Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг "Ногоон торгон тууз" дээр БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол хүн бүр 10 ширхэг мод тарих уриалга бичиж үлдээлээ
БОАЖ-ын яам, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа "Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна.
Өдөрлөгт БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол оролцож, байгаль орчинд ээлтэй, тэр дундаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ашиглаж болох бүтээгдэхүүн, техник, технологитой танилцсан юм.
Түүнээс гадна тэрбээр энэ үеэр дэлхийн улс орнуудаар түүчээлсээр Монгол Улсад ирсэн "Ногоон торгон тууз” дээр уриалга бичиж үлдээлээ. "Ногоон торгон тууз”-ыг "Эх дэлхийн цэвэр агаар, цэнгэг ус, ногоон төгөл” нийгэмлэгийн тэргүүн, Канад улсын иргэн Сатиш Сайха санаачилсан бөгөөд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн юм. Мөн уг үйл ажиллагаанд тус нийгэмлэгийн гишүүн мисс Б.Гантогоо болон монголын бяцхан мисс охидууд оролцлоо.
"Ногоон торгон тууз”-ын хувьд жилээс жилд эрчимжиж байгаа уур амьсгалын өөрчлөлттэй дэлхий нийтээрээ тэмцэхийг уриалдаг бөгөөд дэлхийн хэмжээний урлаг, спорт, улс төр, бизнесийн нэр хүндтэй төлөөлөл оролцон, дуу хоолойгоо илэрхийлж, мессеж, уриалгаа ногоон торгон дээр бичиж, бодит хандив тусламж оруулдаг ач холбогдолтой юм.
Тэгвэл БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол уг "Ногоон торгон тууз” дээр хүн бүр 10 ширхэг мод тарихыг уриаллаа. Тэрбээр "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон аянд нэгдэж, хүн бүр 10 ширхэг мод тарихыг уриалж байна” хэмээн бичсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.