“Эрдэнэс Тавантолгой”-н IPO хариуцсан багийн гишүүд
Монголчууд бид "хөрсөн дороо эрдэнээр дүүрэн” сайхан газар нутгийн эзэн болсон азтай, хувьтай хүмүүс. Энэ л баялгийнхаа хувь, хишгийг хүртэж, хөгжлийн замдаа гарах учиртай. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагч нэрээр бидний баялгийг хүүлэгч, сэтгэлгүй, харь нутгийнхнаас илүү 100 хувь Монголчууд өөрсдөө хувьцаа эзэмшигч нь, эзэн нь болсон Тавантолгойн орд газраас л хишиг хүртэх ёстой.
Сүүлийн үед үйл ажиллагаа нь илт сэргэж эхлэн, хөгжлийн гараан дээрээ ирээд байгаа "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, олон улсад IPO гаргах ажилдаа ханцуй шамлан оржээ. Энэ ажлыг гардан гүйцэтгэх багаа ч чадварлаг залуусаар бүрдүүлээд амжсан байна. IPO хийх багт ямар ямар хүмүүс багтсаныг хэн хүнгүй сонирхох болсон нь нууц биш.
Тиймээс сэтгүүлч миний бие эрэн сурвалжилж "Эрдэнэс Тавантолгой”-н IPO хариуцсан багийн бүрэлдэхүүнийг та бүхэнд танилцуулахаар шийдлээ.
Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг; "Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ууган ажиллагсдын нэг бөгөөд 2007 оноос хойш төслийг хариуцаж, компанийг цаасан дээр босголцсон 5 хүний нэг. Мэргэжилтнээс нь эхлээд, хэлтсийн дарга, дэд захирал, үйлдвэрлэл хариуцсан тэргүүн дэд захирал хүртэл бүх шат дамжлагыг дамжсан захирал гэдгээр нь онцлох ёстой байх.
Мөн 2010 оноос 2013 он хүртэл Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг болон Засгийн газрын Ажлын хэсгүүдийн нарийн бичгийн даргаар ажиллаж туршлага хуримтлуулснаас гадна түүнийг олборлолт явуулах анхны төслийн багийг амжилттай удирдсан, уурхайчид дундаа байдаг хүн гэлцдэг.
Тиймдээ ч ажлаа эхлэхдээ уурхайчдынхаа үндсэн цалинг 21 хувиар, шөнийн нэмэгдлийг нь 50 хувь, ХАБ-ын нэмэгдлийг 5 хувь, ажилчдын дэмжлэгийн санг 2 дахин нэмэгдүүлж, 1072 хувьцаа мэдээллийн төв болон анх удаа төрийн компани олон нийтийн зөвлөлийг дэргэдээ байгуулсан зэрэг шийдвэрүүд нь компанийн хамт олныхоо төдийгүй олон нийтийн дэмжлэгийг хүлээгээд байна. Мөн 2018 оны 9 сарын байдлаар улсад 280 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 480 тэрбумд хүргэсэн гээд багаараа хийж бүтээснийг нь бичвэл урт жагсаалт гарна. Сураг сонсвол тэрээр Тавантолгойн бүлэг ордын жишээн дээр "Засаглал ба уул уурхайн тулгамдсан асуудал” сэдвээр доктор хамгаалахаар эрдмийн ажлаа хийж байгаа юм байна. Б.Ганхуяг захирал шинэ IPO багаа гадаад, дотоодын топ сургуулиудад сурч, төгссөн, мэдлэг, мэргэжлийн хувьд шигшмэл залуучуудыг сонгон бүрдүүлсэн нь анхаарал татаж байсныг нуух юун. Эхнээс нь CV-ийг нь уудалж, товчхон танилцуулга бэлдсэнээ хүргэе.
IPO хариуцсан дэд захирал О.Батнайрамдал; Саяхан миний олж уншсан "Ховдоос Харвард, Харвардаас Wall street хүрсэн монгол залуу” гэсэн ярилцлагын эзэн Батнайрамдлаар энэ баг хүч сэлбэжээ. Харвардын Бизнесийн сургуулийг төгсөөд, Америкийн алдарт "Bank of America Merrill Lynch” хэмээх хөрөнгө оруулалтын банкны салбарт ажиллан, олон улсын томоохон уул уурхайн компаниудад санхүү, стратегийн зөвлөгөө өгч байсан О.Батнайрамдал "Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх багийн ахлагчаар томилогджээ.
Маркетингийн газрын захирал С.Амгалан; АНУ-ын Торонтогийн Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, Торонтогийн хөрөнгө оруулалтын санд 10 гаруй жил ажиллаж, 2015 оноос "Эрдэнэс Тавантолгой” ХК болон "Эрдэнэс Монгол” ХХК-д газрын захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай санхүүч, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн.
IPO хариуцсан газрын захирал Э.Батбаяр; СЭЗДС, АНУ-ын Деврайн Их сургуульд Магистр, мөн Харвардын их сургуулийн Удирдлагын сургуулийг төгсөөд Сангийн яаманд мэргэжилтэн, Хөрөнгийн биржийн дэд захирал зэрэг албыг хашиж байсан Э.Батбаяр хэмээх залуу ажиллаж байна. Тэрээр Сангийн яаманд ажиллаж байхдаа НӨАТ-ын буцаан олголтыг санаачилж, хуулийг нь гардан хийсэн гэлцдэг.
Эдийн засаг, хөрөнгө оруулалт хариуцсан газрын захирал С.Ашидмөнх; ШУТИС, Япон улсын АOTS сургуулийг тус тус дүүргэж, "Монголросцветмет” ХХК-д санхүүч, ерөнхий эдийн засагч, Төлөвлөлт, эдийн засаг, судалгааны хэлтсийн дарга, 2009-2012 онд ACI Монголын санхүүгийн зах зээлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, "Эрдэнэс Оюутолгой” ХК-д Санхүү хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан.
IPO хариуцсан зөвлөх Н.Мандуул; Брэндайзын Их сургуульд МВА, Америкийн Их сургуульд ВМ хамгаалж, Дэлхийн банкны засаглалыг дэмжих төсөлд дотоодын зөвлөх, Сангийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, Монголын хөрөнгийн бирж Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга зэрэг ажил алба хашиж байсан байна.
IPO багийн ахлах шинжээч Ш.Амаржаргал; Ленинградын их сургууль, АНУ-ын Колорадогийн Уул уурхайн их сургуулийг Эрдэс баялгийн эдийн засагч, Английн Абердиний их сургуулийг эрх зүй, хуулийн ухааны бакалавраар тус тус төгсөөд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт лабораторийн мастераас ерөнхий диспетчер хүртэл дэвшиж, АНУ-ын Peabody Energy компанид Үйл ажиллагаа, бизнес хөгжил хариуцсан менежерээр 2015 он хүртэл ажиллаж байсан туршлагатай.
IPO багийн шинжээч Э.Алимаа; Английн Абердиний Их Сургуулийг хуульчаар төгсөж, АНУ-д хуульч өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах эрх авч, Lehman, Hogen Lovells компаниудад хуульчаар ажиллаж байжээ.
IPO багийн бусад ахлах шинжээч, шинжээчдээр дэлхийн топ их сургуулиудыг төгсөж, АНУ, Канад, ХБНГУ, ОХУ, Австрали, Хонгконгийн банк, санхүүгийн байгууллага, томоохон компаниудад ажиллаж байсан ажлын өндөр туршлагатай 8 мэргэжилтэн мөр зэрэгцэн ажиллаж байна.
Мөн дотоодын хөрөнгийн биржийн бүртгэл, тэр дундаа 1072 хувьцааг эзэмшигч Монголын нийт иргэдийг байнгын мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, аймаг, нийслэлийн хэмжээнд уулзалтууд хийх, нийгмийн хариуцлагын чиглэлийн ажлуудыг хариуцах үүрэг бүхий багийг Монголын Залуучуудын холбоо, Оюутны холбоо зэрэг олон нийтийн байгууллагыг удирдаж байсан, зохион байгуулах ур чадвар сайтай, туршлагатай залуучуудаар бүрдүүлсэн нь оносон шийдвэр болжээ.
Гүйцэтгэх захирал Б. Ганхуяг өмнө хамт ажиллаж байсан баг, залуучууддаа ийнхүү итгэл хүлээлгэсэн нь нэг талаараа ажлын ур чадвар, мэдлэг туршлагыг нь мэддэг болсон учраас компанидаа хэрэгтэй байгаа тэр орон зайг мэдэрсэн, нөгөө талдаа багаа орхидоггүй "мөс сайтай” залуу удирдагч гэж харагдаж байна.
Монголын иргэн бүрийн хувьцаа бүхий төрийн өмчит компаниудаас нээлттэй байдлаараа тэргүүлж эхэлснээ олон нийтийн өмнө зарлаад байгаа "Эрдэнэс-Тавантолгой” компанийн IPO багийн хамт олонд их ажлын амжилтыг хүсье. Ард түмний итгэл, найдвар хүлээлт, ачааг даасан шиг дааж ажиллах даалгавар та бүхний өмнө үлдлээ.
Б.ТОГТОХ
Сэтгэгдэл байхгүй байна.