ҮНДСЭН ХУУЛИАРАА ОРОЛДОХ НЬ ТУСГААР ТОГТНОЛОО САМРАХ ХЭРЭГ БОЛОХ ВИЙ ДЭЭ
Намрын чуулганы нээлтээс харахад улс төрийн дээд бүлэглэлүүд Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Үндсэн хуулийг оролдохоор шийдсэн бололтой байна. Их хурлын дарга М.Энхболдын толгойлж байгаа бүлэглэл сонгодог парламентын засаглалыг Үндсэн хуулиндаа суулгахаар болсон юм даг уу. Ноён спикер "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэгт улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид орсон. Тиймээс хэлэцэхийг эрхэмлэх нь зүйтэй” гэж чуулганыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд онцолсон. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчилж, шуудхан хэлэхэд Ерөнхийлөгчийн засаглалтай болгохоор шийджээ гэдэг нь хэлсэн үгнээс нь уншигдсан.
Тэрээр "Манай одоогийн тогтолцооны чадвар боломж нэгэнт бүрмөсөн шавхагджээ. Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. 1992 оны Үндсэн хуулиараа монголчууд бид түгээмэл бус холимог засаглалыг авсан нь хөгжлийн мухардалд хүрснийг одоо харж, мэдэж байна. Одоо хөгжлийн шаардлага нийгмийн хэрэгцээнд зохицуулан шинэчлэх хэрэгтэй болж байна. Шинэ Үндсэн хууль түүнийг батлагсдад баярлалаа гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирсэн”-ийг зарласан.
Сонгодог парламентын засаглал гэдэг нь ард түм-нээс сонгогдсон парламен-тын гишүүд төрийн Ерөнхийлөгчөө сонгохыг хэлнэ. Мөн парламентаас хүчирхэг Ерөнхий сайд сонгогдоно. Тэгээд Ерөнхий сайд нь өөрөө сайдуудаа томилж танхимаа бүрдүүлнэ. Сон-годог Ерөнхийлөгчийн засаглал гэвэл Ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогдоно. Мөн Засгийн газраа тэргүүлж сайд дарга нарыг томилохоос аваад бүх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэхийг хэлнэ. Мэдээж Их хуралд тайлангаа тавьж хэлэлцүүлнэ. Бүлэглэлүүдийн мэдэгдсэн дээрх хоёр тогтолцоо товчхондоо ийм.
Гэвч хэн хэн нь нэг ноцтой зүйлийг анзаарахгүй байгаа нь харамсалтай. Өнөөдөр Монголын нийгмийн халуурал дээд цэгтээ тулж засаг төрөө зүхэж хараасан, алба хашиж байгаа бүхнийг адгийн муухайгаар хэлсэн, хөрөнгө чинээтэй, өнгөтэй өөдтэй бүхнээ үзэж чадахаа байсан. Энэ их хийрхлийн үед Үндсэн хуулийг бүх ард түмний санал асуулгаар шийднэ хэмээн ярьж байгаа нь зөв үү. Нийгмийн донсолгоотой, эзэгтэй үед Үндсэн хуулиа санал асуулгаар шийдэхэд хамгийн түрүүнд популизмаар хийрхэгчид ялах нь гарцаагүй гэж бодогдож байна. Сонгодог парламентын засаглалыг хүссэн аядуу тал нь дийж болно л доо. Аль нь ч дийлсэн бай ялсан талынхаа саналыг ялагдсан тал нь хүлээн зөвшөөрөхгүй ээ. Ерэн оны хувьсгал шиг улс төрийн хүчнүүд нэгэндээ зөөлөн буулт хийгээд "тахимаа өгнө” гэж гонж.
Үүний үр дүнд Монгол Улс тусгаар тогтнолын баталгаагаа алдана. Учир нь Үндсэн хуультай ч юм шиг, огтоос Үндсэн хуульгүй ч юм шиг дампуу улс болж хувирна. Ялсан тал нь мэдээж шинээр бий болгосон Үндсэн хуулиараа явна гэж зүтгэнэ. Ялагдсан тал нь хуучин хуулиараа явахыг эрмэлзэнэ. Нийгмийн эмх замбараагүй байдал үүснэ. Цэргийн даран-гуйлал, нэг хүний дарангуйлал тогтоно. Төрийн эргэлт болж хувьсгал хийлээ хэмээн хийрхсэн нөхөд улс орноо галдан шатаах ийм л аюул нүүрлэж мэдэх юм. Хөрш орнууд ч бидний сиймхий дээр сүрхий тоглолт хийж иргэний дайн руу турхирахыг үгүйсгэх аргагүй. Эрх мэдлийн төлөөх тэмцэл, улс төрийн бүлэглэлүүдийн дайсагнал эцэстээ улс орноо сүйрэл мөхлийн ирмэгт аваачдагийг монголчууд эрх биш олон орны гашуун түүхээр мэдмээр сэн.
Тэгэхээр нөхөд минь тэртээ ерэн хоёр онд батлан мөрдөж байгаа шинэ Үндсэн хуулиа өөрчлөх гэж морин дэл дээгүүр сэлэм эргүүлэн дарцаглан давхилдахаа азнавал яасан юм бэ. Хэсэг хугацаанд хүлээж, нийгмийн энэ их халуурал хийрхлийг буулгаж байгаад өөрчлөлт хийвэл дээр биш үү. Улс орны хөгжил удаан байгаа нь үнэн. Гэхдээ тусгаар тогтнолоо алдвал юун хөгжил дэвшлийн тухай ярих манатай болно. Энэ үүднээс аваад үзэхээр ерэн хоёр онд батлагдсан шинэ Үндсэн хууль бидэнд гай болчихоогүй байна. Үл ялиг засвар оруулж хариуцлагын тогтолцоо зэргийг сайж-руулаад явж болно. Хугацаа өнгөрсний дараа нийгмийн энэ их хийрхэл, солиорол намжих байх. Тэр цагт харин Үндсэн хуулийнхаа тухай ярьж болно оо?