Гурван давхар дээл нөмөрсөн, хувилгаан шахуу сайд Ё.Баатарбилэг
Сар шинийн өмнө юу юу ч болов доо. Нэг намын үнэмлэхүй олонхтой парламент хоёр сар гаруй гацаж, М.Энхболд өрөөнөөсөө чирүүлэх дээрээ тулж байж огцорлоо. Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа хууль зассан хэрэг нь баригдаж, Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гарснаар спикерийн суудлаасаа бууж байснаас хойш хугацаанаасаа өмнө огцорсон хоёр дахь тохиолдол нь М.Энхболд байлаа. Гэхдээ энэ удаагийнх онцлогтой. Өрөөнөөс нь чирэх гэтэл төрийн тусгай хамгаалалт саад болоод байсан тул Ерөнхийлөгч Х.Баттулгаар хууль санаачлуулаад, Засгийн газраар дэмжүүлээд, төв талбай дээр жирийн иргэдийг өлсгөлөн зарлуулж байгаад М.Энхболдыг огцруулав. Өөрт нь зориулсан хуулийг батлахыг огцрохгүй гэж хоёр сар тас гүрийсэн М.Энхболд өөрөө дэмжиж санал өгсөн нь шоглоом ч юм шиг.
Ингээд Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгосноор парламаентад үүсээд байсан гацаа арилж, орон гарсан Засгийн газрын гишүүдийн томилгоог шуурхайлав. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байсан МАН-ын бүлгийнхэн гэнэтхэн л Г.Занданшатарыг УИХ-ын дарга, Ё.Баатарбилэг, Б. Энх-Амгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг 100 хувийн гэх танил дүрээр сайд болгож албажууллаа. Зориуд Цагаан сарын баярын тулгаж хийсэн томилгоо учраас олон нийт хэнийг, ямар тохиролцоогоор даргын суудалд залсныг төдийлөн ухаж ойлголгүй золгохоор мордоцгоов. Харамсалтай нь энэ бужигнаан дунд парламентат ёсны алтан хил хязгаар руу халдсан эрээ цээргүй халдлага гарсныг олонх ч, сөрөг хүчин ч, хэвлэлийнхэн ч төдийлөн анзаарсангүй.
МАН цөөнх буюу сөрөг хүчин байхдаа давхар дээл буюу УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажилладгийг эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулж, санал авдаг хар машиныг төв талбай дээр шатааж явсан нь дөнгөж өчигдрийн явдал. Одоогийн Засгийн газар Ерөнхий сайдаас бусад нь бүгд УИХ-ын гишүүдээс бүрдсэн хоёр давхар дээлтнүүд. Тэд ч үүнээсээ ичдэггүй, сөрөг хүчин ч эхэндээ эсэргүүцэж байгаад яваандаа ярихаа больсон. Даварсаар даварсаар Дагвын орон дээр гэдэг шиг эрх баригч МАН цагаандаа гарч гурван давхар дээлтэй сайд тодруулав. Гурван давхар алба хашна гэдэг чинь бараг л хувилгаан шахуу шидтэй хүн байж таарна биз дээ.
БСШУС-ын шинэхэн сайд Ё.Баатарбилэгийн бие хүнийх нь тухай яриад байх зүйлгүй. Төрийн ажил албыг доод шатнаас эхлээд хашсан туршлагатай, залуу хүн учраас сайдын албыг өлхөн хийчих биз. Гэхдээ улс төрд зарчим, хэлсэн ярьсандаа байх гэх мэт зугтах боломжгүй хариуцлага гэж байдаг. Ё.Баатарбилэг өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хорооны дарга, БСШУС-ын сайд гэсэн гурван албан тушаал буюу гурван давхар дээлтэй алхаж явна. Түүнийг сайдаар томилоход Байнгын хорооны даргаас нь чөлөөлөх байтал тэгсэнгүй. Түүний оронд хэнийг дарга болгох тохиролцоо эцэслэгдээгүй байсан биз.
УИХ-ын гишүүн нь дүүрч гэж бодоход Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хорооны дарга гэдэг чинь яамандаа, салбарын сайддаа хяналт тавих үүрэгтэй ажил шүү дээ. Нэг нь бодлого баталдаг, нөгөө нь хэрэгжүүлдэг зарчимтай. Одоо тэгэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт үүрэг чиглэл өгөөд, өөрөө өөртөө хяналт тавиад явах юм байна л даа. Хошин шог цаашаа. Монголын парламентын түүхэнд ийм завхрал өмнө нь гарч байсныг мэдэхгүй юм. Бушуу туулай борвиндоо баастайн үлгэр ийн амилсыг нэн яаралтай залруулахгүй бол засаглалд хоорондын зааг ялгаа арилж, Үндсэн хууль үнэгүйдэх аюултай.
Ё.Баатарбилэг сайдын томилгоотой холбоотой бас нэг парадокс Монголын улс төрд үүссэн. Хэдхэн хоногийн өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газар цаашид ажиллах эрхгүй гээд огцруулах кноп дарсан 30 шахам гишүүний нэг нь Ё.Баатарбилэг байлаа. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичигт 27 гишүүний хамт гарын үсэг зурж, хэвлэлийн бага хуралд оролцох зэргээр анхнаас нь тууштай явсан. Албан тушаал хуваах болохоор хөл нь хөнгөрдөг дээд үеийн улстөрч ах нарынхаа ширэн нүүртэйг гайхаж суусан нэгэн. Гэтэл эрхэм гишүүн нэг л өдөр төрөл арилжиж өшиглөж явсан Ерөнхий сайдынхаа танхимд орж, хадгийг нь хүлээгээд авчих нь тэр. Болох болохдоо гурван давхар дээлтэн болж Монголын улс төрд шинэ рекорд тогтоолоо.
Эх сурвалж: Niisleltimes.mn Б.Түвшинтөгс |