Хууль бус компаниудыг эсэргүүцлээ
Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3-р багийн малчин, ‘Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя’ ТББ-ийн тэргүүн А.Энхтөр өнөөдөр /2018.08.07/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Баянхонгор аймгийн Жаргалант суманд хууль бусаар алт олборлож байгаагаас байгаль орчинд ихээхэн хохирол учирч байна. Мөн тус сумын Засаг дарга уг компаниудад ямар нэгэн хариуцлага тооцохгүй, даврааж байгаа гэлээ. А.Энхтөр ярихдаа "Сумын байгаль орчны нөхөн сэргээлт нэрийн дор 2013 оноос хойш хууль бусаар алт олборлож, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж уул, ус гол горхийг бохирдуулж байна. Манай сумын иргэд энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохын тулд "Байдар нутаг усаа хайрлан хамгаалъя’ ТББ-ийг байгуулж тэмцсээр ирсэн. Байдрагийн гол бол 300-аад километр урсдаг, Монгол Улсдаа томд тооцогддог. Үүнээс болж 5 сумын иргэдийн эрх ашгийг зөрчигдөж байна” гэв.
Тус төрийн бус байгууллагын гишүүн А.Энхдөлгөөн ‘Баянхонгор суманд хууль бусаар 2-3 компани алт олборлолт хийдэг. Эдгээр компани нөхөн сэргээлт огт хийдэгүй, сумын удирлагуудад ханддаг боловч ямар ч хариуцлага тооцдоггүй, сум хөгжүүлэх санд 100 сая төгрөг төлдөг боловч уг мөнгийг орон нутгийн удирдлагууд нь өөрсдөө захиран зарцуулж байна. Бид дөрвөн жилийн хугацаанд тухайн байгууллагуудтай тэмцсээр ирсэн, цаашдаа ч тэмцэх болно” гэлээ.
Жаргалант сумын Мандлын бөөрөг хэмээх газар 2013 оноос хууль бусаар алт олборлож эхэлсэн бөгөөд жил болгон нөхөн сэргээлт хийнэ гэдэг ч огт хэлсэндээ хүрдэггүй аж. Мөн тус сумын байгаль орчны хяналтын байцаагчийн зүгээс "Агь хаарвист” ХХК болон "Оргил моунт” ХХК гэх компаниудад үйл ажиллагаагаа зогсоох шаардлага өгсөн боловч одоог хүртэл ямар нэгэн хариу өгөлгүй хууль бусаар олборлолт хийсээр байгааг ч тэд шүүмжиллээ.
М.Тогтох
Сэтгэгдэл байхгүй байна.