Салхитын ордын эргэн тойронд: Хөрөнгө оруулагч “Эмч Ян” хүний бус малын эмч байсан уу
Сүүлийн хэд хоногийн хамгийн "салхитай” мэдээлэл гэвэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордны лицензийг тусгай ажиллагаа явуулж, тус газрын 2043 он 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан явдал болов. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдагийн нэг жишээ энэ л дээ. Цуцалсан шалтгаан тодорхой, татвараа төлөөгүй, хууль зөрчсөн, түүнчлэн мөнөөх 220К хотхоны "жирийн” нэг айлаас олдсон 1.3 сая ам доллар/3.2 тэрбум төгрөг/-ын цаад учиг энэ Салхитын мөнгөний ордтой холбогдсон гэхчлэн олон учир шалтгаан байсан.
Энэ мөнгийг хадгалж байсан айл нь анх энэ ордын эзэмшигч байгаад Хятададуудад зарсан уяач Ш.Мөнгөншагайгийн хүргэн дүү Г.Жаргалан гэгчийнх байв. Энэ хэрэг ядлын дараа Ш.Мөнгөншагай ярилцлагадаа ""1,3 сая ам доллар манай хүргэн дүүгийн гэрээс олдсон. Нэг их мөнгө биш. 1,3 сая доллартай хүн зөндөө л байгаа” гэж дурдсан байдаг. Хамгийн анхаарал татах нь мөнгөний их багадаа биш харин энэ мөнгийг хууль хүчний байгууллагынхныг авлигадахаар хадгалж байсан гэх мэдээлэл байгаа юм.
Энэ ордын лицензийг зарснаар Ян , Ван хэмээх хоёр хятадын маргаан эхэлсэн байдаг. Харин Ян нь бол хөрөнгө оруулагч бол нөгөөх Ван нь "Жи Пи Эф” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад халагдсан нэгэн гэх.
Харин энд нэг сонирхолтой ч гэмээр аль эсвэл анхаарал татах зүйл байгаа юм. Салхитын мөнгөний орд дээр маргалдагч БНХАУ-ын иргэн Ян гэгч хэн болохыг тодруулсан нэгэн мэдээлэл байгаа юм. Тэнд дурдснаар бол энэ Ян гэгч Монгол улсад олон жил ажиллаж амьдарсан, бүр олны танил нэгэн гэжээ.
Салхитын ордын дуулиан эхэлсэн даруйд "Жи Пи Эф” компанийн захирал Жин Жиа Мин хил даван зугатаж, харин Жин Жиа Миний дотны найз гэгдэх Монгол дахь хувийн эмнэлгийн эзэн Яан Жин Гуан тус компанийн үйл ажиллагааг хариуцаж байгаа ажээ.
Тодруулбал, Ян хэмээн нэрлэгдээд байгаа хүн нь манай улсад олон жил үйл ажиллагаа явуулж байгаа нэлээд нэр хүндтэйд тооцогддог уламжлалт эмнэлгийн эзэн Ян Жин Гуан гэгч нь бололтой. Түүний эмнэлэгт олон хүн очиж эмчилгээ хийлгэдэг. Тэр тусмаа өндөр зиндааны улс төрчид болон хууль хяналтын байгууллагын дарга нар, тэдний ойр дотны хүмүүс эмчилгээ хийлгэдэг гэнэ.
Тийм болохоор Ян Жин Гуан гэх БНХАУ-ын иргэнийг "Эмч Ян” гэдгээр нь олон хүн таньдаг ажээ. Тухайн мэдээлэлд дурдснаар түүний бизнесийн холбоотон "Салхитын мөнгөний ордыг зарсан” гэгдэх Ш.Мөнгөншагай Zarig.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Ян гэдэг хүнийг сайн мэднэ. Тэр бол хүний эмч биш малын эмч хүн. Хүнд малын тунгаар эм тариа хэрэглээд огцом сайжрахаар сайн эмч гээд байгаа юм. Нэг ёсондоо хориотой эмчилгээ хийдэг” хэмээн мэдэгджээ. Яан Жин Гуан нь авлигын хэргээр ял сонсож байжээ.
Хэрэв түүний энэ мэдээлэл үнэн бол мөнөөх сайн эмч хэмээн өргөмжлөгдөж байсан монголчуудын мэдэх "Ян эмч” маань хүний бус малын эмч болж таарах гээд байгаа юм.
Ийм л нэг эх адаг нь тодорхойгүй асуудал Салхитын эргэн тойронд хөллөөд байна. Юутай ч хэдэн зуун сая ам доллараар тооцогдох мөнгө, алтны агууламжтай энэ ордын ашиглах эзэмших эрх эргэж монголчуудын гарт ирж байгаа нь сайн хэрэг. Засгийн газраас явуулсан тусгай ажиллагааг зөв буруу гэж янз бүрээр л дүгнэж цэгнэж байна.
Гэхдээ энэ явдал Монгол орны баялаг дээр лиценз гэсэн халхавчин дор дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгаа гадны зарим нэг хөрөнгө оруулагчдад сануулга, сэрэмжлүүлэг, усыг нь уувал ёсыг нь дагах ёстойг сануулсан байж таарна. Хууль журмын хүрээнд ажиллах уу, үргэж дайжих уу гэдэг нь тэдний сонголт.
Zaluu.com
Сэтгэгдэл байхгүй байна.