтан залуучууддаа өөрсдийн үгээ хэлж, оны залуугийн лекцээ уншина. Мөн номинац тус бүрд эхний 33-т орсон эрхмүүдийг NEXT STOP наадамдаа урьж оролцуулах бөгөөд БАТЛАМЖ хадгалуулна. Наадамд хүндэтгэх шалтгаангүйгээр биечлэн оролцохгүй тохиолдолд удаах нэр дэвшигчид батламжийг олгоно. 2017 оны залуугаар тодорсон залуус бол Монгол Улсын ирээдүйн өнгийг тодорхойлох ийм залуучууд байх ёстой. Ийм залуучуудыг тодруулахыг зохион байгуулагчдын зүгээс хүсч, хичээн ажиллаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.