“ОРОН СУУЦАНД УДАХГҮЙ ОРУУЛНА АА” ГЭЖ ИРГЭДЭД ИТГЭЛИЙН ОЧ, СЭТГЭЛИЙН БАЯСАЛ ГЭРЭЛТҮҮЛЧИХЭЭД ТАГ БОЛОВ
Баянзүрх дүүргийн 14 хороо "Нарантуул” захын архан талд дахин төлөвлөлт хийж, 150 гаруй айлыг орон сууцанд оруулна гээд газрыг нь чөлөөлүүлсэн "Моннис” группын охин компани болох "Моннис урбан девелопмент” ХХК дээрх айлуудад хулхидаж худал хэлсээр 5 жилийн нүүр үзлээ.
Хулхидуулж, худал үгэнд итгэж явсаар өдийг хүрсэн иргэд хаана хандахаа мэдэхгүй байна.
Уг нь энэ зургадугаар сард ашиглалтад оруулж өгнө гэсэн ч өнөөдрийг хүртэл барилгын ажил нэг мөр дуусаагүй байгаа юм. Зургадугаар сард байранд чинь оруулна аа гэж иргэдэд итгэлийн оч, сэтгэлийн баясал төрүүлчихээд гэрэлтүүлчихээд бас л таг болов. Тэдний уярам сайхан үгэнд чинь уярахаа байж харин ч одоо уур хилэн буцалдаг болжээ.
Хүлээж цөхөрсөн иргэд юу болж байгаа талаар барилга дээр очоод үзэж, ерөнхий инженер Батболдтой нь уулзах гэхээр хамгаалагч нар нь уулзуулдаггүй, хашаа руу нэвтрүүлдэггүй гэнэ. Өнгөрсөн долоо хоногт очиход мөн л оруулсангүй. Ерөнхий инженер Батболдтой нь утсаар холбогдоход "Хөдөө явж байна, мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Дараа нь ажил дээр нь очоод уулзах гэтэл хамгаалагч нь "Байгаа би дуудаад ирье” гэж явснаа удалгүй "Байхгүй байгаа юм байна. Гараад явсан” гэж илт худлаа хэлэв.
Гадна байдлаас нь харахад овоо ахицтай юмуу гэж харагдах ч дотроо юу ч хийгээгүй байгаа талаар зарим хүмүүс хэлж байгаа юм. Засал чимэглэлийн компани оруулчихсан ажиллуулж байгаа гэдэг нь бас худлаа бололтой. Байрны гадна талыг шар цагаанаар будчихжээ. Тэрийг нь харсан хэн ч ашиглалтад орж байгаа байр юм байна гэж бодно. Гэвч бодит байдал дээрээ тийм биш байгаа юм.
Хэдхэн хоногийн өмнө хэсэг иргэд орон сууцны ажил ямар байдалтай явж байгаатай танилцах гээд очиход оруулаагүй байна. Тэгсэн хэрнээ барилгын ажил явагдаж байгаа, дуусч байгаа зэргээр хамгаалагч нар нь нөгөө л хэлдэг үгээ тоть шиг давтаж хэлдэг хэмээн газраа чөлөөлүүлсэн иргэд бухимдаж байгаа юм.
Байраа нэхсэн иргэдийн урдаас их аятайханаар "Одоохон. Бараг дуусч байгаа. Дотор засал чимэглэлийг нь хийж байна. Харж байгаа биз дээ, удахгүй ашиглалтад орно” гэсэн товчхон үгээр амыг нь тагладаг байна. Аргаа барахдаа "Ядаж дотогшоо ороод үзье харъя” гэж гуйхад ч харуулаагүй гэнэ.
"Моннис”-ын том удирдлагууд нь утсаа авдаггүй, ажлын байран дээр нь очихоор хүлээж авдаггүй, "Дарга нар байхгүй байна” гэж худлаа хэлүүлдэг. Нүүр нүүрээ хараад учир зүйгээ ярилцаад яах ийхийгээ ярилцах хэрэгтэй байтал өнөөдрийг хүртэл худлаа хэлж, зугтаасаар байгаа юм.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд их юм боллоо. Орох оронгүй, оочих аягагүй болсон иргэд түрээсийн байраар амьдарсаар сүүлдээ түрээсээ төлж чадахгүй хөөгдөж туугдаж гудамжинд гарсан айлууд ч байна.
Настай хөгшүүл нь тухтай сайхан байранд нэг л өдөр орно доо гэж харуулдсаар байгаад насан өөд болов. Үнэхээр харамсалтай, таван жилийн хугацаанд тэд юу эсийг үзэх вэ дээ. Нэг компанийн тарьсан балагаас болж нэлээд хэдэн айлын эрх ашиг зөрчигдөж, амьдрах орчин нь үгүй болов.
Яагаад ингэж олон хүнийг хохироочихоод өнөөдрийг хүртэл чимээгүй суугаад байдаг юм бэ. Учир явдлаа ойлгуулж хэлээд улаан нүүрээрээ уулзалдах боломж бололцоо байдаггүй юмуу. Хэдэн жил ингэж явах гэсэн юм болдоо "Моннис” группийн удирдлагуудаа. Айх зүрх, ичих нүүртэй л юм бол газраа чөлөөлж, танай компанид итгэл найдвар үзүүлсэн иргэдтэй нь уулзахыг гуйя.
Өнгөрсөн сард байрандаа орчихно гэсэн айлууд баярласандаа түрээсийн байрнаасаа гарчээ. Гэвч байр нь ашиглалтад ороогүй тэд айл айл дамжин, айлын хаяа сахиж, хатавч шагайж явна.
Бүхэл бүтэн таван жилийн хугацаанд хоёрхон блокон байшин ашиглалтад оруулчихаж чадахгүй том групп байгаад яадаг юм бэ. Хөрөнгө мөнгөний хувьд чадалтай чансаагаа гайхуулдаг хэрнээ, ядарсан иргэдэд задарсан зан гаргах ямар шаардлагатай юм болоо.
Тэсвэр тэвчээр нь барагдаж байгаа иргэд хэдий хүртэл тэсч, орон гэргүй тэнүүлчилж амьдрах юм бэ. Ядаж битгий худлаа хэлж, иргэдэд итгэл найдвар төрүүлээд байгаач. Гурвалсан гэрээ ёсоороо сар болгон өгөх түрээсийн мөнгөө асуудалгүй өгч байгаачээ гэж гуйж байна шүү, "Моннис”-ийнхон. 15-хан айл биш, 150 айлын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.