Алслагдсан хороонд хүүхдийн эмнэлэг баригдана
НИТХ-ын Төлөөлөгч, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачлагаар Баянзүрх дүүргийн 9-р хороонд 50 ортой хүүхдийн эмнэлэг барих барилгын ажил өнөөдөр эхэллээ. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар баригдах тус эмнэлэг нь хүүхдийн бүх төрлийн өвчлөлийг оношилж эмчлэхээс гадна, шүд, эрүү нүүр зэрэг бусад төрлийн эмчилгээ үйлчилгээг ч бас үзүүлэх аж. Он дуусахаас өмнө ашиглалтад орж, ирэх оны нэгдүгээр сараас нийслэлийн өмчид шилжин үйл ажиллагаа явуулж эхлэх тус эмнэлгийн шав тавих ёслол өнөөдөр болсон юм. Үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон БНХАУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн зөвлөх Ли Ян Жюн нар оролцлоо. НИТХ-ын төлөөлөгч, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: "Улаанбаатар хотод ялангуяа хүн ам ихээр суурьшсан хотын алслагдсан дүүргүүдэд хүүхдийн эмнэлэг, сургууль ус агаар мэт хэрэгтэй байдаг. Тиймээс хороонд Шархадны эцэс буюу Баянзүрх дүүргийн гэр хороолол орчмын хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлэх боломж нөхцөлийг хангах үүднээс өөрийн сонгогдсон тойрог болох Баянзүрх дүүргийн 9-р 50 ортой хүүхдийн эмнэлгийг барих ажлыг эхлүүлээд байгаа” гэдгийг энэ үеэр онцолж байлаа.
Түүнчлэн Шархад орчимд хүүхдийн эмнэлгээс гадна сургуулийн асуудал ч хүндхэн байдаг. Тухайлбал энэ орчимд ганцхан сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Улаанбаатар хотын шинэ дэд төв байгуулах ажлын хүрээнд хоёр дахь томоохон сургуулийг барих шийдвэрийг гаргасан. Цаашлаад 180 хүүхдийн цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулахаар төлөвлөөд байна. Мөн Шархад орчимд спортын цогцолбор барихаар зураг төслийн ажлыг нь хийгээд явж буй” гэдгийг дуулгалаа. Мөн энэ үеэр дүүргийн иргэд, ажилчин албан хаагчидтай уулзаж тэдний санал хүсэлтийг сонссон юм.
Баянзүрх дүүрэг нь 300 гаруй мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүрэгт тооцогддог төдийгүй, Монгол Улсын нийт хүн амын 10 орчим хувийг эзэлдэг байна. Тиймээс сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ хангалтгүй гэдгийг тус дүүргийн оршин суугчид хэлж байлаа. Энэхүү хүүхдийн эмнэлэг нь Энхтайван хөгжлийн сантай хамтран Баянзүрх дүүрэг төдийгүй нийслэлд хийгдэж буй гуравдахь томоохон бүтээн байгуулалт аж.
Сэтгэгдэл байхгүй байна.