"Чөтгөрийн тойрог" буюу шатахуун, өргөн хэрэглээний бараа үйлчилгээ, үнэ гурвын урвуу хамаарал
Бензин шатахууны үнэ ирэх баасан гарагаас эхлэн литр тутамдаа 100 төгрөгөөр, энэ сарын эцэс гэхэд бүр 200 төгрөгөөр буурах тухай эрх бүхий албан тушаалтнуудын мэдэгдэл өчигдөр өглөөний сайн мэдээ байв. Энэ дунд нүүрсний тээвэр хэвийн болох, валютын ханш буурах тухай мэдээлэл бас "хавчуулагдаж" явсан. Товчхондоо бензин шатахууны үнэ буурч, төгрөг чангарч, валютын ханш сулрах юм байна. Ингэснээр өдрөөр биш цагаар өсч байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжино, бүр бууна гэсэн хүлээлт иргэдийн дунд эргэж ирэх нь. Шударга байдал, шударга ёс хоёрыг ганцхан Төрийн ордонд байгаа нөхдөөс хүсэхийн сацуу хүн бүр амьдралдаа хэрэгжүүлж л явах ёстой байх. Тиймээс бизнес эрхлэгчид маань ч гэсэн аливаа асуудалд шударгаар хандах байх нь зүйтэй.
Зах зээл өөрийн жам ёсоороо үнийг тогтоодог гэж онолддог. Харин Монгол Улсад үнэ зөвхөн өгсөх тийшээ л явдаг ганцхан чиг зүгтэй байдаг нь гайхмаар. Зүй ёсоороо бол одоо бензиний үнийг дагаад ядахад таксины үнэ эхэлж буурах ёстой. Араас нь залгаад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ уруудах зүй тогтолтой. Харамсалтай нь ийм үнийн уян хатан маневар, ухамсар, соёл тогтож хэвшсэнгүй. Монголд инфляц өндөр байх нэг шалтгаан нь энэ.
Сэтгэгдэл байхгүй байна.