Б.Золбоо: Хийлээ бариад зогсохоор хорвоогоос тасарсан мэт гайхамшигтай мэдрэмж авдаг

0

 

Үндэсний бахархал болсон уран нугаралтаар хичээллэдэг хүмүүс олон байдаг. Гэсэн ч хийл хөгжим тоглоод нугардаг гайхалтай авъяастай энэ бүсгүйг дэлхийд ганцхан гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй байх. Зарим нь зөвхөн хөгжмөө сурах гэж, харин зарим нь нугарах гэж амьдралынхаа тэн хагасыг зарцуулсан байдаг. Гэтэл тэрбээр 27-хон насандаа энэ хоёр урлагийг мэргэжлийн түвшинд эзэмшиж чадсан юм. Ингээд түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. 




-Та манай уншигчдад өөрийгөө танил­цуулахгүй юу? 

-Намайг Болдын Золбоо гэдэг. Би Улсын Филармонид хөгжимчнөөр мөн "Pyramid circus school”-д туслах багшаар ажилладаг. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 

-Үзэгчдийг байлдан дагуулаад байгаа "Авъяаслаг Монголчууд-2” шоунд оролцсон тухайгаа ярьж өгөөч. Хэн анх орооч гэж санал тавьсан бэ 

-"Авъяаслаг Монголчууд –1” шоу зохиогдож байх үед бага охин маань гэдсэнд байсан учраас оролцож чадаагүй. Тэгээд хоёр дахь удаагийн шалгаруулалт болно гэдгийг сонссон цагаасаа бэлдэж эхэлсэн дээ. Төрөөд удаагүй байсан болохоор формдоо орох гэж маш их хичээсэн. Жингээ хасах, суларсан биеэ чангалах гээд хүүхдийнхээ хажуугаар бэлдэж, сунгалтын дасгалаа хийж их бэлдсэн. Монголд төдийгүй дэлхийд хийл хөгжим тоглонгоо нугардаг хүн байхгүй. Би энэ хоёр мэргэжлийг зэрэг эзэмшсэн учраас хүмүүст харуулъя гэдэг үүднээс энэ шоунд оролцсон.

-Шоунд оролцсоноос хойш хүмүүсийн хандлага яаж өөрчлөгдөв? 

-Шоунд оролцсоноос хойш гадуур явахаар зарим хүмүүс "өө нөгөө Авъяаслаг Монголчууд”-д орсон охин байна” гээд таньж байна лээ. Мөн миний фэйсбүүк хуудас руу найз болох хүсэлт маш их ирсэн. 

-Өөр ямар тэмцээн уралдаанд оролцож , ямар амжилт гаргаж байсан бэ. Гадны улс орон руу явж хүчээ сорьж үзэв үү? 

-Уран нугаралтын хувьд бол зургаан настайгаасаа арван хоёр нас хүртлээ Монгол Улсдаа зохиогдож буй тоглолт, мөн аялан тоглолт, циркийн, төрийн арга хэмжээ гээд олон тоглолтод оролцож ирсэн. Харин арван хоёр наснаасаа 24 хүртлээ Олон улсын тайзанд өөрийн нугаралтаа толилуулж эхэлсэн. Шагналын хувьд хийл хөгжмөөрөө "Чулуун”-ы нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн гуравдугаар байрын шагналтай. Мөн Мөнгөнцацралын нэрэмжит цөөхүүл хөгжимчдийн хоёрдугаар байрын шагнал тус тус авч байсан. 

-Нугарчихаад хийл тоглоно гэж би лав амьдралдаа харж байгаагүй гэж Рокит Бэй хэлсэн. Үнэхээр ч энэ хоёр сонгодог урлагийн хослолыг өмнө нь сонсож байгаагүй юм байна. Хослуулж тоглоход хүндрэлтэй зүйл юу байдаг вэ? 

-Хийл хөгжмийг хоёр гараараа тоглодог. Тийм болохоор нугарч байхдаа тоглоход тийм ч олон байдлаар тоглож болдоггүй. Зөвхөн хоёр гар сул байгаа байрлалд хийл хөгжмөө тоглож болдог. Ер нь намайг таньдаг бүх хүн нугарч байхдаа хийлээ тоглооч гэдэг саналыг тавьдаг байсан. 2010 онд анх хийлтэй нугаралтын номероо гаргаад нэг их хүнд хүргэж чадаагүй. Учир нь сургуулиа төгсөхийн тулд хэсэг хугацаанд нугаралтаа түр орхисон. Тэгээд үргэлжлүүлээд нөхөртэйгөө танилцаж, хүүхдүүдээ төрүүлж гэр бүлийн амьдралдаа анхаарлаа хандуулсан. Одоо л хүүхдүүд минь хөлд орж, надад бэлтгэл хийх зав гарч байна. 

-Хийл, уран нугаралт хоёрыг хослуулъя гэдэг санаа анх яаж төрөв? 

- Анх би долоон настай байхдаа Хөгжим бүжгийн коллежд шалгалт өгөөд тэнцэж орж байсан. Ингээд Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш багш маань намайг хөлөөрөө хийлийн нумыг барьж сур гэсэн санааг гаргаж бэлдүүлдэг байсан. Тухайн үед эхлээд гараараа ч барьж сураагүй байж хөлөөрөө сурна гэдэг хэцүү гээд ээж минь зөвшөөрөөгүй. Угаасаа гараараа хийлээ дарж сурахгүй бол хөгжимчин болж чадахгүй. Тийм болохоор ээж татгалзсан. Одоо багш минь бурхны оронд очсон ч гэсэн надад зааж өгсөн арга техник, суурь минь маш сайн тавигдсан. Тийм болохоор хийл хөгжмөө тоглоод нугарахад тийм ч их асуудал гардаггүй.

-Гэр бүлээ танилцуулаач. "Авъяаслаг монголчууд” шоун дээр нөхөр тань таниас илүү догдолж харагдсан? 

-Миний ханийг Г.Тулга гэдэг. Урлагийн гэр бүлээс төрсөн үнэхээр их мэдрэмжтэй мундаг залуу бий. УДБЭТеатрт дуучнаар ажилладаг. Хоёр хүүхдийнхээ сайн аав, ер нь миний ард баттай зогсдог хүн дээ. Ханийн халамж, түшиг тулгуур гэж ямар байдгийг утгаар нь үзүүлж чаддаг гэж боддог. Миний хүсэл сонирхол, ажил мэргэжлийг минь маш ихээр дэмжиж, хоёр хүүхдийнхээ хажуугаар дуртай ажлыг минь хийлгэж байгаа ханьдаа үнэхээр их баярлаж явдаг. Энэ дашрамд нөхөртөө хайртай шүү гэдгээ дамжуулж хэлье /инээв/. 

-Тэгвэл аав, ээж хоёроо танилцуулаач. Танай удамд нугардаг хүн байгаа юу? 

-Аав ээж хоёр минь хоёулаа урлагийн хүн биш. Миний аав МУИС-ийн Мэдээлэл технологийн сургуульд физик электроникийн багшаар ажилладаг. Харин ээж минь ОХУ-д мэргэжлийн цаг засварчнаар сурч төгссөн мундаг эмэгтэй бий. Бас л миний ар талыг хариуцаж үр хүүхдийг минь харж, намайг дэмждэг. Харин миний эмээ их уян хүн байсан гэсэн. Эмээгийнхээ энэ байдлыг өвлөж авсан би их азтай охин. Нугардаг хүнд байгалаасаа болон бэлтгэлийн хүчээр олж авсан уян гэж бий. Би байгалаасаа заяасан уян гэдгээрээ маш их бахархдаг. 

-Яагаад заавал уран нугараач болсон бэ. Хэцүү шантраад хаяад гүймээр санагдах үе олон байсан уу? 

-Би багадаа телевиз үзэж байгаад л уран нугардаг хүн гарахаар дагаад нугараад байдаг байсан гэдэг.Тэгээд аав ээж маань үүнийг анзаарч намайг нугараач болгохоор шийдсэн гэсэн. Бага байсан болохоор өвдөлтүүдээ, хэцүү байсан үеүдээ мартчихсан. Ямар ч байсан их уйлдаг байснаа санадаг юм. Уран нугаралт бол урт удаан хугацааны бэлтгэлийн дараа үр дүн нь харагддаг учраас тэвчээртэй байхаас гадна эцэг эх нь сэтгэл санаагаар дэмжиж, урамшуулах нь маш чухал. Хүүхдээ шантраахгүй улам хурцалж байх нь эцэг эхийн үүрэг байдаг. Миний аав ээж хоёр намайг зоригжуулж дэмждэг байсны хүчинд би өдий зэрэгтээ хүрсэн.

-Нугарч байхад хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ? 

-Тухайн үзүүлбэр болон хувь хүнээсээ шалтгаалдаг. Хатуу нуруутай хүнд нурууны уян хатан байдлаа харуулах хэцүү байдаг бол, заримд нь гарын тэнцвэрээ олох хүндрэлтэй байх жишээний. Олуулаа нугарах үед хүн бүр анхааралтай байх ёстой. Харин давхарлаж нугарах үед дээд хүнээ унагаахгүй, доор байгаа хүн нь чанга суурьтай байх ёстой. Хамгийн дээр байгаа хүн хөнгөн, формоо барьсан байх гээд бэрхшээл мундахгүй.

- Сонгодог урлагаар хичээллэх, тэр дундаа хийл хөгжим тоглоход ямар мэдрэмж авдаг вэ? 

-Сонгодог урлаг бол хэмжээлшгүй их баялагтай урлаг юм. Монголчууд бид уртын дуу, морин хуураа сонсоод сэтгэл тайвшраад нэг тийм гоё мэдрэмжийг авдаг. Би ч гэсэн үүнтэй ялгаагүй хийлээ бариад зогсохоороо хорвоо ертөнцөөс тасарчихсан юм шиг тийм гайхамшигтай мэдрэмжийг авч чаддаг. Гайхалтай зохиогдсон дуунуудын хөг эгшгийн зохицол, тэр аялгууг гаргаж байгаадаа сайхан байдаг. Тоглож байгаа зохиолоосоо хамаараад мэдрэмж янз бүрээр гардаг. 16-17-р зуунаас эхлэн зохиогдсон агуу зохиолчдын зохиолыг тоглосноороо тухайн үеийн хүмүүсийн ертөнц ямар агуу байсан юм бэ гэж бодогддог. Гадаадад явж байхдаа хөгжмийн зохиолчдын амьдарч байсан хот, байшин зэргийг нь сонирхоод явж байхад яг хөгжим тоглож байх үеийн тэр мэдрэмжийг мэдрэх шиг болдог. Ер нь их сонирхолтой байдаг. Би багадаа агуу зохиолчдын хөгжмийг сонсож өссөн, одоо харин өөрөө тоглож байна гэж бодохоор сонсож байснаасаа хэд дахин илүү таашаалыг авдаг. 

-Улсын Филармонид ажиллаад хэр удаж байна Анх яаж Филармонийн босгыг алхаж байв.Хамт олныхоо тухай ярьж өгөөч? 

-Хөгжим бүжгийн коллежийн төгсөх курсийн оюутан байхдаа Улсын филармонид дадлага хийж байсан. Тэгээд үндсэн хөгжимчин болох хүсэлтээ өгөөд анх орж байсан. Найман настай балчраас 80 настай буурал гэдэг шиг манайд нас, насны хүмүүс ажилладаг. Яг зохиол бүтээх үед нэг баг болж ажилладаг сайхан хамт олонтой болсондоо маш их баяртай байдаг. Ахмадынхаа үгийг сонсож, дүү нарынхаа үзэл бодлыг хүндэтгэж, цаг баримталж, бие биедээ хүндэтгэлтэй хандах нь бидний үүрэг юм. Бид урлагийн хүмүүс л юм болохоор битүү цугласан үзэгчдийн нижигнэсэн алга ташилт, сайн тоглогдсон зохиол бүтээлийнхээ ард гарахаараа маш их баярладаг. 

-Гадны орнуудаас хамтарч ажиллах санал ирж байсан уу. Хэрвээ ирвэл яаж хүлээж авах вэ? 

-Нугаралтаар бол байнга ирдэг. Монгол уран нугараачид дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, өндрөөр үнэлэгддэг. Энэ нь бидний багш нар, ахмад уран нугараачдын сайн тавьсан үндэс суурьтай холбоотой. Зарим хүмүүс зөвхөн Монголд уран нугараачид байдаг гэж ойлгодог. Тийм биш. Бусад оронд ч гэсэн уран нугараачид байдаг. Гэхдээ Монгол охидууд шиг нугардаггүй. Монгол багш нар маш сайн заахаас гадна олон талын байдлаар жигд чадвартай болгодог. Миний хувьд гадаад явах саналаас хүүхэдтэй болсноосоо хойш татгалзаж ирсэн. Учир нь хүүхдүүд маань бага байна. Бага насандаа хүүхдэд хамгийн их анхаарал халамж хэрэгтэй. Хүүхдийн бага нас богинохон, нэг л мэдэхэд сургууль соёл гээд явчихна. Тийм болохоор энэ хариуцлагатай байх багахан цаг үед хүүхдүүдээ орхиж явахыг хүсэхгүй байна. 

-Хүүхэд төрүүлсний дараа эргээд бэлтгэлдээ ороход хэцүү байсан уу? Гоо сайхан биеэ хадгалсаар байгаагийн нууц юу вэ? 

-Том хүүхдээ төрүүлээд таван жилийн дараа буцаад бэлтгэлдээ орсон. Маш хэцүү байсан. Хүүхэд төрүүлээд биеийн уян хатан байдал минь алдагдсан байсан л даа. Одоо ч бүрэн хуучин хэвэндээ орж амжаагүй л байна. Уран нугаралт бол байнгын бэлтгэл хэрэгтэй, тэгж байж уян хатан байдлаа олж авна. Гоо сайхны нууц гээд байх онц зүйл байхгүй ээ. Хоёр хүүхэд минь маш их хөдөлгөөнтэй. Ер нь бол таван минут ч зүгээр суулгадаггүй. Энэ нь турахад их тус болсон. Мэдээж бэлтгэлдээ эргээд ороход сунгалт хөдөлгөөн хийгээд жин хасагдаж, биеийн дасгал хийснээр галбираа хадгалж байна. 

-Байнга бэлтгэл сургуулилт хийхгүй бол мартчихдаг гэсэн. Өдөр бүр бэлтгэлтэй байдаг уу? 

-Тэгэлгүй яахав. Долоо хоногтоо 3-4 өдрийг уран нугаралтаар хичээллэж, бэлтгэлээ хийдэг. Харин ажлын таван өдөр хийлээ дарж ажлаа хийдэг. 

-Хийл хөгжимтэй холбогдсоноор хувь хүнийхээ хувьд ямар төлөвшлүүдийг олж авсан бэ? 

-Хийл хөгжим маш нарийн мэдрэмж шаардсан хөгжим. Бас л их тэвчээрийн үр дүнд хөгжимчин мэргэжлийг эзэмшинэ. Жишээ нь Хөгжим бүжгийн коллежид 35-уулаа элсэж орлоо гэхэд ганцхан хүүхэд төгсөж байх жишээтэй. Маш их хасалт хийж, хүүхдүүд ч дундаас нь шантардаг. Нэгдүгээр ангийн хүүхэд гэхэд өдөрт гучин минут хөгжим давтах ёстой байдаг. Анги өгсөх тусам давтах хуваарь, тоглож байгаа зохиолоосоо хамаараад дөрөв хүртэлх цагаар үргэлжилж, үүнийгээ өдөр бүр давтах ёстой байдаг. Хөгжимчин хүн нэг л өдөр хөгжмөө давтахгүй бол гар хурууны форм алдагдахаас авахуулаад олон асуудал гарч ирдэг. Мэдрэмжгүйгээр хөгжим тоглоно гэж байхгүй. Миний хувьд тэвчээр гэхээсээ илүү мэдрэх нь хэцүү санагддаг. Гэхдээ мэдэрчихвэл бусад нь бол асуудалгүй. 

-Та хувийн багшаар ажилладаг уу, Хүүхэддээ хичээл заалгая гэсэн эцэг эхчүүд ханддаг уу? 

-Хувийн багшаар ажиллах уу гэж хүмүүс их санал тавьдаг. Гэхдээ миний хувьд хүүхдийг өөрөө бэлтгэж, уран нугараач болгох тал дээр илүү нухацтай хандана. Өөрөө нугарах болон багшлах хоёр өөр асуудал. Яг үнэндээ цаг зав маш хомс байна. Эцэг эхчүүд өөрийн хүүхдээ уран нугараач болгох гэж цаг зав, мөнгө төгрөгөө зарцуулна. Харин би халтуурдахыг хүсэхгүй байна. Тийм учраас би өөртөө хүүхэд авдаггүй. Харин "Pyramid circus school”-д Янжинбилэг багшийн хамт хүүхдүүдэд хичээл заадаг. Манай энэ сургууль цагираг болон агаарын цагираг, жонглёр зэргийг зааж аль болохоор хүүхдийг олон талаас нь хөгжүүлж, дэлхийн хэмжээний жүжигчин болоход нь бэлгэдэг. 

-Хүүхдүүддээ өөрийнхөө мэргэжлийг өвлүүлъе гэж боддог уу? 

-Миний хүүхдүүд маш уян. Мөн хөгжимд маш их хайртай. Сонсгол сайтай. Би өөрөө багадаа их уян байсан болохоор хүүхдүүдээ нэг их анзаардаггүй юм байна. Бусад хүмүүс хараад танай хүүхдүүд яасан уян хатан юм бэ гэдэг юм. Одоохондоо нас нь бага болохоор тэр тухай бодоогүй. Тав, зургаан насанд нь харж байгаад шийднэ гэж бодож байна. 

- Таны цаашдын төлөвлөгөө юу байна ? 

-Төлөвлөсөн зүйл маш их байна. Тухайн үед нь та бүхэнд танилцуулнаа.

-Хамгийн сүүлийн асуултыг танд үлдээе. Бидэнтэй ярилцсанд баярлалаа. 

-Энэ жил Улсын Филармони 60 дахь жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байна. Сонгодог урлагийг амтлах гэж зорьж ирдэг хүмүүс олширсонд мөн тэдний чадварыг үнэлж шалгаж чаддаг болсонд маш их баяртай байна. Нийт Филармонийн уран бүтээлчдэдээ ажлын амжилт хүсье. Ойн баярын мэндийг хүргье.

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex