Ц.Нямдорж “Топор”-ыг ялж, Х.Баттулгын бүлэглэлд дайн зарлав
Хэвлэлд мэдээлсэнчлэн 2017 оны сүүлчээр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн ч ямар нэгэн шийдэлд хүрэлгүй өнгөрчээ. Үүнээс улбаалаад "Эрдэнэт”-ийн асуудлыг шийдэж чадсангүй гэх шалтгаанаар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж зарим гишүүдийн шахалтад орсон аж. Ингэхдээ шахаанд орсон Ц.Нямдорж хэрэв "Эрдэнэт”-ийн асуудлыг шийдэхгүй бол энэ Засгийн газраас гарна, хүлээж бай гэсэн хариултыг гишүүдэд өгсөн гэх.
Тэгвэл өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг төрд эргүүлэн авах шийдвэр гаргасан нь олон хүнийг баярлуулж, цөөн хэдэн хүнийг гонсойлголоо.
Нөгөөтэйгүүр Эрдэнэтийг төрийн мэдэлд авснаараа Ц.Нямдорж хэлсэн амандаа хүрч, Засгийн газраас гарахгүй байх болзлоо хангав. Учир нь тэр С.Зоригийн хэргийг эцэс болгож, Эрдэнэтийг төрд эргүүлэн авна гэх амлалтыг олон нийтэд өгч сайд болсон нэгэн юм.
Засгийн газрын шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын сайд Г.Занданшатар, "Үндсэн хуулийн 45.3-т Засгийн газар хуульд нийцээгүй шийдвэр гаргасан бол Засгийн газар өөрөө түүнийг хуульд нийцүүлж шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Засгийн газар нийтийн, улс орны, ард түмний, язгуур эрх ашгийг дээдэлж ажиллах ёстой. Энэ хүрээндээ ард түмний хүсэл сонирхол, эрмэлзэл, шаардлага, УИХ-ын тогтоолыг Засгийн газар биелүүлэх ёстой. Тухайлбал, ОХУ-ын талд 49 хувийг авахдаа 400 сая 270 мянган ам.долларыг "Монголын зэс корпораци" төлсөн. Үүнийг хийхдээ Хөгжлийн банкнаас ХХБ-нд олгож байсан зээлүүд, Монголбанкнаас ХХБ-нд олгосон зээлүүд, Сэлэнгэ аймагт орших концессын гэрээ түүний 217 тэрбум төгрөгийг хүчингүй болгож суутгалд оруулна. Ингэснээр 1 их наяд 340 тэрбум төгрөгийг харилцан суутгах шийдвэр гаргалаа” гэх тайлбарыг өгчээ.
1.3 их наяд төгрөгөөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ийнхүү төрд эргүүлэн авсаныг тоймдын зүгээс У.Хүрэлсүхийн Засгийн газар Улсын дээд шүүхийн шийдвэрийг үл ойшоож, Х.Баттулгын бүлэглэлд дайн зарлалаа хэмээн бичиж байна. Магад ч үгүй үнэний ортой байх.
Эх сурвалжаас авсан мэдээллээр Эрдэнэтийн 49 хувийг төрд буцаан авах шийдвэр гаргахгүй бол Засгийн газраас гарах болно хэмээн Ц.Нямдоржийн зүгээс У.Хүрэлсүхэд шахалт үзүүлсэн болох нь үнэн гэнэ. Өчигдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг харахад Ц.Нямдорж энэ удаад ялалт байгуулж, Топор хочит У.Хүрэлсүх түүнд буулт хийсэн аж. Өөрөөр хэлбэл Ц.Нямдоржийн У.Хүрэлсүхийн Засгийн газарт байх үнэ өртөг нь Эрдэнэтийн 49 хувьтай дүйж буй 1.3 их наяд төгрөг бололтой.
Х.Онон
Сэтгэгдэл байхгүй байна.