Хүүхдийн эмч нар “Хүүхдийн амь тэнссэн төлөвийн анагаахын тулгамдсан асуудлууд сэдвээр мэдлэгээ сэлбэж байна
"Хүүхдийн амь тэнссэн төлөвийн анагаахын тулгамдсан асуудлууд-II” сэдэвт хүүхдийн эмч, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарт зориулсан сургалт өнөөдөр ЭХЭМҮТ-ийн хурлын танхимд эхэллээ. Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож хэлсэн үгэндээ энэхүү сургалт нь анх 2016 онд ЭМЯ, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-д орон нутаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа хүүхдийн ба хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарыг хамруулан амжилттай зохион байгуулсан.Манай улсын хувьд эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч энэ нь аймаг, бүс нутаг бүрд харилцан адилгүй, тусламжийн тэгш, хүртээмжтэй байдал хангалттай бус байна. Иймд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалтаас дэлхий нийтээр 2016-2030 онд хэрэгжүүлэхээр заасан "Тогтвортой хөгжлийн хөтөлбөр - 2030”-ын хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах шаардлагатай байна. Цаашид эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, ялангуяа хүүхдэд тохиолдох урьдчилан сэргийлэх боломжтой өвчин, эмгэгийн нас баралт, осол гэмтлийн шалтгаантай өвчлөл, эндэгдлийг бууруулах асуудал бидний өмнө зүй ёсоор тавигдаж байна гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.