“Ухаалаг” нэртэй урагшгүй үйлчилгээнүүд
"Нэг цэгийн үйлчилгээ”, "Цахим үнэмлэх” гэхчилэн уран гоё нэртэй, удаан үйлчилгээ, урамгүй зүйлс олон байх. "Нэг цэгийн үйлчилгээ”-г анх Э.Бат-Үүл хотын Засаг дарга байх үедээ нэвтрүүлж байлаа. Эхэлсэн даруйдаа олон хүний талархлыг хүлээж байсан ч "Монголын хууль гурав хоног”-ийн үлгэрээр өнөөдөр завхарсан газар болж хувирчихаад байна.
Үйлчлүүлэхээр анх ороход сэтгэл сэргэмээр нь ямар ч дугаар, дараалалгүй байх. Харин элдэв бичиг баримтынхаа хуулбарыг авах гэхээр ажилчид нь "Банкинд очоод мөнгөө тушаачих” гэсэн хэлц үгтэй. Харин энэхүү төлбөр нь 500-1000 төгрөг байдаг юм билээ. Үүнийг нь тушаахын тулд зааж өгсөн/төрийн албыг завхруулах, хэдхэн банкийг санхүүжүүлэх далд зорилготой ч байж мэднэ/ банкинд нь очихоор түмэн дараалал.
Ингээд л мянган төгрөг тушаахын тулд банкны урт дараалалд бүтэн өдөр, бүлээн сэтгэлээ алдаж, оройдоо уур уцаар нь уушиг зүрхээр нь гарсан улс гэртэй харьж байна. Уг нь бол энэ газрын чинь нэр "Нэг цэгийн үйлчилгээ” биздээ. Тийм байж пост машин, мобайл банк ашиглаад иргэдийнхээ чирэгдлийг багасгачихаж болно оо доо.
Өөр нэг гайхшралыг төрүүлж барахгүй байгаа нэг зүйл нь "Цахим үнэмлэх” гэгч зүйл. Уг нь нэрнээсээ бол бараг л АТМ-д уншуулаад мөнгө авч болохуйц "ухаалаг” сонсогдоно. Гэвч нидэр дээрээ зүгээр л нэг зурагтай, түрийвчний хаа нэгтэй явж байдаг алга дарам "юм”. Иргэний үнэмлэхний хуулбараа нотариатаар батлуулаад ир гэж захын ломбард ам таглана.
Нотариатаар батлуулах л байсан юм бол "Цахим үнэмлэх” гэж нэр хайрлах ямар шаардлага байна вэ? Ер нь их юм яривал хурууны хээгээ уншуулахад л иргэний үнэмлэхний мэдээлэл гардаг хэмжээний "ухаалаг” болгоогүй бил үү, үүнийгээ. ТҮЦ машин гэгч бас нэг "гайхалтай” зүйлээс хуулбарыг нь авахаар Иргэний бүртгэлийн тамгатай л биш бол захын банкаар үйлчлүүлэх боломжгүй.
Энэ мэт "ухаалаг”, "цахим” нэртэй урагшгүй үйлчилгээнүүдээ хэзээ цэгцэлж, иргэдийнхээ чирэгдэл бухимдлыг багасгах вэ, дарга нар аа.
Эх сурвалж: Аrdchilal.mn
Сэтгэгдэл байхгүй байна.