Эрүүл мэндээсээ гар татдаг монголчууд
Хүйтний улирал бол монголчууд эрүүл мэнддээ хэр анхаарал тавьдаг вэ гэдгийг тод томруун харуулдаг цаг. Энд тэндгүй ханиад шуухнаа хүрч, дархлаа нь муудсан хүмүүс харагдана. Монголчуудын эрүүл мэнд 1990 онтой харьцуулахад илт сайжирсан ч, урьдчилан сэргийлж болохуйц өвчнөөр шаналж, эд хөрөнгө, амь насаа гарзаддаг нийтлэг дүр зураг өөрчлөгдсөнгүй. Зүрх судас, амьсгалын зам, хоол боловсруулах болон бэлгийн тогтолцооны өвчлөл улам залуужиж, илүү өргөн хүрээг хамрах боллоо. 2006 онд хоол боловсруулах тогтолцооны өвчин 10 мянган хүн ам тутамд 729.6 байсан бол 10 жилийн дараа 1231.4 болж нэмэгджээ.
Монголчууд хэрэгцээнийхээ 2-5 хувийг л эрүүл мэнддээ зарцуулдаг
Мөн энэ хугацаанд зүрх, судасны өвчтэй иргэдийн тоо хоёр дахин өссөн зэрэг таагүй мэдээллийг олноор нь дурдаж болохоор байна. Бид автомашинаа жил бүрийн улсын үзлэгт хамруулдаг ч өвдөөд, хэвтэрт орохоос нааш эмчид очдоггүй. Автомашинаа эвдрэхээр тэр даруйд сэлбэгийг нь сольж, засдаг ч биеэ өвдвөл тартагтаа тултал нь явсаар эмнэлэг барааддаг нь олон. Монголчуудын сарын төсөв рүү өнгийхөд ч энэ дүр зураг харагдана. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзвэл монголчууд эрүүл мэнддээ сард дунджаар 11.3 мянган төгрөг зарцуулж байна. Энэ нь нэг хүн хэрэгцээндээ зарцуулдаг сарын төсвийн таван хувьд ч хүрэхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг хүн жилд дунджаар 948 ам.доллар буюу 2.3 сая төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа гаргажээ.
Харин монголчуудын эрүүл мэнддээ хийж буй хөрөнгө оруулалт үүнээс 17.4 дахин бага буюу 132 мянган төгрөг байна. Энэ хэмжээ орлогын түвшин буурах тусам улам л багасаж, оршуулганы зардал нэмнэ. Манай улсын хүн амын гуравны нэгийг эзэлж буй ядуу иргэд сард дөнгөж 2278 төгрөг зарцуулж байна. Энэ нь нийт сарын хэрэгцээнийх нь 2.1 хувь юм. Харин ядуу бус иргэд 15215 төгрөгийг эрүүл мэнддээ зарцуулдаг нь нийт хэрэгцээнийх нь 5.2 хувийг эзэлж байгаа нь дэндүү чамлалтай. Эндээс л монголчууд эрүүл мэндээ хэрхэн хөсөр хаяж, үл тоодог нь харагдана. Албан байгууллагууд ч ажилтнаа өвчтэй байхыг ажилд тасалсанд тооцох нь энүүхэнд. Ажилтан эрүүл байвал ажлын бүтээмж дээшилнэ гэдгийг ухаардаггүй. Тэдний эрүүл мэндэд анхаарах нь байтугай, өвчнөө эмчлүүлэх, эмнэлэгт үзүүлэх цаг гаргаж өгдөггүй буруу хандлага олон жил үргэлжилж байгаа нь үнэн.
Гэхдээ эрүүл мэнд гэдэг үл тоосноор шийдэгддэг зүйл биш. Өвчнөө эмчлэхгүй явбал улам даамжирч, амь насанд заналхийлнэ. Харин ингэж өвчин хоолойд тулсан үед л эрүүл мэндээ умартан байж олсон хэдэн төгрөгөө эмнэлэгт тушаадаг, орон байраа хүртэл худалдах зэргээр асар их хохиролд унадаг. Эмнэлэгт өвдсөн хойноо очдог, өвчнөө дандаа хожуу үед оношлуулдаг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй зэргээс болж тухайн хүнээс, гэр бүлээс гарах зардал олон арав дахин үрждэг. Монголбанкнаас гаргасан "Гадаад улсад эмчлүүлэгч иргэдийн зардлын судалгаа”-наас үзэхэд 2011- 2014 оны хооронд манай улсын давхардсан тоогоор 71 мянган иргэн 232 сая ам.долларыг гаднын эмнэлэг, үйлчилгээнд зарцуулжээ. Нэг эмчлүүлэгч дунджаар БНСУ-д 11 хоногт 4502 ам.доллар, БНХАУ-д 13 хоногт 2066 ам.доллар, Тайландад 20 хоногт 3414 ам.доллар, Энэтхэгт 17 хоногт 2863 ам.долларыг тус тус зарцуулсан байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанаас гадаадад эмчлүүлж буй монголчууд дунджаар 6381 ам.доллар зарцуулдгийг харж болно. Хамгийн харамсалтай нь монголчуудын амь насаа алдаж эс бөгөөс өндөр өртгөөр гадаадад эмчлүүлж буй өвчний ихэнх нь амьдралын буруу хэвшилтэй холбоотой. Шүдээ угаах, дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох зэрэг наад захын энгийн дадал зуршил суугаагүй байдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Ядаж л хэдхэн жилийн дараа улс орноо нуруун дээрээ үүрч явах өсвөр үеийнхэнд ийм дадал хэвшил алга. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хассанаар бүр ч бүрхэг болсон. "Эрүүл мэндийн хичээлийг өөр гурван хичээлийн агуулгад багтааж оруулж байгаа.
Гэхдээ биеийн тамирын багш эрүүл мэндийн хичээл хэзээ ч зааж чадахгүй. Багш нараа ч бэлдээгүй байж ийм шийдвэр гаргасан нь буруу. Өсвөр үеийнхэн дунд бэлгийн замын халдварт өвчин, эрт жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдсэн үед цагаа олоогүй шийдвэр болсон. Эрүүл мэндийн яамнаас удаан хөөцөлдөж байж 2017 оны сүүлээр эрүүл мэндийн хичээлийг бие дааж оруулах шийдвэр гарсан. Бэлтгэл ажил явагдаж байгаа” гэж албаны хүн өгүүллээ. Энэ онд манай улс эрүүл мэндийн салбарт 893.1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харахад их тоо ч дэлхий нийтийн жишигтэй харьцуулбал тун шалихгүй. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвөөс гаргасан санхүүжилтийн стратегид эрүүл мэндийн салбарт улсын нэгдсэн төсвийн 10-12 хувь буюу дотоодын нийт бүтээгдэхүүний таваас дээш хувийг зарцуулахыг зөвлөсөн байдаг.
Эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төсөв улсын нэгдсэн төсвийн зардлын 9.3 хувь, ДНБ-ий 2- 3 хувийг эзэлж байна.
Харин манай Засгийн газрын энэ салбарт зарцуулж буй төсөв улсын нэгдсэн төсвийн зардлын 9.3 хувь, ДНБ-ий 2-3 хувийг эзэлж байгааг эрх баригчид тэр бүр дурддаггүй. Угтаа бол иргэдийн эрүүл мэндэд зарцуулсан хөрөнгө эргээд хэд дахин үрждэг. Тухайлбал, манай Засгийн газар зүрх судас, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчинд жилд 57.2 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ. Ийнхүү олон улсын байгууллагууд эрүүл мэндийн салбарт илүү хөрөнгө оруулж байж иргэдийн эрүүл мэнд, улсын эдийн засаг өөдөлнө гэдгийг сануулж байна.
- Хүн амын гуравны нэгийг эзэлж буй ядуу иргэд сард дөнгөж 2278 төгрөг зарцуулж байна.
- Монголчуудын амь насаа алдаж буй, эс бөгөөс өндөр өртгөөр гадаадад эмчлүүлж буй өвчний ихэнх нь амьдралын буруу хэвшилтэй холбоотой.
- Гадаадад эмчлүүлж буй монголчууд дунджаар 6381 ам.доллар зарцуулдаг.
Гэвч ингэлээ гээд хувь хүн өөртөө л анхаарч, цаг, мөнгөө зарцуулж сурахгүй бол монголчуудын эрүүл мэнд сайжрахгүй нь тодорхой. Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлсийн 70-75 хувь нь амьдралын зуршил, зан үйл, эрүүл мэндийн мэдлэгтэй холбоотой байдаг аж. Тиймээс ядаж л шүдээ зөв угаадаг, өдөрт 30 минут алхдаг энгийн дадлыг амьдралдаа хэвшүүлмээр байна.
Эрүүл байя гэвэл цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулах л ёстой
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Отгонсүхээс зарим зүйлийг тодрууллаа.
-Манай улсын эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй байна гэж шүүмжилдэг. Энэ тал дээр ЭМЯ ямар ажил хийж байна вэ?
-Манай иргэд эрүүл мэндийн үйлчилгээг дэлгүүрээс талх авахтай адил ойлгодог нь буруу. Тухайн хүнийг үзнэ, оношилно гэдэг цаг хугацаа зарцуулдаг үйл явц. Гэтэл эмнэлгийн үүдээр нэг удаа ормогцоо өвчнөө оношлуулаад, эмчлүүлээд гарахыг боддог. Үнэхээр эрүүл мэнддээ анхааръя гэвэл хэнд ч гарц олддог. Манай яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээр дамжуулж бид өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, нөлөөллийн ажлыг байнга хийдэг. Харамсалтай нь иргэд үүнд анхаарлаа хандуулдаггүй.
-Сүүлийн үед өсвөр үеийнхэн, залуучууд архаг өвчнөөр өвдөх нь олон болжээ. Энэ юутай холбоотой вэ?
-Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй байна. Дэлгүүр хэсэх, найзуудтайгаа уулзахад цаг гаргадаг хэрнээ эрүүл мэндээ ямагт хойш нь тавьдаг. Наад зах нь зөв хооллолтоор биеэ эмчилж болно гэдгийг эрдэмтэд нотолчихсон. Хүсэх юм бол гарц олдож л таарна. Эрүүл мэндийн даатгалаар үнэгүй үзлэг хийлгэх эрх байхад үүнийгээ ашигладаггүй. Уг нь иргэдээс судалгаа авахад эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар мэдлэгтэй байдаг. Гэхдээ үүнийгээ амьдрал дээр дадал зуршил болгодоггүй учраас зан үйлтэй холбоотой архаг өвчлөл өсөөд байна. Бага зэрэг өвдсөн бол тоолгүй ажиллаад л байдаг. Даралт нь ихэсдэг бол тухайн хүний ажлын бүтээмж ч буурна.
Тиймээс эхлээд биеэ эмчлүүлэх нь нэн чухал. Гадаадад амьдардаг монголчууд шүдээ эмчлүүлэх гэж ирдэг гэж бодохоор манай улсын эрүүл мэндийн үйлчилгээ харьцангуй хямд. Ер нь хүн ямар нэг ажил бүтээхийн тулд заавал өөрөө араас нь хөөцөлддөг. Үүн шиг эрүүл байя гэвэл цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулах л ёстой.
Б.Баярмаа
Засгийн газрын мэдээ