НМХГ: "Өргөө амаржих"-ийн эмч нар өөрсдийн нэрээр тусгай зөвшөөрөл авч хувийн эмнэлэг байгуулсан нь илэрсэн

0

НМХГ: "Өргөө амаржих"-ийн эмч нар өөрсдийн нэрээр тусгай зөвшөөрөл авч хувийн эмнэлэг байгуулсан нь илэрсэн

НМХГ-аас хууль бус үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эх барих эмнэлгүүдэд шалгалт хийжээ. Шалгалтынхаа талаар мэдээлэл хийв. 

НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Иргэдийн мэдээллийн мөрөөр, утсаар, удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврын дагуу шалгалт хийлээ. Гол нь хууль бус үр хөндөлтийг таслан зогсоох, нийтэд сэрэмжлүүлэх чиглэлээр хийсэн. Нийслэлийн хэмжээнд 46 эмнэлгүүдийг хамруулсан. Үүнээс Сүхбаатар дүүрэгт 32 нь үйл ажиллагаа явуулж байсан.

Хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөлд заагдсан хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй хэд хэдэн эмнэлэг илэрсэн. Мөн тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд байна. Тодруулбал, "Энхлэх", "Сүйжин", "Ач Арвижих", "D.O.L", "Энхманал".

Түүнчлэн "Цэцэнгуа, Цэцэгс, "Бяцхан гүнж" эмнэлгийн эмч нар эмчлэх, сувилах, эх барих зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан нь илэрсэн. Үр хөндөлтийн улмаас улсын эмнэлэгт хүнд байдалтай ирж байгаа эсэхийг шалгахад  "Амгалан амаржих", "Эх нялхаст" ийм 21 тохиолдол гарсан байна. Тодруулбал, Гурван иргэн Эрээнээс, хоёр нь интернэтээр, гурав нь Нарантуул захаас, дөрөв нь Зүүнхараагийн захаас, хоёр нь хувь хүнээс зулбуулах эм уугаад хүндэрч, "Амгалан амаржих", "Эх нялхаст" хандсан байгаа юм. Үүнээс хоёр нь нэлээд хүндэрсэн тул умай авахуулах хагалгаанд оржээ. 

Итгэмжлэлийн хугацаа дууссан, тусгай зөвшөөрөлгүйгээр үр хөндөлт хийсэн тохиолдол БЗД-ийн "Энхийн төлөө" эмнэлэгт гарсан. Үүний улмаас иргэн Н умай авахуулах хагалгаанд орсон. 

Зөрчлийн тухай хуулиар гурван эмч, дөрвөн хуулийн этгээдэд торгох арга хэмжээ авсан. 

Гол нь хууль бус үр хөндөлтөөс болж охид, эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ насан туршдаа хохирох эрсдэлтэйг анхааруулах үүднээс мэдээлэл хийлээ. 

Судалгаагаар, үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь ахиад хүүхэдтэй болоход асуудалтай, хүндрэл учирдаг, үр тогтоход эрсдэл үүсдэг байна. Мөн баталгаагүй буюу МУ-ын эмийн бүртгэлд бүртгэлгүй эм битгий авч хэрэглээчээ гэж захимаар байна. Үр зулбуулах эмийг зайлшгүй нөхцөлд эмчийн заавраар уудаг. 

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга н.Баасандорж "Тусгай зөвшөөрөл байхгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд илэрсэн. Эмчилгээ явуулах дүгнэлт байхгүй нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Эмч нар нь эмчлэх лицензгүй байсан тохиолдлууд ч гарсан. Улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн эмч нар өөрсдийнхөө нэр дээр тусгай зөвшөөрлийн эрх авч эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа нь илэрсэн. Энэ бол ашиг сонирхлын зөрчил гаргаж байна гэсэн үг. Энэ асуудлаар НЭМГ-т шаардлага хүргүүлсэн. Тусгай зөвшөөрөл өгдөг НЭМГ, ЭМЯ нь тусгай зөвшөөрөл өгчихөөд эргээд дотоод хяналт шалгалт хийдэггүй, эргэх холбоо байдаггүй нь харагдаж байна. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Хүндрэл гарч ирсэн эмэгтэйчүүдийн биеийн байдал хэр байгаа вэ?

-Хүндрэл гарч ирсэн 21 эмэгтэйчүүдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан. Хоёр эмэгтэй умайн авахуулах хагалгаанд орсон. 

-Умайгаа авахуулсан эмэгтэйчүүд хэдэн насны эмэгтэйчүүд вэ? 

-20-25 насны охид байгаа. 

-Хууль бус үр хөндөлт хийсэн эмч нарт зөрчлийн хуулиас гадна ямар арга хэмжээ авдаг юм бэ? 

-Зөрчлийн тухай хуулинд зааснаар эмчийн лицензийг нэг жилээр хасна. Тухайн эмчийг 500 мянган төгрөгөөр торгоно. Аж ахуйн нэгжийг 5 сая төгрөгөөр торгодог байгаа. Дөрвөн эмчийн лицензийг цуцлуулах хүсэлтээ өгсөн. 

-Баталгаагүй, бүртгэлгүй эмийг хэрхэн зогсоох вэ? 

-ЭЦГ-ын албан хаагчидтай хамтран хяналт шалгалт явуулдаг. Мэдээж үүнд гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Өгдөг нэг хүнээрээ л дамжуулдаг юм уу. Тийм сүлжээнд орчихсон байдаг. Интернэт орчинд бас ийм зар тавигддаг. Үүнийг мөн цагдаагийн байгууллагаар шалгуулдаг байгаа. 

-Улсын эмнэлэгт ажилладаг эмч нар давхар тусгай зөвшөөрөлтэй ажилладаг гэлээ. Энэ талаар мэдээлэл өгөөч? 

-Энэ бол нийтлэг байгаа гэж ойлгож болно. "Өргөө" амаржих эмнэлгийн эмч нар 6-12 жилийн хугацаанд өөрсдийнхөө нэр дээр тусгай зөвшөөрөл авч давхар ажиллаж байсан нь судалгаагаар тогтоогдсон. Энэ нь тодорхой хэд хэдэн хуулиудыг зөрчсөн нь илрээд байна. Хувийн эмнэлгүүд дээрээ давхар мөнгөөр үздэг ч юм уу тийм ашиг сонирхлын зөрчил илэрч байхыг үгүйсгэхгүй. Одоогоор таван эмч тогтоогдоод байгаа. Тэдний мэдээллийг НЭМГ-т хүргүүлсэн байгаа. 

Б.Анир 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.