Буруу бүхэн бидний буруу
Энэхүү нэр томъёог зөвхөн байгаль дэлхий гэлтгүй бусад зүйлд ч ашиглаж болмоор. Тухайлбал, улстөрчид өчнөөн жил шийдэх гэж "хичээгээд” чадаагүй ажлыг энэ ангилалд оруулж болно. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тайлбарыг сонсоод ийм бодол төрсөн юм. Эрхэм сайд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл оруулж ирэх болсон шалтгаанаа "шүүгч нар авлигад өртдөг, танил талынхаа захиалгаар үйлчилдэг болсон. Тиймээс засгаас гаргасан шийдвэрийг шүүх эрхгүй” гэж тайлбарлана лээ. Уг нь шүүгчдийг шударга ажиллах механизм бүрдүүлэх ёстой субьект нь УИХ. Ялангуяа хууль, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн архаг улстөрчид үүнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Гэтэл 1992 оноос хойш долоон парламентад тасралтгүй сууж буй, бараг л 20 жил хууль зүйн сайд хийсэн, орондоо хүртэл хууль засдаг, хамгийн шударга хүн гэж өөрийгөө нэрлэдэг Ц.Нямдорж сайд болон түүний нөхөд үүнийг хийж чадалгүй арга мухарджээ. Ингээд гарц олохын тулд бас нэг хууль санаачилсан болж таарав. Эндээс харвал шүүгч нарыг шударга болгох ажил хэзээ ч бүтэшгүй, давагдашгүй хүчин зүйл бололтой. Тиймээс өнөөдрөөс эхлээд болохгүй, бүтэхгүй байгаа ажил болгоныг энэ ангилалд багтааж, түүнд нь тохирсон өөр өөр хууль батлаад явчихвал яасын. Хотын үе үеийн дарга нар өчнөөн олон жил тэмцээд дийлээгүй болохоор агаарын бохирдлыг байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж болно.
• Шүүгч нарыг шударга болгох ажил хэзээ ч бүтэшгүй, давагдашгүй хүчин зүйл бололтой.
• Хэрэв бүгдийг хүчээр нухчин дарж байгаад үхэр шиг болгоотохвол төр засгийн гаргасан тогтоол, шийдвэрийг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд хандах хүн гарахгүй.
• Төрийн байгууллагаар үйлчлүүлэх гэж байгаа бол тэдэн цагийн өмнө ирэх ёстой, уруу дорой царайлж, ажилтнуудын өмнө бөхөлзөх ёстой гэсэн дүрэм журам гаргасан ч яадаг юм.
Тиймээс бохир агаартай тэмцэх биш, түүнд дасан зохицох хууль баталчихмаар байгаа юм. Өвлийн цагт хүн бүр амны хаалт зүүж явах ёстой. Зүүгээгүйг нь Зөрчлийн тухай хуулиар торгоно гэдэг ч юм уу. Эсвэл бохирдол ихтэй орой үдшийн цагаар хүмүүсийг гэрээс гарахыг хориглоно гээд хуульчилвал нийслэлчүүд эрүүл мэндээрээ хохироод байхгүй. Ядарсан гэр хорооллынхон нүүрсээ түлж л байна биз. Хэн хэндээ хэрэгтэй байгаа биз дээ. Энэ мэт хялбар шийдэл байна, цаана чинь. Одоо хотоор дүүрэн бороо мөрөөдсөн хүмүүс. Гэвч аадар борооны дараа энд тэнд үерлэн тогтсон их усан дундуур туучих гэж яаж зовдог билээ. Ямар сайндаа л "Монгол бол далайд гарцтай орон”, "уран гулгалтын улирал дуусаж, уртын харайлтын улирал эхэллээ” гэх мэт үг гарах вэ. Ер нь нарийн яривал борооны ус тогтоод байгаа чинь бас л давагдашгүй хүчин зүйл юм шүү дээ. Яагаад гэвэл ус зайлуулах шугам хоолойгоо шинэчилж сайжруулах гээд хотын дарга нар үеийн үед оролдоод чадаагүй юм. Тиймээс бороо орсон үед тогтсон усыг давагдашгүй хүчин зүйл гээд ойлгочих хэрэгтэй. Хэрэв ингэвэл шийдлүүд нь дорхноо гараад ирнэ. Ганц нэг санаа хэлбэл, хүн бүр усны гутал өмсөх ёстой, их ус тогтсон үед явган зорчигч гэрээс гарахыг хориглоно гэх мэт. За тэгээд ямар хууль баталж, ямар арга хэмжээ авахаа Ц.Нямдорж тэргүүтэй сайд, дарга нар надаар хэлүүлэлтгүй мэдэх байлгүй дээ.
Шүүмжлэх эрхгүй ард түмэн хувь заяатайгаа эвлэрээд санаа амар амьдрах юм биш үү
Төрийн байгууллагаар явж, ажил хөөцөлдөхөд хэцүү байна уу. Ажилтнууд нь хүнд суртал гаргаад, гар хараад, нааш цааш байнга явуулсан хэвээр л байгаа биз. Яагаад гэвэл энэ ч бас давагдашгүй хүчин зүйл. Аль социализмын үеэс л үүнийг шийдэх гээд чадаагүй юм чинь. тиймээс иргэд шүүмжлэх биш, энэ байдалтайгаа илүү сайн зохицож амьдрах шаардлагатай болж байна. Хэрэв төрийн байгууллагаар үйлчлүүлэх гэж байгаа бол тэдэн цагийн өмнө ирэх ёстой, уруу дорой царайлж, ажилтнуудын өмнө бөхөлзөх ёстой гэсэн дүрэм журам гаргасан ч яадаг юм. Манай сайд чадах юм чинь… онцгой тохиолдолд ивээн тэтгэлэг хэлбэрээр мөнгө өгч болно гээд хуульчилбал бүр ч шулуудах нь тэр. Угаасаа л ийм зүйл өмнө нь байсан, цаашид ч шийдэж чадахгүй болохоор албан ёсны болговол таарна, хэн хэндээ амар. өмнөө овоорсон хэргүүдээ шалгаж амждаггүй Авлигатай тэмцэх газрын ачаа хөнгөрөөд л ирнэ. Ер нь тэгээд цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг ч давагдашгүй хүчин зүйл гэж ангилаад хууль гарган хүчээр шийдчихмээр байна. Эмээ, өвөө нар цэцэрлэгт явж чадаагүй ач, зээгээ заавал гэртээ харах ёстой гэсэн хууль батлаатахвал цаадуул чинь яаж ч чадахгүй. Эсэргүүцвэл шоронд хийнэ, торгоно гэж хуульчилсан ч яадаг юм.
Угаасаа манай хууль, хүчнийхэн айлгаж дарамтлахдаа хэнийг ч дагуулахгүй. Эмээ, өвөө нар хуулиа даган мөрдөж байгаа эсэхийг нууцаар тагнавал илүү үр дүнтэй. Нямка сайд хэдэн хүнд үүрэг даалгавар өгөхөд л нөгөөдүүл нь тагнаж чагнахыг үзүүлж өгнө дөө. Бүр өргөн утгаар нь авч үзвэл манай нийгмийн өнөөгийн байдал ч давагдашгүй хүчин зүйл байгаа юм. Улс орноо хөгжүүлэх олон сайхан хөтөлбөр, дэд бүтцийн олон том төсөл ярьж, боловсруулдаг ч тэр нь бодит амьдрал дээр хэрэгждэггүй. Тиймээс сонгогч олон минь хувь заяатайгаа эвлэр, төр засгийг ямар нэг хэлбэрээр шүүмжилж болохгүй гээд бүр чанга хууль гаргачих хэрэгтэй. Шүүмжилж, эсэргүүцсэн болгоныг нь торгож, хориод байвал аяндаа цэгцэрнэ. Нэгэнт шүүмжлэх эрхгүй ард түмэн чинь хувь заяатайгаа эвлэрээд санаа амар амьдрах юм биш үү. Яг л бэлчээртээ идээшилж байгаад эргэн ирж хашаа хороондоо хэвтэж байдаг үхэр шиг болно гэсэн үг. Үхэр сүрэг эзнээ эсэргүүцэж, элдэв янзаар тэмцээд байдаггүй биз дээ. Тиймдээ ч сэтгэл санаа нь амгалан, тайван байдаг биз. Сүх далайтал үхэр амар гэсэн үг байдаг даа. Хэрэв бүгдийг хүчээр нухчин дарж байгаад үхэр шиг болгоотохвол төр засгийн гаргасан тогтоол, шийдвэрийг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд хандах хүн гарахгүй. Тиймээс Ц.Нямдорж сайд элдэв хууль санаачилж, хэл аманд өртөөд байхгүй улам амар болно. Энэ мэтээр асуудлыг илүү өргөн хүрээнд авч үзмээр байгаа юм даа, манай хуулийнхан.
Засгийн газрын мэдээ