Г.Бясман:Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татан шалгаж байгаа болохоос яллагдагчаар татаагүй
Өнөөдөр УЕП-ын газраас энэ оны эхний долоон сарын ажлын тайлан мэдээлэл болон олны анхаарлын төвд байгаа хэргүүд болон хэрхэн шийдвэрлэгдсэн талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийг УЕП-ын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат болон Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.Бясман нар мэдээлэл өгсөн юм. Ингээд олны анхаарлын төвд зүй ёсоор орж буй УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон түүний зөвлөх асан А.Гансүх нарын төмөр замтай холбоотой авлига албан тушаалтны хэргийг тодруулав.
Хэргийн тухайд тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар, Авилгатай тэмцэх газраас хамтарсан ажлын хэсэг гарч, Гашуун сухайт-Ухаа худаг чиглэлийн 267 километр төмөр замтай холбоотой хэргийг шалгаж байгаа билээ. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, үргэлжилж буй гэх мэдээлэл бий. Харин Х.Баттулга олимпид оролцохоор явсан тул мөрдөн байцаалтын ажиллагааг түр хойшлуулсан байдалтай байгаа ажээ.
Энэ талаар прокурор Г.Бясман " "Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан нь үнэн. Үүнтэй холбоотойгоор А.Гансүх одоогоор эх орондоо байгаа.
Харин УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан.” гэж тайлбарласан юм. УИХ-ын экс даргын зөвлөхөөр ажиллаж байсан А.Гансүхийг Эрүүгийн хуулийн 263.2 дугаар зүйл заалтаар буруутган сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол Х.Баттулгад ЭХ-ийн тусгай ангийн 263.2-т зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зүйл заалтаар буруутгасан байгаа ажээ.
О.Сайхан