Төрийн гурван өнцөг, түнэр харанхуйн гурвалжин
Манай бараг бүх дарга нар, УИХ-ын гишүүд "Энэ, тэр өнцгөөс, ингэж тэгж харж байна” гэж ярьцгаадаг нь ёсоор болж төр бүхэлдээ "өнцөгдлөө”. Tөрийн өндөр түвшинд, үндсэн хуулиа өөрчлөх тухай асуудлаар гурван янзын үзэл баримтлал үүсэж, бие бие рүүгээ тийрэн салжийв. ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох төрийн тэргүүн санаачилга гарган гурван өөр өнцөгтэй тэднийг харилцан буулт хийн хэлэлцэж, нийтлэг эрх ашиг дор нэгдэхийг уриалав. Гэвч тэр нэгдэх цэг нь тодорхойгүй, механизм нь хэрэгжих үндэслэлгүй, холбох арга зам нь бүрхэг, хав харанхуйд юу ч харагдахааргүй болчихлоо. Бэдрээд тэмтчээд ч биесээ олохооргүй төөрөлдлөө. Төрийн тогтолцооны эдийн засгийн тулгуур болдог улсын нэгдсэн төсвийн хэлэлцүүлэг ийм л сэтгэгдлийг ард түмэнд өглөө. Өнөөгийн төр, цагийн байдал нэг иймэрхүү л байна. Улстөрчид гээд өөрсдийгөө дөвийлгөн нэрлэчихсэн, төрийн толгой дээр олбог засаад суучихсан намын гишүүдийн мэдлэг гэж бас таг харанхуй. Ийм хүмүүс түнэр харанхуй дотроос хэрхэн өөдлөх замыг олох нь ойлгомжгүй. УИХ-ын гишүүн, төрийн сайд хүн цог жавхлант эзэн хаант гүрнийг бүгд найрамдах гээд л гудайх ч үгүй хэлээд зогсож байна шүү дээ. Энэ бол ард түмний сонголтын буруу биш, харин сонгуулийн тогтолцоо өвчтэй байгаагийн үр хөврөл юм. Саяхан нэг мэтгэлцээн аятай юм боллоо. Ерөнхийлөгч эсвэл парламентын засаглалын аль нэгийг сонгох юм гэнэ. Төрийн тогтолцоо нь боловсронгуй улс орнууд бүгд холимог тогтолцоотой байгааг ч анзаарч мэдэх юм алга. Хамгийн муу гэгддэг хоёр туйлын аль нэгийг нь сонгох гээд маргалдаж байгаа харагдав.
Парламентын тогтолцоогоо улам боловсронгуй болгохыг Ерөнхийлөгч уриалсан
Английн парламентын жишиг л гэцгээх юм. Гэтэл Англи улс үндсэн хууль хэмээх баримт бичиг хэрэглэдэггүй, гол хуулиуд нь үндсэн хуулийн түвшинд мөрдөгддөг. 1990 оноос парламент ч гэж байхгүй болсон эртний уламжлалт хаант засаглалтай их гүрэн гэдгийг ч анзаарсангүй. Байхгүй юмнаас яаж жишиг олж авдгийг би бол мэдэхгүй. Харин Их Британи гэвэл засаглалын тогтолцооноос нь алсдаа аваад хэрэглэчихмээр өчүүхэн санаа гарч мэдэх л байх. Их Британи бол Англо-Саксоны гэх далайн эрх зүйтэй (манайх Ром-Германы эрх зүйтэй), түүндээ механизм нь яг таг зохицчихсон. Англи, Хойд Ирланд, Шотланд зэрэг холбооны улсуудаа нэгтгэн удирддаг, нэгдсэн вант улсын тогтолцоотой их гүрэн шүү дээ. Улстөрчдийн танин мэдэхүйн түвшин иймэрхүү л байна.
ҮНДСЭН ХУУЛИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭР ҮЗЭЛ БОДОЛ
Энэ бол МАH-аас парламентад суугаа бүлэг гишүүдийн өнцөг. уг нь парламенттай улс орнуудын жишигт ийм тогтолцоо байхгүй. Тэгэхээр хууль бус институц, парламентын бүгд найрамдах засаглалтай улсуудад намууд нь сонгуулийн бус жилүүдэд "унтаж” эсвэл parteitag (party convention) буюу "намын чуулга” хийж улс орны хөгжлийн концепцын талаар байнга мэтгэлцдэг. Зарим оронд намыг сонгуульд туслуулахаас бусдаар төрийн үйл ажиллагаанд оролцохыг үндсэн хуулиараа хориглосон. Учир нь аливаа төр ард түмний эрх ашгийг хамгаалдаг бол нам хэсэг бүлгийн явцуу сонирхлыг урьтал болгодог. Чухам энэхүү үүргээрээ л зөрчилдөөд байдаг юм шиг. Манайд бол систем нь бүхэлдээ урвуугаар эргэсэн. Намууд бодлогын биш, улс төрийн ажиллагаатай, төр нь тэр гэхийн тэмдэггүй, холион бантангийн ажилтай дагавар субьект. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өнөөгийн үндсэн хууль үүргээ сайн гүйцэтгэж байгаа, ямар ч өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж мэдэгдэв. Мөн төрийн хямрал бол системийнх биш, өндөр түвшний хэдэн улстөрчийг хөдөлгөхөд л шийдэгдэх асуудал гэж удаа дараа мэдэгдсэн. Үүнийг УИХ дахь бүлгийн хуралдаанд ярьсан, тохирсон гэж тэрбээр хэлдэг ч ард түмэн төдийлэн итгэхгүй байгаа бололтой. Учир нь МАН-ын бие бүрэлдэхүүн дотоод зөрчлөөсөө үүдэн хагарсан. Хэсэг залуу гишүүд яг эсрэг зүйл ярьж мэдэгдсээр байгаа. Гангар шаазан хагарвал нааж болдоггүйтэй адил хагарсан намыг үзэл санаагаар нийлүүлнэ гэдэг угтаа үл гүйцэлдэх төлөвлөгөө. Нам дотроо хагарсан ч сонгуулийн үеэр салаад уначихгүй гэдгийг л олон түмэнд харуулах гэсэн ээлжит оролдлого төдий зүйл. Ард түмэн мэдээж энэ өнцгийг хүлээж авахгүй байх. Нэг намын ашиг сонирхлоос нийт ард түмний эрх ашгийг дээгүүр тавих ёстойг бүх нийтээрээ ойлгохын дээдээр ойлгодог болчихсон.
ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗАСАХ БОДЛОГО
Энэ бол "Лүндээжанцантангууд”-ын өнцөг, цээжээрээ хамгаалж буй төсөл нь. Ард нь мэдээж МАН-ын сэтгэлгээний хамгийн их элэгдэл хорогдолтой, хэт консерватив хэсэг зогсож байгаад эргэлзэх хэрэггүй. Тэд төр бол гэр гэж ойлгодог, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч үүнийгээ ил тод зарласан. Төрийн амьд харилцааг автомашин, гэр, байшин барилгаар төсөөлсөн бодлого нь хувцасны загвар зохион бүтээхтэй л адилхан гэж сэтгэсээр. Гэр-төрийнхөө бүрээсийг нь сольчиход л төр шинэчлэгдэнэ гээд бодчихсон гэнэн гэхээсээ илүү хорлонтой, зориудын ажиллагаа. Зорилго нь энгийн бөгөөд маш тодорхой. олон нийтэд биш хэдэн гэр бүлд л ашигтай, гадныханд туйлын хэрэгтэй нүдүүрийн капитализмын мөлжлөгийг 30-40 жил үргэлжлүүлэх санаатай бодлого. Оюутолгой, Тавантолгойн ордуудын баялгийн өрмийг нь хамж дуусах хугацааг ингэж төлөвлөсөн байдаг. Оюутолгойн Монголын талын ашиг авах хугацааг 40 жилийн дараа гээд зарлачихсаныг бүгд мэднэ. Тавантолгойн нөөцийг ч асар хурдтайгаар ховх сорох нь ойлгомжтой. Хурдасгасан хөдөлгүүрт, нүдүүрийн капитализм шүү дээ. Энэ бол гаднын залуурга (navigation)-тай бодлого. Энэ бодлого цааш үргэлжилбэл 2060 он гэхэд Монгол улс одоогийн нигери болно. Дотоодын зуучлагч (хусам долоогч ч гэцгээдэг) этгээдүүдийн "бяцхан хөөрхөн” бодлого гэж бас байна. Тэр нь 2020 оны сонгуульд үндсэн хуулиа өөрчилсөн гэсэн том амбийцтай давхиж орох. Тэд монголчууд агуу мэдрэмжтэй ард түмэн гэдгийг тооцсонгүй. Референдум хийхээс айгаад байгаа учир нь ердөө энэ. Референдум (бүх нийтийн санал асуулга) гэдэг нь намын гишүүдийн санал хураасан, цугларалт дээр хэлсэн үгсийг товчоолсныг хэлэхгүй. Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлахдаа референдум хийж, тусгаар улс гэж үзэхгүй байсан Хятад улс хүртэл тэр дор нь зөвшөөрч байсныг эргэн санацгаая. Референдумыг намын гишүүдийн хэлэлцүүлэгээр орлуулах оролдлого биелбэл, ард түмэн төрөө өөрөө засан тохинуулах тухай (self-determination) НҮБ-ын дүрэм (charter, preamble), олон улсын эрхийн тодорхой зарчмыг эсэргүүцэн зөрчих юм. Аль ч намын гишүүн ард түмнийг орлон төлөөлж чадахгүй, тэгж ч болохгүй. Ард түмний "аман хууль”-ийг сөрөг байдлаар хуульчилж, нам нь нийт ард түмнийг төлөөлж болох заалтыг үндсэн хууль өөрчлөх төсөлд сэмхэн шургуулсан байсныг ажиж мэдсэнээ энд хариуцлагатайгаар илчлэн мэдэгдье. Миний бие үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл анх гарахад л анхаарч, нийтлэл бичиж, судалсан. Саяхан УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр М.Энхболд, "хэлэлцэхэд бэлэн болсон” гэсэн. Гэтэл уг хуулийн төсөлд "Нам үндэсний хэмжээнд үйл ажиллгаа явуулна” гэсэн байна. Үүний ард "Нам бүхнийг шийднэ, нийт ард түмнийг ч төлөөлнө” гэсэн агуулга нуугдаж байгаа юм. Энэ бол маш ноцтой асуудал. Одоогийн бусармаг төр, намын дарангуйлал цааш 30-40 жилээр сунана. дараагийн өөрчлөлт хүртэл энэ дарангуйлал бүрэн эрхтэй оршихыг үндсэн хуулиар батлагаажуулна гэсэн үг болчихож байна.
ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ ГАРГАХ КОНЦЕПЦ
Энэ бол Монгол улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүний өнцөг. Шинэ тавдугаар үндсэн хууль гаргах гэсэн агуулга, концепц нь маш энгийн. Өнөөгийн тогтолцоо засвар авахгүй, тогтолцоог сууриар нь өөрчлөх шаардлага Монгол улсaд тулгарсан гэсэн үзэл баримтлал юм. Суурь тогтолцоог өөрчлөх асуудал гагцхүү үндсэн хуулийн өөрчлөлтөөр л шийдэгдэнэ гэсэн санаа. УИХ-ын нээлтийн болон бусад хэлсэн үгсийг нь харьцуулан судлахад Ерөнхийлөгчийн засаглал тогтоох утгатай нэг ч үг, утга тааралдсангүй. Ерөнхийлөгчийн засаглал тогтоох нь гэсэн яриаг хэн, хэзээ гаргасныг мэдэхгүй. Ор үндэсгүй гэдгийг нь л мэдэж байна. Харин ч бүр өнөөгийн парламентаа цааш боловсронгуй болгоё, Ерөнхийлөгч нь ёслолын чанартай биш ажил хийдэг байя. Ийм тогтолцоо руу ороод амжилттай хөгжиж байгаа Евразийн улс орнуудыг судалж үзье. Өнөөгийн тогтолцоондоо системийн өөрчлөлт хийе… ийм л санаа хэлсэн байх юм. Би радикал үзэлтэй болоод ч тэр үү, уухай гээд л дэмжмээр санагдав. Гэхдээ бас анхаарах, дахин хармаар зүйл бишгүй байна. Ерөнхийлөгчийн дэргэд шинжлэх ухааны баг, хүрээлэн байдаггүйтэй холбоотой гарсан алдаа байж ч мэднэ. Төрийн тогтолцоо нь загвар, модуль биш, амьд харилцаа гэдгийг ойлгосон байдал бас мэдрэгдэж байна. Төрийн тогтолцоог барилгын архитектуртай зүйрлэх дуртай хүмүүст нэг аятайхан жишээ хэлье. Хотын төвд Буянгийн Жаргалсайханаар овоглосон хоосон өндөр барилгыг хүн бүр мэднэ. Барилгын суурь фундамент нь сууж, өрлөг хийц нь цуурснаас хүн амьдрах аргагүй болсон. Надад гурван санал байна. Нэгд, хагарсан газрыг нь нөхөж шавардаад, барилга угсралт, зураг төслийг нь хийсэн инженерүүдэд арга хэмжээ аваад уг байрыг худалдах. Энэ тохиолдолд маш ашигтай ч хүн амьдарч буй барилга нь нурах эсэх нь хэнд ч падлийгүй болно. Хоёрт, цууралтад бүслүүр хийж боогоод, ан цавыг нь ахихгүй болгож бэхлээд, засвар хийж гоёод оршин суугчдад худалдах. Гэхдээ дахин цууралт үүсэх эсэхэд хэн ч баталгаа гаргаж чадахгүй. Гуравт, барилгыг бүхэлд нь нураагаад цоо шинэ барилга сүндэрлүүлэх. Мэдээж, зардал их гарна. Гэхдээ л оршин суугчид айх зүйлгүй тав тухтай амьдрах болно. Суурь дээр нь өөр зориулалтын шинэ барилга сүндэрлүүлсэн ч болно. Б.Жаргалсайхан гурав дахь хувилбарыг сонгосон байх. А зэрэглэлийн бүсийн газрын үнэ тэнгэрт хадах цагийг хүлээзнэж байж ч мэднэ. Үндсэн хуулийг өөрчлөх дээрх гурван өнцөгтэй энэ барилгын хувь заяаг зүйрлэвэл ийм байна.
ТҮНЭР ХАРАНХУЙН ГУРВАЛЖИН
Төрд гурвалжин үүсч, хоорондоо зөрчилдөн цаг алдаж, нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй мухардлаа. Хоорондоо ярилцаж байгаа механизм, концепцууд нь ч харанхуй. Ард түмэнд хамгийн ил байх ёстой юмыг ингэж далдалж, нууцалж болохгүй л дээ. Үндсэн хууль бол ард түмний бүтээл. Гэтэл төрд атлантын далайн Бермудын гурвалжин шиг л байдал үүсчихлээ. Улстөрчид ханцуй дотроо харанхуй тохиролцоо хийх юм бол ард түмэн тэдний хүслийг дагаад түнэр харанхуй руу орно гэж хэзээ ч байхгүйг сануулья!
Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд референдум явуулах нь зайлшгүй
Ерөнхийлөгч гарц байгааг сануулаад "эрс шинэчлэлд бэлтгэгтүн” гэж уриалсан. шинэчлэлийн чиглэлийг ч маш тодорхой хэлсэн. Олон нийт ч халуун дулаанаар хүлээж авч байгаа нь мэдрэгдсэн. Эрс шинэчлэлээс олонх хожно, олигарх цөөнх хохирно гэсэн санаа аль аль талд нь цочроо өгчих шиг боллоо. Зарим олигархын цөс нь буцалж, "Би олигарх, оффшорчин. тэгээд яах юм” гэж сандчин мэдэгдсэнээс харахад тийм л байна. Тогтолцооны эрс шинэчлэлийн шинэ үндсэн хууль батлах концепц бэлэн болсон гэж үзэж байна. Улс төрийн намууд, эрдэмтэд, судлаачид, ард түмэнтэйгээ хамтраад энэ эрс шинэчлэлийг хийх санал дэвшүүлсэн. Гэвч яг хэрэгжүүлэх болоход бодлогод нэгдэх механизм нь тодорхойгүй байна. Нуруугаараа хараад суучихсан талууд араар хуйвалдаад, тохироо хийхгүй л байгаасай гэж найдъя! үүнтэй холбоотойгоор нэг механизм санал болгож байна. Эсрэг талынхаа саналыг эсэргүүцэх биш хүндэтгэх бодлого баримталж, үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг нь УИХ-аар хэлэлцүүлээд авсан нь дээр. Тэнд эрс шинэчлэлийн талынхан ч бий. Тэгэхээр ан, МАН болон талцаад байна гэж үзэх өчүүхэн ч үндэслэл байхгүй болно. Дараа нь шинэ үндсэн хуулийн үндсэн чиглэлийг бас хэлэлцүүлэх ёстой. Тэнд ч улс төржих шаардлага байхгүй. Энэ хоёр төсөл дээрээ ард түмний референдум явуулж болох юм.
ДҮГНЭЛТ: Төрийн тогтолцоонд ямартай ч өөрчлөлт орох нь тодорхой болчихлоо. Гагцхүү өнгө будгийн өөрчлөлт үү эсвэл бүхэлд нь өөрчилж системийн реформ хийх нь үү гэдэг бүрхэг байна. Танин мэдэхүйн үзэл баримтлалгүй, эмпирик түвшингийн судалгаагүй хандаж, сонгодог хэлбэрийн тогтолцоо төлөвшчихсөн соёл иргэншилтэй улс орнуудын жишгийг харгалзахгүй байж болохгүй. Юун түрүүнд, төрийн харилцааны цагийн байдал, бодитойгоор үүсчихээд байгаа төлөв хандлагыг сайтар харгалзах нь зүйтэй. Тогтолцоог өөрчилнө гэдэг үндсэн хуулийн 30 хувь гэхээс илүүтэйгээр, суурь агуулга, үндсэн чанарт нь гар хүрч байгаа хэрэг. Тэгэхээр өнөөгийн үндсэн хуулиа бүхэлд нь өөрчлөх л хэрэгтэй болж байна. Иймээс бүх ард түмний санал асуулга заавал явуулах шаардлагатай.
ГАРЦ: Санал асуулгыг орон даяар шударгаар, нарийн дэгтэй зохион байгуулах ёстой бөгөөд дараах байдлаар томъёолж болох юм. Үүнд:
-Үндсэн хуульд засварын нэмэлт өөрчлөлт оруулах эсэх. тийм. Үгүй.
-Шинэ тавдугаар үндсэн хуулиар тогтолцооны реформ хийх эсэх. Тийм үгүй. Сууриар нь өөрчлөн шинэчлэх гэдэгт ард түмний санал зонхилж байна гэж яриад байгаа болохоос хэн ч үүнийг судлаагүй. Гэхдээ, өөрчиллөө гэхэд ямар тогтолцоо бий болж, ард түмний амьдрал сайжрах вэ гэдэг асуултыг тойрсон асар том хүлээлт үүссэн. нэмэлт өөрчлөлт оруулах үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцэх юм байна гэж ойлголоо. Энэ бол зөвхөн нэг тал нь гэдгийг дахин давтан хэлье! Үндсээр нь өөрчлөх үзэл баримтлалыг боловсруулж УИХ-аар мөн хэлэлцэх ёстой. Үүний тулд эрдэмтэн мэргэд, судлаачид, намуудын төлөөллүүд, МАН-ын тэргүүний сэтгэлгээтэй залуус ч гэсэн оролцож, нэг баг болон ажиллаж, үндсэн хуулийн үндсэн чиглэлийн төслийг бэлэн болгох ёстой байх. Шинэ тогтолцооны талаар бие даасан судлаачдыг бас сонсох учиртай. МАХН-ын зүгээс боловсруулсан төслийг ч бас л нэг хувилбар гэж үзэж болох талтай. ийм л гарц байна даа!
И.Цэрэнхүү
Засгийн газрын мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.