Зургаадугаар сарын 1-нээс тусгай хамгаалалттай газарт модон жорлон ашиглахыг хориглоно
Улаанбаатар хот урд хаяагаараа дэлхийн хамгийн эртний дархан цаазат Богдхан уултайгаа айлсаж оршдог. Дархан газартаа нийслэлчүүд аялж амрах зориулалтаар ам болгонд нь шахуу хана дугуйлж, тоосго өрж төвхнөөд авсан. Ингэж эзэмшилтэй болгох нь байгаль орчноо хамгаалах, ашиглагч нь хамгаалагч байх нэг арга мөн. Гэхдээ нэг асуудал бий.
Тэнд төвлөрсөн дэд бүтэц үгүй. Тиймээс бохироо дархан газрынхаа хөрсөнд чимээгүйхэн шингээгээд байх уу гэдэг нь шийдэл хүлээсэн асуулт. Жишээ болгож байгаа нь Богдхан уул болохоос энэ бол улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, Улаанбаатарын эргэн тойрон дахь гэр хороолол, зуслангийн бүсийн нийтлэг бэрхшээл. Энэ бол бодит байдал.
Гэхдээ БОАЖЯ-аас энэ асуудалд анхаарал хандуулж, түрүүчээсээ тодорхой шийдэл гаргаад явж байгаа нь сайн мэдээ. Тодруулбал, 2018 оны 06 дугаар сарын 1-ээс эхлэн Тусгай хамгаалалттай газарт стандартын бус ариун цэврийн байгууламж ашиглахыг хориглосон шийдвэр гаргаад байгаа юм. Стандартын бус ариун цэврийн байгууламж гэдэг нь өнөөгийн хэрэглэж байгаа модон жорлонгууд гэсэн үг. Ийм стандартын бус ариун цэврийн байгууламжаас татгалзах шийдвэрийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн гаргаж нийдтээ таван ч удаагийн зөвлөмж, албан бичгийг Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад хүргүүлээд байна.
Энэ шийдвэрийн хүрээнд Монгол нутгийн тусгай хамгаалалттай бүх газар нутагт ариун цэврийн цэврийн байгууламжийг стандарттай болгож, ингэснээр хөрсний бохирдлоос сэргийлэх таатай боломж бүрдэж байна.
Стандартын ариун цэврийн байгууламж хэд хэдэн давуу талтай. Эдгээрээс хамгийн чухал нь хөрсний бохирдлоос сэргийлнэ. Нэг үгээр хэлбэл бохир хөрс усанд нэвчихгүй, дүүрэхээр нь соруулдаг. Ийм стандартын ариун цэврийн байгууламжийн хэд хэдэн шийдэл байдаг.
Тухайлбал:
- Бохир хөрсөнд шингэхээс хамгаалсан доторлогоотой соруулдаг жорлон.
- Өтгөн шингэнийг ялгаж салгаж хуурайшуулдаг технологи бас байна. Энэ нь өөрөө байгальд ээлтэй технологи юм.
- Зөөврийн буюу шилжүүлэх ариун цэврийн байгууламж гэж байна.
- Агааржуулагчтай, сайжруулсан ариун цэврийн байгууламж.
Эдгээрийн аль нь ч байлаа гэсэн хөрсний бохирдлоос хамгаалах ач холбогдолтой, орчин үеийн шинэлэг шийдэл юм.