Хүүхдээр мөнгө олдог төрийн болон ТББ-уудыг цэгцэлье
Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд эдийн засагчид, шинжээчид анхаарал хандуулсан өдрүүд үргэлжилж байна. Ямартай ч газрын хэвлий дэх байгалийн баялгаас орж ирж буй орлогын тодорхой хувийг "Хүний хөгжил сан”-д хуримтлуулах тухай багтжээ. Тухайлбал, Засгийн газар "Хүний хөгжил сан”-гаас дамжин ирсэн нэг их наяд 71.9 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж дуусаад "Ирээдүйн өв сан”-д 2019 онд 553.1 тэрбум төгрөг, цаашид жил бүр 1.0 их наяд гаруй төгрөгийг хуримтлуулахаар тооцсон байна. Ингэснээр Монгол Улс анх удаа байгалийн баялгийн орлогоосоо хуримтлал үүсгэж, ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилтыг эхлүүлэх болсон нь олны анхаарлыг татаад зогсохгүй иргэд энэ ажилд нь тун таатай хандаж буйгаа илэрхийлж байгаа юм.
Хэдийгээр эдийн засгийн таагүй байдал "шувтраагүй” байгаа ч төсвийн төсөөлөлд энэ мэт таатай зүйлс цөөнгүй байгааг тэд дуулгасан. Харин гэрэл гэгээтэй зүйлийн сүүдэр нь гэмээр зүйл ч төсвийн төсөлд харагдана. Ингээд хүүхэд хамгааллын арга хэмжээний төсвийн төсөөллөөс аваад үзье. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны төсөвт шинээр хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах зорилгоор нийт долоо орчим тэрбум төгрөг суулгажээ. Үүний 59 хувь буюу 3.9 тэрбум төгрөгийг байгууллагын үйл ажиллагааны зардал, эд хошил худалдан авахад зарцуулахаар төлөвлөжээ. Үүнээс 15 хувийг буюу 957.5 сая төгрөгийг мэдээлэл сурталчилгаа, урлагийн наадам тэмдэглэлт өдөр зохион байгуулахад, найман хувь буюу 528.1 сая төгрөгийг сургалт судалгаа явуулахад, 10 хувийг бусад үйл ажиллагааны зардалд зориулахаар тусгасан бол 10-хан хувийг хүүхэд хамгааллын чиглэлд зориулахаар тусгасан нь шүүмжлэл дагуулаад буй. Хэдийгээр хүүхэд хамгааллын чиглэлд хууль дүрэмтэй болж, төсвөөс мөнгө хуваарилж байгаа ч энэ нь маш хангалтгүй мөнгө гэдгийг ч дурдсан. Хамгийн гол нь хүүхэд хамгааллын гол асуудал болох гэр бүлийн хүчирхийллийн үүдэл шалтгааныг арилгах чиглэлээр болон бусад голлох ажлуудад зарцуулсан санхүү, хөрөнгийн зарцуулалтын талаар огт дурдагдаагүй байгаад ихээхэн шүүмжлэлтэй ханджээ. Учир нь, нийт төсвийн дийлэнх хэсэг болох 59 хувийг байгууллагын үйл ажиллагаа, эд хогшил авахад зориулж байгаа нь буруу.
Хүүхэд хамгаалахад байгууллагын эд хогшил ямар хамаатай юм бэ, Төсөвт "байгууллагын үйл ажиллагааны зардал” хэмээн учир битүүлэг /3.9 тэрбум/ өндөр мөнгөн дүн орж ирж байгаа нь ямар учиртай юм бэ, үүнийгээ тодорхой болгох тал дээр анхаарах хэрэгтэйг хаа хаанаа сануулсаар. Нөгөө талаар хүүхэд хамгааллын чиглэл, үйл ажиллагааны зорилтод тусгасан мөнгөн дүн тодорхой бус байна гэдгийг хэлсэн. 2018 оны хүүхэд хамгааллын арга хэмжээний төсвийн зарцуулалтад ч 6.4 тэрбум төгрөг суулгаж өгсөн нь яг дээрх төсвийн төсөөллөөр явж ирсэн учраас хүүхэд хамгаалах тал дээр мөнгө хөрөнгө төсөвлөөд ч тодорхой үр дүнд хүрээгүй аж. Тэр ч бүү хэл гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийллийн гаралт буурах нь бүү хэл нэмэгдэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байв. Уг нь манай улс хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийлэлийн гаралт их байгааг тунгааж, энэ тал дээр төрөөс тодорхой бодлого баримталж төсөв хөрөнгө зарцуулж ирсэн ч дунд шатандаа мөнгөний зарцуулалт тодорхойгүй байгааг шүүмжилсээр байгаа юм. УИХ-аас 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хууль болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг баталсан цагаас хойш энэ асуудал хүчтэй дэгдэж байсан ч нөхцөл байдал дээрдэхгүй байгаа юм.
Дээрх хуулиуд батлагдаж, улмаар 2017 оноос Ерөнхийлөгч Х.Баттулга ч энэ тал дээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай уулзаж, шийдвэр гаргах төвшинд хүртэл дуу хоолойгоо хүргэхийг зорьж ирсэн юм. Хууль дүрмийг орчин үеийн нөхцөл байдалд уялдуулан шинэчлэхээс өмнө ч хүүхдийн эрх ашгийг хамгаалах төрийн байгууллагууд болон ТББ-ууд олноороо үйл ажиллагаа явуулж байсан ч тэд ямар ч үр дүнд хүрээгүй нь хүүхдийн нэрээр мөнгө олдог байгууллагууд байсаар байна уу гэсэн хардлагыг дагуулсаар байна. Тиймээс энэхүү хардлагыг алга болгохын тулд дээрх байгууллагуудыг цэгцлэх цаг нь болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.