АНУ-аас ирсэн хууль бус цагаачдад Канад олон сая ам.доллар зарцуулжээ
АНУ-аас ирсэн хууль бус цагаачдыг баривчлах, байрлуулах, янз бүрийн бичиг баримт бүрдүүлэх зэрэгт Канадын эрх баригчид 340 сая канад доллар буюу 255 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ тухай телевизийн CTV суваг тус улсын парламентын хараат бус төсвийн шинжээч Ива Жиругийн мэдээллээс иш татан уламжилжээ.
Түүний мэдээлснээр, энд зөвхөн 2017 оны дөрөвдүгээр сараас 2018 оны гуравдугаар сар хүртэлх үеийн тухай яригдаж байгаа аж. Энэ үед 24 мянган хууль бус цагаач Канад-Америкийн хилийг давсан байна. Үүнээс харахад татвар төлөгчид зөвхөн нэг цагаачид 14 мянга гаруй канад доллар /10500 ам.доллар/ төлжээ. Судалгаанаас үзэхэд, 2019-2020 онд АНУ-аас ирсэн хууль бус цагаачдыг баривчлах болон янз бүрийн бичиг баримт бүрдүүлэхэд Канадын төсвөөс 396 сая канад доллар /298 сая ам.доллар/ зарцуулах төлөвтэй байна.
2017 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачлалын бодлогыг чангатгах тухай зарлиг гаргасны дараа тус улс дүрвэгсдийн хувьд аюулгүй газар байхаа больсон учир хууль бус цагаачдыг ямар ч шалтгаангүйгээр Канадаас албадан гаргаж болохгүй гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байгаа аж.