Б.Энхбаяр: Гэр бүлийн хүчирхийлэл давтан үйлдвэл хоёр хүртэлх жил хорино
С.УЯНГА
Өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг баталсан. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.
-Шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль өмнөх хуулиас зарчмын хувьд ямар ялгаатай болов?
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль 2004 онд анх батлагдсан. Түүнээс хойш дутуу заалтууд, ялангуяа хариуцлагатай холбоотой заалт, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа сул, яам, агентлагуудын чиг үүрэг тодорхой бус гэж үзсэн учраас 2008 оноос хойш засч сайжруулж эхэлсэн. Өнгөрсөн парламентаар батлагдсан ч ёсчлогдоогүй явсаар байгаад энэ оны наймдугаар сарын 30-нд Их Хурал Засгийн газарт буцаасан. Тэгээд долоо хоногийн дараа УИХ-д өргөн барьсан буюу ийм богино хугацаанд өргөн баригдсан хууль ховор. Өмнөх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиас ерөнхий концевциудад өөрчлөлт ороогүй. Эрүүгийн хариуцлагатай холбоотой хэсэг буюу ирэх оны долдугаар сарын 1-нд Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор завсардлага гарсан. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага тооцох асуудал эзэнгүй болж, ял завших, хуулийн гадна үлдэх нөхцөл байдал бий болсон. Тиймээс шинээр батлагдсан хуульд төрийн барьж байгаа гол бодлого бол нэг цаг, нэг минут гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч хариуцлагын гадна үлдэх ёсгүй гэсэн зарчим баримталсан. Тиймээс одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн ял шийтгэлийн бодлоготой уялдуулж өөрчлөлт хийж өргөн барьсан. Одоогийн хуульд хорих ял,баривчлах шийтгэл бий.
Гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа үйлдсэн этгээд хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Зургаан сар хүртлэх хугацаагаар баривчилна. Анх удаа үйлдсэн бол 7-30 хоног баривчилна, шүүх прокурор мөрдөн байцаагч тодорхой нутаг дэвсгэрийг хорих. Өөрөөр хэлбэл, хохирогчид ойртох нутаг дэвсгэрийг зааж албадлагын арга хэмжээ авах хүртэл зохицуулалт хийсэн.
-Гэр хохирогчийг хамгаалахад 7-8 төрлийн үйлчилгээ төлбөргүй үзүүлнэ гэсэн зохицуулалт хуульд бий. Боловсон хүчний нөөц нь бий юу?
-Дан ганц төрийн байгууллагын хүчээр хийх ажил биш. 2009 оноос хойш Хуульзүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам хамтраад зан үйлд нөлөөлөх сургалт, албадан сургалтад хамруулдаг байсан. Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль Монголын гурван сая хүнд хамаатай хууль учраас ердийн хууль биш. Хүний хувийн орон зай, халдашгүй эрх, Үндсэн хуулиар хамгаалагдсан бүх эрх үнэт зүйл, нэр төртэй холбоотой харилцааг зохицуулсан. Хүчирхийлэл буюу гэмт хэрэг үйлдэгдсэн бол заавал ял шийтгэлтэй байх ёстой гэсэн зарчмыг баримталсан. Нэг гэр бүлийн, хоёр хүний асуудал гэдгээрээ хуулиас мултрахгүй. Төр хүчирхийлэлтэй эвлэрэшгүй байна гэдгээ зарлаж байгаа явдал.
-Санхүүжилтын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Хууль гараад маргааш нь өргөс авчихсан юм шиг бүх зүйл сайхан болно гэсэн гэнэн төсөөлөлд автах хэрэггүй. Нөгөө талаасаа хууль гарангуут санхүүжилт яриад шалтаг шалтгаан тоочиж хууль хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлэлээс татгалзах боломжийг иргэдэд олгох ёсгүй. Мөнгөтэй холбоотой асуудал биш тархи оюун ухаан, хүмүүжил, иргэншил, зан үйлийг хамарсан хууль. Ганцхан төрийн хүчээр зохицуулагдах ажил биш. Гурван сая хүний оролцоотой зохицуулагдана. Тухайлбал, хүүхдийн хүчирхийллийг мэдсээр байж цагдаагийн байгууллагад мэдээлээгүйн улмаас хор уршиг гарсан бол мэдээлээгүй иргэнд хариуцлага хүлээлгэх асуудлыг ярьж байгаа. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч буйг хариуцлагжуулж байгаа юм. Улсын болон орон нутгийн төсөв, төрийн бус байгууллага, донор байгууллагуудын оролцоотойгоор зарим асуудлаа шийдвэрлэнэ. Тал талын хүчин чармайлтаар үе шаттайгаар хамжиж байгаад бүх асуудлаа шийдвэрлэнэ.
-Хоёрдугаар сарын 1-нээс хууль хэрэгжинэ. Энэ хугацаанд ямар бэлтгэл ажлуул хийгдэх вэ?
-Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 20-иод журмыг холбогдох яам агентлагууд боловсруулж батална. Шаардлагатай төсөв хөрөнгийг донор байгууллагуудын хэмжээнд яригдаж байгаа төсөл хөтөлбөртэй уялдуулж шийдвэрлэнэ. Хүмүүсээ сургана. Мөн бид хууль батлагдахыг хүлээгээд зүгээр суугаагүй. Хууль зүй, дотоод хэргийн яам гэхэд холбогдох дүрэм журмаа боловсруулж байсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тулж ажилладаг цагдаагийн эмэгтэй албан хаагчдыг хууль сахиулах их сургууль дээр тусгай сургалтад хамруулсан.
-Хариуцлагын заалтыг өндөржүүлснээр гэр бүл салалт ихэснэ. Өөрөөр хэлбэл, гомдлоо татаж, эвлэрнэ гэдэг ойлголт байхгүй учраас болгоомжтой хандах ёстой гэсэн санал хэлж байсан?
-Хүчирхийлэл үйлдсэн бол заавал шүүхийн шатанд шийдэгдэхээр байгаа асуудал бол хуулийн нэлээд том зарчмын өөрчлөлт. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хохирогч гомдолгүй гэх юм бол хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болдог. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 80-дээш хувь нь гомдлоо татаж авч эвлэрдэг. Торгох шийтгэл ногдуулахаар эргээд гэр бүлийг нь давхар шийтгэдэг. Энэ мэтээр ял шийтгэлийн бодлого зөв байхгүй бол болдоггүй эмзэг асуудал. Тэгээд энэ шийдлийг харж байгаад нэгэнт төр хүчирхийллийн аливаа үйлдлийг тэвчихгүй гэдгээ зарлаж байгаа бол нөгөө талаасаа хохирогчийг хамгаалах шаардлагатай. Эвлэрч байгаа шалтгааны нэг нь гомдлоо татаж ав гэж дарамтлах ч тохиолдол бий. Олон жил дарамтуулсан хүн эргээд тэсрэх, өөрийгөө хамгаалах, гэмт хэрэг, амиа хорлох уршигтай байж магадгүй. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бага дээр нь арга хэмжээ авч, дор дор нь шийтгээд явах хэрэгтэй. Бусад улс орны жишээнээс харахад нийтэд тустай хөдөлмөр эрхлэх, зорчих эрхийг нь тодорхой хэмжээгээр хасах шийтгэл ногдуулахаар дахиад дуудагдаж ирэх нь бага байдаг юм билээ. Хүн чинь ухаарна шүү дээ. Зүгээр нэг гэр бүлийн хоорондох маргаан руу орох гээд асуудал биш. Амь нас, бие махбодь, эрх чөлөөнд нь халдаж байгаа тохиолдлыг ярьж байгаа.
Сэтгэгдэл байхгүй байна.