2018 ОНД ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН ХЭРГҮҮД
Өнгөрч буй 2018 онд нийгэмд албан тушаалын болон онц ноцтой гэмт хэргүүд цөөнгүй гарав. Ялангуяа албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж эрүүгийн гэмт хэрэгтэн болсон эрх мэдэлтнүүд олон байна. Түүнээс гадна хүн амь болон бага насны хүүхдийг хүчирхийлсэн онц ноцтой хэрэг хэд хэдэн удаа гарсан юм. Ингээд олны анхаарал татсан гэмт хэргүүдийг тоймлон онцлож байна.
Төрийн тусгай хамгаалалттай газар хүн амины хэрэг гарав
Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн гэх харамсалтай хэрэг наймдугаар сард гарсан. Тодруулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн ажлын байран дээрээ амь насаа алдсан хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал холбогдож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхийн шатанд шилжүүлээд байна.
Харин ажлын бус өдөр газрын дарга нар болон амралтаа авчихсан байсан талийгаачийг хуралд дуудсан салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөв.
Экс Ерөнхий сайдуудыг баривчилсан их баривчилгаа
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 09-нд Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн гэрээ, оффшор данс, Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан саатуулж, улмаар тэднийг яллагдагчаар татсан нь нийгэмд шуугиан тарьсан юм. Ийн тэднийг шүүхийн шийдвэрээр нэг сар цагдан хорих хугацаанд С.Баярын хууч өвчин сэдэрсэн бол Ч.Сайханбилэг яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон тул эмнэлэгт хүргэгдсэн.
Хожим тэднийг прокуророос үргэлжлүүлэн хорих санал шүүхэд хүргүүлсэн ч шүүх С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэр гаргасан юм.
Энэ хэрэгтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нар мөн хоригдсон ч хэрэг эцэслэгдээгүй 2019 онтой золгож байна.
"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ авлаа
УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнөхөн Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас УИХ-д мэдэгдэхгүй шилжүүлэн авсан нь илэрсэн байдаг. Тэгвэл "Эрдэнэт”-ийн энэ маргаан хоёр жил үргэлжилсэн юм. МАН 2016 онд олонхийн суудал авч Засгийн газраа байгуулаад эл асуудлыг анхаарлаасаа гаргаагүй. Залруулах талаар ажилласан. Эцэстээ УИХ-аас "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг Засгийн газарт 23 дугаар тогтоолоор чиглэл болгосон.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 4-нд болсон. Тус хуралдаанаас УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс "Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргасан. Энэ ард түмнээ бодсон, тэдний талд гаргасан шийдвэр.
Д.Сугарын бүрэн эрх дуусч шалгуулж эхлэв
Үндсэн хуулийн цэцийн гишүүн, ТӨХ-ын дарга асан Д.Сугарын цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч, хуулийн байгууллагад шалгуулж эхэлсэн.
Албан тушаалаараа малгай хийсэн түүнийг шалгах хуулийн эрхзүйн боломж байхгүй байсан бөгөөд одоо ҮХЦ-ийн гишүүний суудлаас буусан болохоор хэн ч биш болж байгаа юм. Тиймээс "Эрдэнэт”-ийн асуудлаар АТГ-аас гурван удаа дуудаж байцаалт авсан бөгөөд түүнд холбоотой хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна.
АСЕМ-тай холбоотой шалгалтаар 14.8 тэрбумын зөрчил илрэв
Үндэсний аудитын газраас АСЕМ-ын зардалд хийх эрсдэлийн аудитыг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийсэн.
АСЕМ-тай холбоотой зардал гаргаагүй, ямар нэгэн төсвийн ерөнхийлөн захирагч байхгүй байна. Ер нь АСЕМ-тай холбоотой хамгийн их хөрөнгө мөнгө гаргасан яам бол Гадаад харилцааны яам. Үүний дараагаар Зам, тээврийн хөгжлийн яам болон Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг харьяа байгууллагуудаас тодорхой хэмжээний хөрөнгө гарсан байна. Мөн сургалт судалгаатай холбоотой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас тодорхой хэмжээний хөрөнгө гарчээ.
АСЕМ-тай холбоотойгоор 2016 онд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Тухайлбал Гадаад харилцааны сайдын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар АСЕМ-тай холбоотой дараах зөрчлүүд илэрчээ.
Томчуудын хариуцлагагүйгээс болж хүүхдүүд тогонд цохиулав
Өнгөрч буй жил хүүхдүүдэд ширүүн хатуу жил болж өнгөрөв. Томчуудын буруутай үйлдэл хайхрамжгүй, дутуу дулимаг, хариуцлагагүй үйлдлийн золиосыг олон хүүхэд амиараа төлөв. Цахилгааны ил утас унжсаар байсныг мэдсэн ч арга хэмжээ аваагүй Эмийн сангийнхнаас болж 11 настай хүү цахилгаанд цохиулж амь насаа алдсан бол түүнтэй чацуу бас нэгэн хүү сургуулийнхаа гаднах хөлбөмбөгийн талбайд тоглож байхад нь хаалганы хөндлөвч төмөр толгой дээр нь унаж, амийг нь авсан харамсалтай хэргүүд гарав. Мөн Нийслэлийн Налайх дүүрэгт нэгэн амралтын газрын ойролцоо унасан шонгийн модны цахилгааны утсанд 7 настай охин цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.
Түүнчлэн томчуудын зугаа цэнгэлийн золиос болж, үдшийн бүрэнхийд, нууцаар зохион байгуулсан "Дүнжингарав” хурдан морины уралдаанаар 16 хүүхэд унаж, гурав нь хүнд хэлбэрийн гэмтэл авав.
13 настай охины амийг егүүтгэсэн этгээдүүдийг шүүх яллав
Одоогоос хоёр жилийн өмнө Баянзүрх дүүрэгт байрлах "Очир төв” гэх зочид буудлын өрөөнд 13 настай бяцхан охиныг "араатнууд” хэрцийгээр хүчирхийлж, амь насыг нь хохироосон аймшигт хэрэг гарсан. Өнгөрсөн хугацаанд ард түмэн, охид ээжүүд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтэж, энэхүү аймшигт хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн тулд жагсаал цуглааныг уйгагүй хийсний эцэст хэргийг шийдвэрлүүлж, гэмт этгээдүүдэд зохих ялыг оноосон юм.
Тодруулбал, Д.Жавхлан, М.Амарболд хоёрт бүх насаар нь хорих ял оноосон. Гэвч амиа алдсан алдрай бяцхан үрс аав, ээждээ эргэж ирэхгүй нь харамсалтай.
Ядарсан ард иргэдээ шулж мөлжсөн Зөрчлийн хууль мөрдөгдөж эхлэв
УИХ-аар Зөрчлийн тухай хуулийг баталж, 2018 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Монголчууд хүндээр тусч байна, амьдралд хэрэггүй хууль хэмээн шүүмжилж байгаа. Энэ хуулийн гол агуулга нь иргэдийг баривчлахаас илүүтэй "торгодог” болчихсон юм. Өөрөөр хэлбэл, халаастай нь ярьдаг болсон гэсэн үг. Иргэнд Захиргааны тухай хууль болон салбарын 240 орчим хуулиар хариуцлага хүлээлгэдэг байсныг ийнхүү өөрчилж ядарсан ард иргэдээ шулж мөлжсөн хуулиа эргэж харахыг иргэд удаа дараа шаардаж байгаа ч хууль санаачлагч батлагчид харахыг хүсээгүй юм.
Ой найман сартай хүүг хүчирхийлсэн этгээдэд 20 жилийн ял оноов
Харгис хэрцгий хүчирхийлэгчдийн золиос болж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн тоо жил ирэх бүрт нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ой найман сартай хүү Х-г хүчирхийлсэн хэрэг гарч олныг цочирдуулав. Сэжигтэн этгээд Ц-д холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард Дорноговь аймгийн сум дундын шүүхээс шийдвэрлэсэн байдаг. Улмаар яллагдагч Ц-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болсон юм.
Мөн таван настай төрсөн охиноо удаа дараа хүчирхийлсэн этгээдэд шүүхээс 25 жилийн хорих ял оноов.
Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтнүүдийн гарт амиа алдав
Албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртөж, автомашинд чирэгдсэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагч Б амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдүүдийг илрүүлж, тэд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, машинаараа чирч зугтаасан. Халдлагад өртсөн албан хаагч тархины суурь яс гэмтсэний улмаас ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон боловч ухаан оролгүй байсаар нас барсан юм.
Хэргийг үйлдсэн Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасны дагуу "Ажил үүрэгтэй нь холбогдуулан хүнийг алахыг завдсан" үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж дуусчээ.
Хятадууд их хэмжээний мөнгө авлигад өгч байгаад баригдав
Авлигатай тэмцэх газрынхны шалгалтаар сэжигтний гэрээс их хэмжээний буюу 1.3 сая ам.доллар (монгол мөнгөөр гурав орчим тэрбум төгрөг) олдсон хэрэг гарсан нь олны анхаарлын төвд байна. Эхний таамаг мэдээллээр, сэжигтэн этгээд төрийн албан хаагч нэгэн бөгөөд түүнийг яллагдагчаар татан баривчилж, гэрээс нь олдсон дээрх их хэмжээний долларыг битүүмжлэн, эд мөрийн баримт болгон хураан авсан гэх.
АТГ-аас сэжигтэн этгээд тус доллараа юунд зарцуулах гэж байсан, хэнд авлига өгөх гэсэн зэргээс эхлээд гарал үүслийг нь судалж тогтоохоор нарийвчлан шалгаж байгаа байх. Ямартай ч тус хэргийг АТГ-аас илрүүлж, шалгахын тулд удаан хугацааны турш цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн, томоохон гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулсны үндсэн дээр уг их хэмжээний мөнгийг олж авсан гэсэн мэдээлэл бий. Энэ хэрэгт УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий хүмүүс мөн төрийн алба хаагчдын нэр ч оролцсон байгаа юм.
Б.Булганыг яллагдагчаар татав
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг ТЕГ-аас дуудаж хэд хэдэн удаа байцаалт авсан билээ. Ингэхдээ нууцын материалд зурсан гарын үсгийг баталгаажуулсан хэмээн түүний өмгөөлөгч нь мэдээлж байсан.
Тэгвэл Б.Булганыг С.Зориг агсны хэрэгт гэрчээр биш яллагдагчаар татсан байгаа юм. Энэ асуудалд Нийслэлийн Прокурорын газраас "УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хохироосон хэргийг захиалсан үйлдлийг шалгах ажиллагааны явцад С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булганд дөрөвдүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж улмаар яллагдагчаар татах тогтоолыг танилцуулж, байцаалт авсан.
Одоогоор энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж мэдээлсэн юм.
Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдав
Өнгөрч буй 2018 онд олны анхаарлыг татсан хэргүүдийн тоонд загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн өндрөөс унаж амь насаа алдсан гэх хэрэг багтаж байна.
Талийгаач өнгөрсөн аравдугаар сарын 24-нд өөрийн амьдардаг байсан орон сууцны 11 давхраас унаж нас барсан байдаг ба уг хэргийн мөрдөн шалгалт үргэлжлэн явагдаж байна.
Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр, талийгаачийг өндрөөс унахад гадны нөлөө байгаагүй гэх боловч түүний ар гэрийнхэн өнөөг хэр нь дээрх дүгнэлтийг эсэргүүцэж байгаа юм. Ар гэрийнхэн нь хэргийн учир зангилааг олж, гэм буруутай этгээдүүдийг олж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг хүссэн байгаа юм.
О.Гэрэл
Оллоо.mn
Сэтгэгдэл байхгүй байна.