С.Саянцэцэг: Магадгүй би 50 нас гараад XVII зуун руу "явчих" ч юм билүү

0

С.Саянцэцэг: Магадгүй би 50 нас гараад XVII зуун руу "явчих" ч юм билүү

Төгөлдөр хуурч С.Саянцэцэг Монголдоо ирээд нэг жил болж байгаа билээ. Тэрээр өдгөө Хөгжим бүжгийн сургуульд төгөлдөр хуурын багшаар ажиллаж байна. Түүний шавь Б.Оюунгэрэл удахгүй тоглолтоо хийх гэж байх үеэр нь түүнтэй уулзаж ярилцлаа. Бидний яриа зөвхөн төгөлдөр хуурч хүний хөдөлмөрийн тухай өрнөснийг тодотгоё.

-Төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл таны багш, ардын жүжигчин Т.Цолмонгийн шавь гэсэн. Тэгэхээр нэг багшийн хоёр шавь эргээд багш шавийн барилдлагатай болсон гэсэн үг үү?

- Би жил гаруйн өмнө Испаниас нутагтаа суурьших гэж ирсэн. Анх 15 настайдаа нутгаасаа гарч сурахаар явсан. Өнгөрсөн хугацаанд би тайзан дээр 25 жил тасралтгүй тоглосон байна. Миний анхны тоглолт Москвагаас эхэлж байсан. Намайг тоглогчийн хувьд залуу хөгжимчинд тооцдог. Аав маань "Нутагтаа ирж ажилла. Гарын шавьтай бол" гэдэг байсан. Гэхдээ би энд ирээд монгол хүүхдэд хичээл зааж байгаа биш л дээ. Испанид байхад нутгаас маань том хүүхдүүд ирдэг байсан. Гарын шавь гэдэг бүр багаас нь сургасан хүүхдийг хэлнэ шүү дээ. 4-5 жил өөр дээр нь явсан хүүхдийг өөрийн шавь гэж хэлж болдог. Би Оюунгэрэлтэйгээ таван жилийн өмнө танилцсан. Цолмон багш маань "Энэ хүүхдэд би заах юмаа заалаа. Одоо чам руу явуулья" гэсэн. Таван жилийн дотор хэд хэдэн хамтарсан тоглолт хийсэн. Харин энэ удаа ганцаарчилсан тоглолт хийх гэж байна. Тэр дундаа Шопены хөгжмийг тоглоно. Учир нь Оюу маань сая Шопены нэрэмжит хоёрдугаар тэмцээнд амжилттай оролцсон.

-Та одоо ч залуу тоглогч гэж тооцогддог гэлээ. Ер нь төгөлдөр хуурч гэж хэзээ хэлүүлэх боломжтой вэ?

-Төгөлдөр хуурч гэж төгөлдер хуур тоглодог хүнийг хэлдэггүй юм. Төгөлдөр хуурч гэдэг бол тусгай нэр. Жилдээ 10-аас дээш удаа тоглолт хийдэг. Гар хуруугаа өдөрт 2-6 цаг хөдөлгөдөг, тоглох хугацаа нь нэг цагаас дээш байх ёстой. "Карманы" программ тоглодог байх ёстой. Хүмүүс "Браво" гэж дахиулах тохиолдолд карманы зохиол тоглох чадвартай байх ёстой. Тэр нь харин ч үндсэн тоглолтоосоо илүү ур чадвар харуулсан байх хэрэгтэй. Би тийм зохиол тоглоод 25 жил болж байна. Миний карманд үргэлж 5-7 зохиол байж байдаг. Тоглох зохиол нь хүртэл учир утгатай. Ямар зохиол сонгож авснаараа тухайн төгөлдөр хуурчийн мэргэжлийн түвшин харагддаг. Тэр утгаар би хамгийн түрүүнд тоглогчдын тоглох программыг нь сонирхдог. Хичээл заахдаа ч үүн дээр анхаардаг. Зарим хүүхэд "Багшаа би үүнийг тогломоор байна" гэхэд би өгдөггүй. Учир нь тэр хүүхдийн насанд, гаранд, оюун ухаанд гээд бүх талаас нь харж программ өгдөг. Миний багш нар ч тоглогч байсан учраас надад түүнийг сургасан. Түүнийгээ одоо шавь нартаа заахаар аавынхаа захиасаар ирсэн. Тэгээд ч ээж маань ганцаараа байгаа учраас хань болох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд нутгаа их ч саналаа. Сүхбаатарын талбай, Хөгжим бүжгийн сургууль, тэр байтугай хоол иддэг байсан жижиг гуанз хүртэл бодогддог байсан. Хүүхдийн ой санамж гэдэг бол маш чухал. Хүүхэд яаж өссөн, түүгээрээ хүн болдог гэж боддог. Тиймээс би хүүхдүүдээ багаасаа гоё дурсамжтай байгаасай гэж хичээлийнхээ гол чиглэлийг үүнд бас анхаардаг. Зөвхөн ноот заах биш ноотны ард олон зүйл байдаг. Болж өгвөл хөгжмийг хүмүүжилтэй нь холбож өгье гэж боддог. Нотыг бол хэн ч сурдаг, түүнийг заах маш амархан. Ноотны цаана хүмүүжил, хөгжмийн соёл, хөгжмийн гүнд орно гэдэг бол маш хэцүү. Миний хувьд энэ бүхнийг аав маань, Цолмон багш, орос багш нар их сургасан. Миний орос багш бол ЗХУ-ын ардын жүжигчин тоглогч хүн байдаг. Оросын толь бичигт орсон том хүнээр хичээл заалгаж байснаа сүүлд мэдээд маш их бахархсан. Аав ээж хүртэл "Бидэн дээр ирээд яахав ээ, багш дээрээ оч" гэдэг байсан. Тэр багш маань одоо 87-той. 81 настайдаа сүүлчийнхээ тоглолтыг хийсэн хүн байдаг.

Оюунгэрэл маань Шопены их хүнд зохиолуудыг тоглож байгаа. Тоглолт бүрийнх нь өмнө би өөрөө лекцээ уншина. Ер нь би сүүлийн 7-8 жил өөрийн концертоо ийм лекцтэй хийдэг болсон. Миний концерт дээр ирж байгаа хүмүүс голдуу мэргэжлийнх байдаг учраас лекц илүү мэргэжлийн талдаа байдаг. Харин шавь нарынхаа тоглолт дээр эцэг эхэд нь хандаж хэлэх үгээ тайзан дээрээс хэлдэг. Сонирхлоороо төгөлдөр хуур тоглож байгаа хүүхдүүд юу анхаарах, тоглож байгаа зохиолын утга, тайзан дээр яаж ёслох, бүр тоглолт хэрхэн үзэх соёлыг би ярьдаг.

-Төгөлдөр хуурч болох нь таатай орчин, эдийн засгийн боломжгой шууд холбоотой гэдэг. Манай нөхцөлд мэргэжлийн тоглогч төрөхөд хэр хүндрэлтэй байна вэ?

-Манай нөхцөл бол их хэцүү. Гэхдээ бид хоёр том гүрний дунд байдгаараа их азтай хүмүүс гэж боддог. Оросоос европын соёлыг, Хятадаас дорнын соёлыг авч байна. Хятадууд өнөөдөр хөгжмөөрөө тэргүүлж байна шүү дээ. Хүн өөрийн нөхцөлдөө тохируулж амжилтаа бүтээх ёстой гэж боддог. Би гурван дүүтэй, гурвууланд нь төгөлдөр хуур давтуулдаг байсан. Дөрвүүлээ нэг хөгжим дээр зохицуулаад давтдаг байсан. Өнөөгийн хүүхдүүд компьютер, гар утастай их зууралдаж байна. Жинхэнэ номын үнэрийг авч чадахгүй байна. Гэхдээ хүн болгон над шиг замналаар явах албагүй. Манайх бол гэр бүлээрээ урлагийн хүмүүс байсан. Ийм гэр бүл ховор. Испанид хичээл зааж байхад ч гэсэн тийм гэр бүлтэй хүүхэд ховор орж ирдэг. Хүүхдүүд эхлэхдээ бол их сайн байдаг. Одоо миний хамгийн бага шавь дөрвөн настай. Цаашаа 3-4 жилээс яах нь харагдаад эхэлдэг. Түүний шалтгааны ихэнх хувь нь гэр орны байдалтай холбоотой. Манайд орчин бол үнэхээр хэцүү байгаа. Тэр байтугай тоглох заал ч алга. Хуруу дарам хэдэн заал нь чөлөөт тоглогч нарт үнэ төлбөртэй. Жилдээ маш олон тоглож байх ёстой хүүхдүүд эдийн засгийн боломжгүй болохоор хэцүү. Мөн тоглогч орчин сольж тоглож байх хэрэгтэй. Жишээ нь, би олон орны тайзан дээр тоглож байсан. Латин америкт хоёр удаа, Европт арваад орноор тоглосон. Одоо бас Москвад дахин тоглох урилгатай байгаа. Зарим тохиолдолд алдартай хөгжмийн зохиолчдын түүхт хөгжим дээр тоглох ч боломж гардаг. Зарим газарт хөгжим их муу байвал өөрийнхөө хөгжмийг авчирч тоглодог байсан. Тэр байтугай концертын өмнө гар халаах төгөлдөр хуургүй үе таардаг. Тийм үед ширээн дээр гараа халаадаг.

-Та олон оронд тоглосон бас олон оронд өөрийн хөгжмийн наадмыг зохион байгуулдаг. Тэгсэн атлаа маш даруу. Ийм байх нь төгөлдөр хуурч хүн бүрт байх чанар уу?

-Тоглогч хүмүүсийн сэтгэхүй их адилхан байдаг. Гадаадад байхад олон газраар тоглолт хийж, нээлттэй хичээл зааж, тэмцээнд шүүгч хийж байхад бид их адилхан бодолтой байдаг нь анзаарагддаг. Жишээ нь тоглогчид ер нь нойргүй байдаг. Биеийн тамираас хол, өөрсдийн бичлэгээ сонсох их дургүй гэдэг ч юм уу. Сурагчиддаа тавьж байгаа шаардлага нь хүртэл ижил. Тэр байтугай тэмцээн дээр шүүж байгаа бодлого нь хүртэл төстэй байдаг. Учир нь, бид олон цагийг ганцаараа төгөлдөр хуурын ард сууж байхдаа өөртөө ярьж, тоглож байгаа зохиолынхоо хэлэх гэж байгаа үгийг хөгжмийн хэлээр гаргадаг. Хөгжим тоглохдоо зохиолын сонголт бас чухал. Жишээ нь, би романтик зохиол илүү тоглох дуртай. Бетховен, Шуберт, Шуман гээд явчихаж байгаа юм. Магадгүй би 50 нас гараад XVII зуун руу "явчих" ч юм бил үү. Зохиолын сонголт туршлага, настай холбоотой байж магад. Тоглогчдыг хараад байхад залуудаа тоглож байсан зохиолын өнгө 70, 80 нас хүрээд тоглоход гайхалтай өөр байдаг. Нэг л зохиолыг тоглож байгаа мөртлөө шүү дээ. Хүний тархины фантаз бол хязгааргүй. Тиймээс сэтгэхүйгээ хөгжүүлэх асар их боломж нээлттэй. Гол нь энэ бол олон цагийн хөдөлмөр.

-Зохиолын сонголт тухайн тоглогчийн характерт таарах нь чухал гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Зарим зохиолыг яагаад ч тоглож болохгүй тохиолдол байна. Гэтэл өөр нэг тоглогч түүнийг гайхалтай сайн тоглодог. Гэхдээ тухайн зохиолыг тоглож чадахгүй байснаараа түүнээс муу гэсэн үг биш. Гол нь зохиол таарах таарахгүй гэж байна.

Тоглогчдын амьдралын өнгө нь хүртэл адилхан байдаг. Гэрээсээ бараг гардаггүй, хаана төгөлдөр хуур байна, тэндээ шигдээд суучихдаг. Манай ээж "Миний охин амралтад яв" гэхэд би их дургүй байсан. Учир нь, бидний амьдрал бол их богинохон. Амарна гэдэг бол бидний хувьд концертын дараахь 2-3 өдөр тоглохгүй байх байдаг. Тоглолтын үед бидний нойр хүрдэггүй. Учир нь, тэр олон сая нотыг яг киноны үйл явдал шиг учир утгатай тоглодог учраас тархи ер амардаггүй. Тэр байтугай нойрны эмийг хамгийн хүчтэй доозыг ууж байж унтдаг. Учир нь, бид тархиа амрааж байх ёстой. Бага байхад аав маань нэг бол төгөлдөр хуур дээр тоглоод, эсвэл нэг их гоё пянз тавиад эсвэл орос ном уншина. Эсвэл хөгшин ээж ирж морин хуур тоглож хөгшин аав баяд бүжиг хийгээд, ээж маань аавын ДУУГ дуулаад гэх мэтээр миний бага нас өнгөрсөн. Би цэцэрлэгт байхаасаа үсэг мэдэхгүй мөртлөө ноот сурч, төгөлдөр хуур тоглоно. Хөгжимчин хүний амьдрал их багаас эхэлдэг. Сонирхогчоор сурч байгаа хүүхэд хүртэл төгөлдөр хуурч болж болно. Одоо над дээр гоц авьяастай хүүхэд ч явж байна. Одоо зөвхөн эцэг эхээс нь л шалтгаална. Гарыг нь хайрлаарай гэж би гуйдаг. Гэрийн ажил үнэхээр хийж болохгүй нь үнэн. Хөнгөн ажлыг бол болно. Багаас нь оюуны талаас нь хөгжүүлэх ёстой. Балет, дуурь, зургийн үзэсгэлэн гээд урлагийн бүх зүйл үзүүл. Мөн уран зохиол тэр дундаа яруу найргийг уншуулах хэрэгтэй. Зүгээр нэг унших биш яруу тод унших бас өөр. Ер нь зураг, яруу найраг бол хөгжимтэй зайлшгүй холбоотой. Орос багш маань хичээл зааж байхдаа яруу найргийг герман, польшоор уншдаг байсан.

-Хөгжим тоглоно гэдэг нэг талаар уншилт юмаа даа. Ном уншиж байгаатай адил шинэ  ертөнцийг нээдэг гэдэг утгаас нь асууж байна?

-Би хүүхдүүдийнхээ ноот унших, тоглох хоёрыг тусад нь ойлгуулахыг боддог. Ноот харж тоглох гэдэг  их  хүнд. Жаахан хүүхэд бараг ноот хардаггүй.

Тэдний ой тогтоолт их сайн байдаг. Ялангуяа 4-5 настай хүүхдүүдийн ой тогтоолт дээд цэгтээ ажилладаг. Энэ насандаа дугуйланд явах нь их зөв гэж боддог. Бүгдийг нь багшийн гарыг харж байгаад тогтоочихдог. Ноот тогтооно гэдэг дотроо олон янз. Хоосон тогтооно гэж байна. Буруу хуруугаар тогтооно гэж байна. Зарим хүүхэд тогтоолт нь маш хурдан. Тоглож байгаагаасаа хурдан тархи нь ажилладаг.

-Таны нэрэмжит тэмцээнд монголчууд оролцох нь Монголыг гадаад ертөнцөд таниулах нэг чухал гарц санагдсан?

-Тухайн орон нутгийн захиргаа нь ивээн тэтгэдэг учраас яг миний нэрэмжит гэж хэлж болохгүй байх. Испанийн Веска гэж хотод миний төгөлдөр хуурын тэмцээн болдог. 1999 оноос хойш болж байгаа энэ тэмцээнд олон монгол хүн оролцдог. Өнгөрсөн нэгдүгээр сард Хөгжим бүжгийн сургуулийнхан яваад ирсэн. Хөгжим бүжгийн багш нараасаа жил бүр нэг хүнийг явж явъя гэж шийдээд өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн нь тэр. Мөн Испанийн Наске гэж хотод дан хөгжмийн олон улсын фестиваль хийгээд тав дахь жилдээ болж байгаа. Энэ олон улсын төгөлдөр хуурын болон фестивалийг анх тухайн засаг захиргаанаас нь намайг зохион байгуулна уу гэсэн урилга ирээд тоглож эхэлсэн. Хаа хамаагүй монгол хүнийг үнэлээд, тэмцээн зохиож байна шүү дээ. Фестиваль голдуу зургадугаар сард болдог. Өнгөрсөн жил Хөгжим бүжгийн сургуулиас зургаан настай хүүхдүүдийн хийлийн чуулган явсан. Тэр хот бол жуулчид ихтэй. Тэд хүүхдийн хийлийн чуулгынхныг биширч хүлээж авсан байна лээ. Тэр хотын дарга "Хийлийн чуулгыг дахин авчирмаар байна. Одоо чи юу үзүүлэх гэж байна" гээд би бүр өртэй болчихоод байна. Миний бодол бол морин хуурыг сонирхож байгаа. Фестивалийг нэгэнт монгол хүн зохион байгуулж байгаа учраас үндэсний хөгжмөө таниулъя гэж бодож байна. Би таван жилийн өмнө Японы морин хуур тоглодог охиныг өөрийнхөө таван концертын хөтөлбөрт оруулж явсан. Тэгэхэд Испаничууд уйлж хүлээж авсан. Яагаад та уйлав гэж би асуухад, "Их тайвшруулдаг хөгжим байна" гэсэн. Энэ удаа бол Япон биш Монголоосоо хүн "нүдэлсэн" байгаа.

-Хөгжим бүжгийн сургууль дотроосоо юу?

-Үгүй. Өөр морин хуурч залууг бодсон байгаа. Фестивалийнхаа нээлт хаалтыг морин хуур хөгжмөөр хийж болох юм. Токиогийн мянган хүний суудалтай зааланд тэр япон охин морин хуураар аавын маань зохиосон "Зулай цагаан алтай"-г тоглоход тэнд ирсэн 50-иад монгол хүн босч зогсч хүндэтгэсэн. Японууд ч гэсэн үнэхээр биширч хүлээж авсан. Би яагаад аавыгаа яриад байна вэ гэхээр өөд болоод хоёр жил болж байгаа ч гэсэн миний сэтгэл маш хэцүү байгаа. Учир нь би аавынхаа зүрхийг зогсч байхад гарыг нь бариад сууж байсан. Ер нь би концертдоо аавынхаа зохиолуудыг их оруулдаг. Испани хүүхдүүдээр ч тоглуулж байсан. Хамгийн сүүлд Испанид "Тэмээчин ээж"-ийг хийлээр тоглоход Македон хийлч "Саяа аа чи ноотыг нь өгөөч" гэж уйлаад гуйж байсан.

-Таны амьдарч байсан Испанийн тэр хотынхон аавыг тань бүгд мэддэг байсан гэсэн байх аа?

-Аавыг нас барахад тэндхийн сонин дээр эмгэнэл гарахад би маш их баярласан. Аавыгаа жаахан эрт явчихав уу гэж харамсдаг. Уг нь аав бид хоёр утсан хөгжмийн дөрвөл бичнэ гэж ярьж байсан. Мөн "Салхи" гэдэг дууны үгийг ноотлох гэж байгаад амжаагүй. "Аавд нь ая нь ороод ирсэн. Ноотлох л дутуу" гэж хэлж байсан. Тэр үед би Хятадад нээлттэй хичээл хийж байхад, аавын бие муудлаа гэсэн мэдээг сонсоод ирсэн. Гэртээ оронгуут аймшигтай санагдаж байсан. Яагаад гэвэл ширээн дээр үзэг харандаа ноот нь, "Салхи" гэдэг дуу нь төгөлдөр хууран дээр соль түлхүүр тавиад нотлоход бэлэн байсан. Түүнийг хараад эхэр татаад, ер нь галзуурах шахсан. Өнгөрснийх нь дараа миний шавь Оюунгэрэл, Ли хоёр ээжид зориулж төгөлдер хуурын тоглолт хийсэн. Ер нь урлагийн хүний амьдрал ийм л байдаг. Тоглогч хүний зам их олон зүйлтэй холбоотой. Бид настринаар/настроение/ амьдардаг. Аав маань бас их настринаар амьдардаг хүн байсан. Би эмэгтэй л болохоос биш аавтайгаа зан чанараараа адилхан. Одоо ч ээж хаалга тогшоод ороод ирэх нь хүртэл яг аав гэдэг. Миний хань тоглогч хүний байдлыг сайн ойлгодог. Уран бүтээлч хүнд хань их чухал байдаг. Тиймээс ихэнх тоглогч ханьгүй байдаг. Учир нь үүнийг ойлгодог хань олдоход хэцүү. Ааш араншингаараа ч хэцүү хүмүүс байдаг. Ер нь нийгэмтэйгээ нэг их тохирдоггүй. Тийм ч учраас энэ хорвоод тоглогч хүн тоотой хэд л байдаг.

Д.ПҮРЭВСҮРЭН

Unen.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.