УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг үндсэн хуулийн цэцэд өгчээ

3

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД

МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ НЬ

2018 оны 8 дугаар сарын 20-ний өдөр                                                    Улаанбаатар хот

Л.Оюун-Эрдэнэ нарын УИХ-ын гишүүдээс "Нийтийн сонсгол зохион явуулах тухай” албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг, 47 дугаар зүйлийн 1,  56 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж буй тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг, 47 дугаар зүйлийн 1-д " Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэж, 56 дугаар зүйлийн 1-д "Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж тус тус хуульчилсан байна. Үүнээс үзэхэд Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, гэм буруутай эсэхийг гагцхүү шүүхийн байгууллага тогтоох бөгөөд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрхийг прокурорт олгосон байна.

Гэтэл Л.Оюун-Эрдэнэ нарын УИХ-ын гишүүдээс "Нийтийн сонсгол зохион явуулах тухай” албан бичгийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан байна. Тус албан бичигт: "… Төрийн албыг үнэлэн арилжих сэдэл бүхий "60 тэрбумын хэрэг”, ”ОХУ-ын Ростех болон Монголын Зэс корпорацийн худалдан авалт хууль зөрчиж хийгдсэн тухай Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, Стандарт банкнаас авсан 109 сая ам.долларын асуудал, Самурай ба Чингис бондын зарцуулалт, эргэн төлөлт зэрэг асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод улс төрийн нөлөөллөөр замхардаг, дарагддаг нь энгийн үзэгдэл боллоо … Иймд нийгэмд дуулиан тарьсан "60 тэрбум”-ын гэх хэрэг хэрхэн шийдэгдсэн талаарх асуудлаар Монгол Улсын Их хурлын Хаврын ээлжит чуулган хаахаас өмнө зохион байгуулахыг хүсье” гэж дурьджээ.

"60 тэрбумын хэрэг” нь шүүхийн шатанд хянан шийдвэрлэгдээгүй боловч хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрх бүхий прокурорын байгууллагаас энэ хэргийг хянан үзээд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь "60 тэрбумын хэрэг”-ийг үнэн бодитой, үүнд холбогдсон этгээдүүдийг гэм буруутай, уг хэргийг шалгасан эрх бүхий байгууллагуудыг үүргээ хэрэгжүүлээгүй тухай утга агуулгатай мэдээллийг олон нийтэд илэрхийлсээр байгаа бөгөөд "Зуун чухал сэдэв” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо "… М.Энхболд гэдэг улс төрч мэлзэж байгаа … төр нь дагаж мэлзэж байгаа … АТГ томилсон хүнээ дагаж мэлзэж байгаа … ийм тодорхой зүйл дээр үнэнээ хүлээхгүй мэлзэж байгаа … АТГ хэргийг хаахдаа надад мэдэгдээгүй   ” гэх мэт олон үгийг ярьж, энэ хэрэгтэй холбогдуулан "Нийтийн сонсгол зохион явуулах тухай” албан бичгийг УИХ-ын даргад өргөн бариад байна.

Төрийн эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваагддаг бөгөөд эдгээр нь хоорондоо харилцан тэнцвэртэй байж, хариуцлагыг бие даан хүлээх нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, эрх зүйт төрийн оршин тогтнох суурь болдог. Монгол Улсын Үндсэн хууль нь дээрх үзэл санаанд суурилсан бөгөөд үүний дагуу Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт Монгол Улсын төрийн байгууллыг тодорхой зааглан хуульчилсан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу хэрэг маргааныг хянан шийдвэрлэж гаргасан шүүх болон прокурорын байгууллагын аливаа шийдвэр нь хэн нэгэн этгээдийн хувийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцэх албагүй. "60 тэрбумын хэрэг”-ийг прокурорын байгууллагаас хянан үзээд хэрэгсэхгүй болгосон байхад заавал гэм буруутай гэсэн хувийн үзэл бодлоо бусдад тулган, нийтийн сонсголоор далимдуулан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж байна. УИХ-ын гишүүн нь холбогдох хуулиар олгогдсон бүрэн эрхтэй хэдий ч гэм буруутай эсэхийг тогтоох, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрх байхгүй болно.

Иймд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачлан 60 тэрбумын хэргээр "Нийтийн сонсгол зохион явуулах тухай” албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг, 47 дугаар зүйлийн 1, 56 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж байгааг тогтоож өгнө үү.

Мэдээлэл гаргасан                                                                  Н.Ширчин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
:

УИХ-ын гишүүн болохоороо бүхнийг хийж чаддаг, бүгдийг мэддэг болдог нь монголын том асуудал болчоод байна. Ахиж сонгогдохын тулд юуч хамаагүй ярьж байна.

:

huuli hyanaltiin baiguullagiin ner hundiig zohion baiguulalttaigaar unagah ajillagaa yavagdaad bh shig bn

:

энхболдоо монголоор тоглож дуусаагүй юу ? бууны нохой болох сайхнуу ширчин ээн