Р.Булгамаа: Г.Номуундарийн ярьсантай холбоотой ноцтой баримтыг дэлгэнэ

0

Р.Булгамаа: Г.Номуундарийн ярьсантай холбоотой ноцтой баримтыг дэлгэнэ

 

Цахим орчинд өөрийгөө хүчирхийллийн хохирогч хэмээн зарласан Г.Номуундарь охины өмгөөлөгч, хуульч Р.Булгамаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Цахим орчин өсвөр үеийг гэмт хэргийн хохирогч, холбогдогч болоход нөлөөлж байна гэж та хэллээ. Үүнийгээ тодруулна уу?

-Цахим эрхзүйн орчныг илүү боловсронгуй болгох талд хамтарч ажиллах санал санаачилга гарч байна. Анхаарал татаж буй гол асуудал нь хүүхдүүд бие биедээ бичиж байгаа эсвэл томчуудын бичсэн зүйлийг цааш нь түгээж байгаа нь зөрчил гэдгээ сайн мэдэхүй байна. Цахим эрх зүйн орчинд хүний нэр хүндэд халдаж, гүтгэн доромжилж болохгүй гэдэг ёс суртахууны хүмүүжил төлөвшил олгох нь хамгийн чухал. Зөрчил гаргасан хүнд хүлээлгэх хуулийн хариуцлага, хаана хандах, хэн шалгаж тогтоох вэ гэдэг дараагийн асуудал.

Гадаадын улс орнуудын туршлагаас харвал цахим орчинд бүртгэлтэй хаягнаас өөрийнхөө оролцоог илэрхийлдэг. Гэтэл манайд хяналт байхгүй өсвөр насны хүүхдүүд гүтгэлэг доромжлолын асуудалд татагдан оролцох боломжийг нь бүрдүүлсэн гэж үздэг. Тиймээс эрхзүйн зохицуулалтыг илүү боловсронгуй болгоход анхаарах ёстой. Цахим орчинд хүүхдүүд гэм буруутан болж төлөвших учиргүй. Хүмүүжил төлөвшлийн доголдлыг энэ орчноос авах ёсгүй. Тэднийг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх орчин нөхцөлийг томчууд бүрдүүлэх учиртай.

 -Та Г.Номуундарь охины өмгөөлөгчөөр ажиллаж байгаа гэсэн үү?

-Хуульчдын баг мэдээлэл хийнэ. Бид холбогдох  байгууллагуудад хандсан байгаа. Тиймээс дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.

-Хохирогч охины ар гэрээс гомдол гаргасан уу?

-Энэ тухай арав хоног цахим орчинд шуугьсан. Хохирогчийн ар гэрээс гомдол гаргасан байгаа. Өнөөдөр хохирогчийн зүгээс нотлох баримттайгаар хэвлэлийн хурал хийнэ.

-Цагдаагийн байгууллага шалгаж байна гэж мэдээлсэн. Хэний гомдлоор шалгаж байгаа вэ?

-Цагдаагийн ерөнхий газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгаж байгаа. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй.

-Ямар үндэслэлээр хандаж байгаа юм бол?

-Хүчиндсэн гэмт хэргийн гол хохирогч гэдэг үндэслэлээр хандаж байгаа. Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд Улсын Ерөнхий Прокурорын газрын Xэвлэл, мэдээлэл хариуцсан Хяналтын прокурор Ц.Өлзийжаргал үүнтэй холбогдуулан мэдээлэл хийсэн. Хэзээ ч хэрэг явдал тогтоогдоогүй байхад Прокурор, хууль хяналтын байгууллага мэдээлэл хийх ёсгүй. Үүнийг ёс зүйн зөрчил гэж харж байгаа. Нэгэнт хэрэг гарснаас хойш хоёр жил өнгөрсөн учраас шүүх хүчиндсэн эсэхийг тогтоох боломжгүй.

Гэхдээ бүх нотолгоо баримт байгаа гэдгийг онцлон тэмдэглэе. Гэрчүүдийн мэдүүлэг, хаана болсон гэдгийг нотолно. Гэтэл Прокурорын байгууллагаас ийм гоомой зүйл хийж байгаад харамсаж байна. Тиймээс манай хуульчдын баг мэдээлэл хийсэн хүнд хариуцлага тооцуулахаар хандана. Ийм жишиг байж болохгүй. Сэтгэлийн дотоод хөөрлөөр хандах асуудал биш.

-Хар тамхитай холбоотой хэмээн олон хүүхдийн нэр дурдагдсан. Тэднийг сэжигтнээр татсан уу?

-Бидэнд ирсэн мэдээллээр хүүхдүүдийг гадаад руу хил давуулсан гэж байна. Уг нь энэ мэдээлэл гарсан даруй цагдаагийн байгууллага хохирогч болон сэжигтнүүдэд хилийн хориг тогтоох ёстой. Гэтэл манайхан хил давуулаад нисгэсэн байна. Ялангуяа хар тамхинд донтсон хүмүүсийг өөрийг нь байлгаж шинжилгээ авахгүй бол юугаар тэднийг хар тамхи татдаг гэж нотлох юм. Энэ мэтчилэн олон асуудлыг олон нийтэд мэдээлнэ.

Ц.БАЯР, ЗУУНЫ МЭДЭЭ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.