Ж.Оюундарь: Уран бүтээлд аавынхаа охин нь болж чадаaгүй дээ

0



 

Ж.Оюундарь: Уран бүтээлд аавынхаа охин нь болж чадаaгүй дээ

 

Энэ жил Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны 80 насны ой тохиож байна.  Түүний охин Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарийг урьж аавынх нь тухай ярилцлаа.

-Аавын тань 80 насны ойд зориулсан "Бид мартахгүй” өдөрлөг маргааш болно. Ер нь ойд нь зориулж ямар зүйлүүд төлөвлөсөн бэ?

-Драмын театр маань жил бүр ийм үйл ажиллагаа зохион байгуулдаг. Нас нь тэгширсэн алтан үеийн уран бүтээлчдийнхээ ойг тэмдэглэж тэднийг мөнхжүүлэх, залуу үедээ таниулах зорилготой юм. Энэ сарын 10-нд болох үйл ажиллагаан дээр эрдэм шинжилгээний хурал, номын нээлт, уран бүтээлийн үзэсгэлэн, тоглолт болно.

Мөн энэ жил аавын минь 80 насны ойтой зэрэгцэн их зохиолч Д.Нацагдоржийн 110 жил, Т.Цэвээнжав гуайн 100 нас, Д.Цэндсүрэн гуайн 90 насны гээд алтан үеийн уран бүтээлчдийн ой тохиож байгаа. Бид хамтатган тэмдэглэхээр ажиллаж байна.

-Таны аав бол монголын ард түмний хайртай жүжигчин. Аавынхаа тухай сайхан дурсамжаас хуваалцахгүй юу?

-Аав минь хүн чанартай, их сайн хүн байлаа. Дөлгөөхөн, хүнд зөв, эерэг хандаж чаддаг байсныг нь одоо хүртэл гайхан биширдэг. Хүүхдүүддээ ч гэсэн их халамжтай. "Чи тэг, ингэж” гэж зааж зандрахгүй ч гэсэн аливаа зүйлийн утгыг сэтгэл гарган тайлбарлаж өгдөг байсан. 

Тухайлбал аав ээж хоёр маань бидний хичээлийг хийлгэхдээ хооронд нь их уралдуулдаг байлаа. Тэгээд хамгийн сайн хийсэнд нь ном авч өгөх, үзвэр үзүүлэх зэргээр шагнаж урамшуулна. Тэр шагналыг авахын тулд бид их хичээж байсан санагддаг. Хичээлийг нь сайн хийлгэхийн зэрэгцээ хүүхдүүдийнхээ оюун санаанд нь хөрөнгө оруулалт хийх арга нь энэ байсан юм билээ.

Мөн миний аав их нямбай, сайхан зурдаг хүн байсан.  Аливаа зүйлийг ул сууриар нь ойлгож, зураг зурахдаа ч зүгээр нэг дуурайж зурах биш ямар учиртай яагаад ингэж зурсан гэж утгыг нь заавал олж байж зурдаг сан.

-Их сайн зурдаг хүн байсан гэж сонссон юм байна?

-Тийм шүү. Ямар гайхалтай зурдаг байсан гэж санана. Хүүхдүүдийнхээ хөргийг бүгдийг нь зурсан даа. Мөн Өвөрхангай аймагт найруулагчаар ажиллаж байхдаа жүжгийнхээ  эскизийг өөрөө зурдаг байсан. Ер нь миний аавд авьяас гэдэг зүйлийг байгаль дэлхий харамгүй хайрлажээ гэж боддог.  Зурахын зэрэгцээ хөгжим их сайхан тоглоно.

Лимбэ, төгөлдөр хуур, хуучир, мандолин гээд бүгдийг нь тоглодог байсан. Мөн бокс, буудлагаар хичээллэдэг, спортын зэрэгтэй байлаа. Гэхдээ буудлага бол зүрхээ зогсоож байж буудна, харин драмын урлагт зүрх сэтгэл байнга ачаалалтай ажилладаг учраас тухайн үед Л.Ванган гуай "буудлагаар хичээллэхээ боль" гээд хорьж байсан гэдэг.Миний аав драмын урлагтаа зүтгэхийн зэрэгцээ бусад урлагийн салбарт өөрийгөө сорьдог агуу авьяастай хүн байсан даа

 


-Та бол аавынхаа жүжиглэх авьяасыг өвлөсөн.  Зураг, хөгжим, спорт гээд бусад авьяасыг нь өвлөөд уран бүтээл хийж байгаа хүн танай гэр бүлд байна уу?

-Миний ах дүү нар бүгд зурдаг. Нэг дүү маань Дүрслэх урлагийн сургууль төгссөн. Гэхдээ яг дагнан уран бүтээл хийсэн хүн одоохондоо байхгүй байна.  Хөгжмийг ч бүгд сонирхдог.  Бага байхад бидэнд гитар, мандолин аваад өгчихнө. Ах маань хөгжим дараад л бид "Эмээ өвөө бясаа гурав сүүтэй будаа чанажээ” гээд л дуулж өссөн. Аавын маань нөлөө бидэнд их байдаг.

-Таныг жүжигчин болно гэхэд аав тань хэрхэн хүлээн авч байв?

-Дуртай байгаагүй.  "Миний охин өөр чиглэлээр яв, урлагийн салбар эмэгтэй хүнд хэцүү” гэж хэлдэг байсан.  Гэхдээ би аавынхаа үгэнд ороогүй /инээв/. Эмнэлэгт хэвтэж байхад нь бэлдээд шалгалтыг нь өгөөд жүжигчний ангид тэнцэж байлаа. Тэгээд гарч ирэхэд нь "Аав би кино драмын ангид орсон” гэсэн чинь "Өө тийм үү” гээд л өнгөрсөн.  

Гэхдээ дараа нь баярласан байх аа. Ээжид маань "Миний мэргэжлийг охин минь авчихлаа шүү” гээд баярлаад ярьж байсан гэдэг.  Тэгэхээр аав минь намайг жүжигчин болоход наанаа эсэргүүцэж байсан ч гэсэн битүүхэндээ баярлаж байсан юм болов уу гэж боддог.

-Таны тоглосон жүжгүүдийг аав тань үзээд анх юу гэж хэлж, захиж байсан бэ. Мөн аавтайгаа нэлээд олон уран бүтээлд хамтран тоглосон байх аа?

-Аав минь надад ер юм хэлэхгүй шүү.  Сайн болж байсан ч сэтгэлээ шууд гаргадаггүй  байсан.  Бусад жүжигчдэд бол сайн, муу үг хэлнэ шүү дээ.  Би анх "Аянгын бороо” жүжигт тоглож байлаа. Аав маань үзэгчдийн дунд хараад л сууж байсан.  Тоглолтын дараа гар бариад баяр хүргээд л өнгөрсөн.

Тэгэхээр би бас гайгүй тоглочихоод байсан юм болов уу гэж боддог. Муу тоглосон бол намайг зэмлэх байсан байх. Түүний дараа "Ромео Жульетта” жүжигт миний алчуур шидэж байгаа хэсэг гардаг. Түүнийг аав маань үзчихээд "Харлаа, миний охин хөөрхөн шүү” гэж байна.  Тэгснээ "Чи алчуур шиддэг дээрээ анхаар даа” гээд л өнгөрдөг юм байна.  

Би "Яагаад тэгсэн юм бол юун дээр алдчихав”  гээд л маш олон хоног бодсон.  Тэгээд би үйлдлээ арай хүчтэй болгож тоглолоо. Тоглолтын дараа аав маань ороод л ирлээ. Тэгснээ "Миний охин аавынхаа  хэлснийг ойлгосон байна шүү” гээд л гараад явсан. Ер нь магтаал, урмын үг хэлэхдээ их бодож хэлдэг хүн байсан даа.

-Аавыг тань олон сайхан дүрээр нь хүмүүс мэднэ. Таны хувьд аавынхаа ямар дүрд илүү хайртай вэ?

-Би аавынхаа жижиг дүрээс эхлээд  драмын урлагт үлдээсэн бүтээл бүхэнд нь хайртай. Аав маань дүрийг бүтээж, урлаж чаддаг ийм л хүн.  Тоглосон бүтээл бүхэн нь нэгийг бодогдуулсан, учрыг ойлгуулсан байдаг. Үг бүхэн дээрээ ажилладаг, ойлгож, мэдэрч чаддаг дотоод сэтгэхүйн драмын жүжигчин хүн гэдгийг манай урлагийнхан бүгд хүлээн зөвшөөрдөг.  

"Ромео Жульетта” -гийн Лоренцо ламын дүр байна.  "Гамлет”-ийг бол дэлхийн хэмжээнд гаргасан гэж Д.Сосорбарам гуай ярьдаг. "Тухайн үедээ бид мэдэхгүй өнгөрчээ. Аав тань  яаж  тэгж мэдэрч тоглож чаддаг юм бэ” гэж надад хэлж байсан.

Ч.Найдандорж найруулагч маань "Би "Оттело”-г үзэж суухдаа ямар гоё Яго вэ, ямар гоё хүн бэ гэж Жамсранжав гуайг харж суусан. Гэтэл жүжгийн төгсгөлд хажууд чулуу байсан бол тэр Ягогийн нүүр лүү шууд шидээд л хаячихмаар санагдаж байсан”  гэж ярьдаг.  Аав маань тэгж л дүрийг урлаж сэтгэл зүрхэнд нь мэдрүүлж, оргилтол нь тоглодог байсан жүжигчин.  

Мөн Б.Баатар найруулагчийн "Хүйтэн сэнтий” жүжигт эсрэг дүрд тоглосон байдаг.  Гэтэл тэр дүрийг эерэг болтол нь тоглож миний уран бүтээлийг босгож, надад их түлхэц өгч байлаа гэж найруулагч маань дурсан ярьж байсан.  Миний аав ийм л уран бүтээлч, уран сэтгэгч, уран мэдрэмжтэй хүн байсан юм.

-Та аавынхаа уран бүтээлийг нь үргэлжлүүлж яваа. Бахархал, хариуцлага хоёрыг зэрэг тээж явна биз?

-Тийм шүү. Бахархахгүй байхын аргагүй.  Хаана хэзээ ч очсон аавын тухай яригдаж байдаг.  Мөн аавын тухай ярихад "Өө охин нь жүжигчин Оюундарь гээд л миний талаар бас ярьдаг.

Бид хоёрын энэ хэлхээ холбоо хэзээ ч тасрахгүй нь сайхан юм даа.   Аавынхаа энэ алдар гавьяаг муугаар сэвтээхгүй юм сан гэж хичээж нандигнаж явдаг.  Мөн аав ээж хоёрын маань надад хэлдэг нэг сайхан үг байдаг юм. "Аливаад үнэнч сэтгэлтэй бай, зөв хүн бай. Ингэвэл чиний бүх л зүйл сайхан байна” гэж хэлдэг байлаа. Энэ л зарчмаар би амьдарч байна.

-Таны, мөн аавын тань уран бүтээлийг үргэлжлүүлэх хүн байна уу. Танай хүүхэд урлагт хэр ойр байна вэ?

-Аавынхаа уран бүтээлийг би үргэлжлүүлж явна. Харин бидэн хоёрыг яаж үргэлжлүүлэх нь одоогоор сайн мэдэгдэхгүй байна.  Хүү маань одоо есөн настай. Анзаараад байхад ярьж байгаа яриа, үйлдэл нь их урлагтай л даа. Гэхдээ би бас л айдаг.  Аав маань намайг урлагт оруулахгүй гэж боддог байсан шиг би хүүгээ урлагт оруулахгүй юмсан гэж боддог.  Урлагийн зам сайхан юм шиг атлаа их хэцүү шүү дээ.

-Гэхдээ урлагийн хүн болоод өвөө болон ээжийн уран бүтээлийг үргэлжлүүлбэл сайхан юм биш үү?

-Хүү маань жүжигчин болно оо л гэх юм бол би яаж ч чадахгүй байх.  Гэхдээ миний  "үгүй” гэсэн сэтгэлийг давж гараад жүжигчин болвол болог дээ. Тийм биз дээ. Урлагт нэг л шунан дурлавал сэтгэлээ татаж чаддаггүйн зовлонг би өөрөө мэдэрдэг болохоор хүүгээ тухайн үед нь ойлгоно оо.

-Ээж тань нүүр хувиргагч хүн. Урлагийн хүмүүс бие биеэ ойлгож, нөхөж чадсан цагт амжилтад хүрдэг байх гэж боддог. Аавын тань уран бүтээл ээжтэй чинь их холбоотой байх. Тийм үү?

-Энэ бол гарцаагүй үнэн. Аав ээж хоёр маань биеийнхээ дутууг нөхөж дундуурыг нь дүүргэж явсаар урлагийн тодорхой амжилтад хүрсэн.  Дүр бүтээх тал дээр аав ажиллаж байхад гадна талаас нь ээж минь дүрийг нь яаж хүмүүст хүргэж вэ гэдэгт сэтгэлээ чилээж явдаг. Ээжийн маань нүүр хувиргалт тухайн үедээ театртаа гайхагддаг байсан.

-Аавтайгаа олон уран бүтээлд хамтран ажилласан байдаг. Яг аав охин хоёрын дүрд тоглож байв уу?

-Энэ талаар аав бид хоёр их ярьдаг байсан. Гэхдээ аавынхаа охин нь болж бүтээлд  тоглож чадаагүйдээ жаахан харамсдаг. Бэр нь болж их олон кинонд тоглож байсан юм байна. Уран бүтээлд охин нь болох хүслээ биелүүлж чадаагүй байтал  аав минь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн дээ.

ikon.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.