Захиргааны ерөнхий хуулийг өөрчлөх юм бол тэд “даам гарна”
Тэд гэж хэн бэ гэж үү? Тэд гэдэг бол төрийнхөн. Төр гэдэг бол бөх гэж хэн нэгэн хэлсэн санагдана. Гэхдээ дан бөхчүүд биш юм.
Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж, сая хаврын чуулганаар хэлэлцэж, улмаар АН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авсан. Чуулганы хугацаа ч өндөрлөсөн. Мөн хуульч, эрдэмтэн судлаачид энэ хуулийг батлахын эсрэг байгаа. Хамгийн гол нь энэ хуулийг чухам яагаад өөрчлөхийг эсэргүүцээд байгаа юм бол?
Эхлээд яг аль зүйл, заалтад ямар өөрчлөлт хийж, юу гэж оруулах гэж байгааг сонирхъё. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа Захиргааны ерөнхий хуульд энэ хууль нь "улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” /хуулийн 3.1.7-д/-нд үйлчлэхгүй гэж бий.
Бас Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг "төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” /хуулийн 5.1.1/-д буюу нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно гэж тусгасан байгаа. Харин эдгээр тод хараар бичсэн заалтыг дараах байдлаар өөрчлөхөөр оруулсан юм.
Мөн МУ-ын Засгийн газрын тухай хуулийн 30.2.3 дахь хэсгийн "Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна.”, 30.2.4 дэх хэсгийн "Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно.” гэсэн заалтуудын "захиргааны” гэсэн үгийг хасахаар тусгасан.
Түүгээр ч үл барам энэ хуулийн өөрчлөлт батлагдсан цагаас эхлэн өнөөдөр шүүхээр хянагдаж байгаа Засгийн газар болон түүний харьяаллын бүх байгууллага, албан тушаалтнуудад холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр энэ төсөлд тусгажээ.
Хууль санаачлагчийн тайлбар ч ийм байгаа. Тодруулбал, энэ хуулийн зарим зүйл, заалтад үүссэн ойлгомжгүй, хоёрдмол утгатай байдлыг засах, хуулийг нэг мөр ойлгох боломжийг олгох, хуулийн үйлчлэлийг тодорхой болгох, хуулийн үйлчлэлд Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хамаарахгүй байхаар тусгасан гэжээ. Энэ нь үнэн хэрэгтээ Монгол Улсын иргэн, хуулийн этгээд Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын буруутай шийдвэрээс хохирлоо барагдуулах газаргүй болгох оролдлого гэж харагдаж байна.
Ойрын ганцхан жишээнээс авч үзье. Иргэд, аж ахуйн нэгжийн газрын маргаан тасралтгүй үргэлжилдэг. Энэ асуудал ихэвчлэн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд буюу ИТХ, Засаг дарга нартай гэхчлэн шат шатны дарга удирдлагуудтай холбоотой байдаг. Тэгвэл ийм аалзны торыг тасчин зогсоох газар бол Захиргааны хэргийн шүүх. Гол нь энэ шүүх бидний өдөр тутмын амьдралд гарч буй маш олон асуудлыг шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн чухал нэгэн хэсэг.
Харин Захиргааны ерөнхий хуульд дээрх өөрчлөлтийг оруулснаар тэдний талаарх гомдлыг хэлэлцэх газар үгүй болж, төрийнхөн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ. Бид төрийн буруу, булхайтай, сөрөг үйл ажиллагааг илчлэн заргалдах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх газаргүй, ийм эрхгүй болчихвол юу болохыг төсөөлөхөд ч бэрх. Цаашлаад өмчийн бүртгэл, тендерийн асуудал, наанадаж цалин тэтгэврийн асуудал гээд маш олон жишээгээр энд тайлбарлаж болно.
Гагцхүү энэ хуулийн төслийг санаачлагч Л.Мөнхбаатар гишүүний үзэж байгаагаар Засгийн газрын гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах буюу үйлчлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч байгаа нь Үндсэн хуулинд заасан Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага гэх мэт хэд хэдэн заалтыг зөрчиж байгаа тул өөрчлөлт оруулах шаардлагатай аж. Түүнийхээр бол Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа нь ийнхүү төрийн гүйцэтгэх дээд эрх мэдлийг үгүйсгэсэн хэрэг гэж үзсэн байгаа юм.
Гэтэл төрийн байгууллагуудын, мөн албан тушаалтнуудын хууль бус шийдвэрээс болж хохирч байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд бидний эргэн тойронд хаа сайгүй таардаг. Харин үүнийг шийдвэрлэж өгдөг Захиргааны хэргийн шүүх нь шинэ заалт, журмын дагуу тэр бүх хэргийг авч хэлэлцэхээ болчихвол ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж, бид нүдэн балай, чихэн дүлий ард түмэн болохоос өөр гарцгүй болно. Яагаад гэвэл хууль зөвхөн ард түмэнд л үйлчилдэг болсон цаг.
Гэлээ гээд хүлцэнгүй, дуугүй, ноомой суух учиргүй. Одоо бидэнд судалж, хэрэв энэ хуулийг дээрх байдлаар өөрчлөх нь үнэхээр хохиролтой, буруу болно гэж үзвэл эсэргүүцэх, дуу хоолойгоо хүргэх цаг хугацаа бий. Хаврын ээлжит чуулган хаасан. Гэхдээ ээлжит бус чуулган зарлачихгүй л бол ирэх намрын ээлжит чуулганаар уг асуудлыг хэлэлцэх хүртэл нэг улирлын хугацаа үлдлээ. Энэ үед л наадмын найр цэнгэлээ түр хойш тавьж, эрдэмтэн судлаачид, хуульчид нь ард иргэдтэйгээ хамтран хуулийн өөрчлөлтийн зөв, бурууг нягтлан хэлэлцэж, буруу бол буцаалгах, хэрэв зөв бол над мэт ташаа ойлгогсдод зөвөөр нь ухуулан таниулах ажлыг эхлэх нь зүйд нийцнэ. Эс бөгөөс бараг бүхий л салбараараа талцан хуваагдаж буй эгэл ардуудын бас нэгэн талцал энэ сэдэв болоод байна.
УИХ дахь АН-ын бүлгээс ч мөн энэ талаар "Захиргааны ерөнхий хуулиар улстөрийн шийдвэр, захиргааны шийдвэр хоёрыг ялгахгүй нэгтгэж хоморголон оруулж ирсэн нь буруу хэмээн үзэж энэ нь эрх зүйт төрийг үгүйсгэсэн, Үндсэн хуулийг зөрчсөн асуудал” гэсэн байр суурьтай байгааг цохон тэмдэглэмээр байна.
Сэтгэгдэл байхгүй байна.