Шатахуун импортлогч даварсан компаниудынхаа толгойг хэдий болтол илж суух вэ
Монголчуудыг баяр наадмаа хийж байх зуур шатахуун импортлогчид үнээ дахин нэмсэн билээ. Иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92, АИ-80 бензин нь 30-50 төгрөгөөр нэмэгдэж 1830 төгрөгт хүрсээр өдийг хүрээд байна.
"Тэс петролиум”, "Магнай трейд” зэрэг шатахуун түгээх станцуудад АИ-92 бензин 1800 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол "Петровис” шатахуун түгээх станц байршлаасаа хамааран АИ-92 бензинээ 1800-1830 төгрөгөөр худалдаалах болжээ. Хөдөө орон нутагт АИ-92 авто бензин 2000 төгрөгт хүрээд байгаа.
Шатахуун импортлогчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд үнээ нэмэх талаар мэдэгдээгүй гэсэн хэдий ч албан бус шийдвэрээр үнэ нэмсэн. Гэсэн хэдий ч холбогдох яам салбарын удирдлагууд өдийг хүртэл нүд нь балай, чих нь дүлий мэт суусаар. Хэвлэл мэдээллээр шатахууны үнийн өсөлтийн талаар хэсэг мэдээллээд одоо бараг иргэд энэ байдалтай эвлэрэн нэмэгдсэн үнэтэйгээ зохицон амьдарсаар.
Шатахуун импортлогчид өнгөрсөн оны эцэст үнийг нэмж хомсдол бий болгосны эцэст хамгийн эрэлттэй АИ92, А95 төрлийн шатахууны татвараа тэглүүлж чадсан билээ. Гэтэл ийнхүү зургаахан сарын дараа шатахууны үнийг нэмсэн нь иргэдийг бухимдуулж байна. Засгийн газраас газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг эхлүүлэнгүүт шатахуун импортлогчид эсэргүүцэж байгаа юм шиг үнийг нэмснийг иргэд шүүмжилж байна. Тэд, газрын тосны үйлдвэрээ барьж ашиглалтад оруултал нь Засгийн газрыг амраахгүй бололтой.
Засгийн газраас "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг 2012 оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас хэрэгжүүлэгч шатахуун импортлогч арав гаруй компанид 3.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байдаг. Энэ мэтээр импортлогч компаниудад нааштай хандаад байхад ашгийн төлөө улайран иргэдээ шулагч компаниудыг хэдий хүртэл толгойг нь илээд байх вэ.
Сүүлдээ тэдний үнэ нэмэгдсэн асуудалд ямар нэг хариулт, арга хэмжээ ч авч чадах төрийн байгууллага алга болох нь. Наадмаас хойш шатахууны үнэ нэмлээ, ямар арга хэмжээ авах бэ гэж хэвлэлээр удаа дараа асуулга тавин мэдээлэл гаргаж байгаа ч нохой хуцсан чинээ тоож сар гаруй болтол таг чимээгүй л сууна.
С.Отгон
http://dorgio.mn/p/92339
Сэтгэгдэл байхгүй байна.