БАЛГАС БОЛСОН БАРИЛГЫГ НУРААВАЛ ЯАСАН ЮМ БЭ
Өнгөрсөн долоо хоногт тус барилгыг зорьж очиж эргэн тойрныг нь сонирхлоо. Хаалган дээр нь "Онгойлгохыг хориглоно” гэсэн бичиг наажээ. Цонхнууд нь хагарч бутарсан бөгөөд бүтэн шилтэй цонх гэж алга. Цонхнууд нь салхинд хаагдаж нээгдэх нь жихүүдэс төрмөөр санагдав.
Тус барилгыг тойроод сургуулийн хэдэн охид хөвгүүн гүйлдээд байх юм. Тэгснээ байшингийн ард газар доогуурх хонгил руу нь орох гээд нэгнээ татаж гулдчин "Чи эхэлж ор, би дараа нь оръя. Шүдэнз асаагаач, харанхуй байна, айж байна” гэхчилэн өөр хоорондоо ярьж, нэг нэгнээ угз татаж байснаа намайг харангуутаа хөвгүүд нь зугтааж охидууд нь үлдэв. Яах гэж ийм харанхуй жижиг нүх рүү орох гээд байгаа талаар тэднээс асуухад "Хөвгүүд энд нэг үл мэдэгдэх амьтан байна гэсэн. Тэрийг нь харах гээд. Бас зургаан давхрын цонх нь хаагдаж онгойгоод хүний толгой цухуйсан гэсэн. Тэрийг нь олж харах гээд сонирхоод хүлээгээд зогсч байна” гэв.
Түүнчлэн ам уралдсан охидууд "Энэ анх зочид буудлын зориулалтаар баригдсан гэсэн. Ард нь хууль зөрчиж барилга байхаар нь орон сууцны иргэд эсэргүүцсээр байгаад нураалгасан гэсэн. Бас цахилгаан шатанд нь хоёр хүн дарагдаж үхсэн болохоор ашиглалтад оруулаагүй” гэж ярцгаав. Нээрээ л яагаад ямар шалтгаанаар өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй, 12 давхар болтлоо сүндэрлүүлсэн хэрнээ одоо балгас болгосон байгаа юм бол.
Мөн баригдсанаас хойш хажуу талын 14-р байрны 10 гаруй айлын цонхыг халхалж, найман жил нарны гэрэл хараагүй учир оршин суугчид 2009 оноос эхлэн энэ барилгын эзэн компанийн талаар шүүхэд гомдол гаргаж, тэмцсэний эцэст өргөтгөлийн С корпусыг нураах ажлыг "Тод Бум” констракшн Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулан гүйцэтгэсэн юм. Гэхдээ тус компани нь уг барилгын зөвхөн өргөтгөлийг буулгах гэрээтэй, үндсэн 12 давхар барилгад ямар ч "гар хүрэх ч эрхгүй” байсан гэдэг.
Харин 12 давхар барилга зөвшөөрөлгүй баригдсан уу, тухайн үед нураах шийдвэр холбогдох газруудаас гарч байсан уу гэдэг нь эргэлзээтэй юм. Ямар компанийн захиалгаар ямар компани барилгын ажлыг гүйцэтгэсэн нь ч бүрхэг хэвээрээ байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүй баригдсан 12 давхар барилгыг нураах шийдвэр гарсан талаар тухайн үед энэ барилга дээр хяналт тавьж байсан улсын байцаагч Ёндонгоос энэ талаар тодруулахад "Тэр 12 давхар барилгыг нураана гэсэн захирамж гараагүй. Иргэд эсэргүүцсэн барилга нь хойд талынх хоёр байрны дунд барьсан хүзүүвчин барилгыг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Тиймээс захирамж гарч тэр хэсгийг нь буулгаад бараг 4 жил болох гэж байна. Бүгдийг нь биш зөвхөн С блок гэсэн хэсгийг нь нураасан. Харин хойд талын хуучны орон сууцнууд нь хотын дахин төлөвлөлтөд орох учраас байж байгаа” гэв.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.