Японы Ерөнхий сайд АНУ-д айлчлахаар төлөвлөж байна
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийхээр дөрөвдүгээр сарын эцсээр тус улсад айлчлахаар төлөвлөж байна. Энэ тухай "The Asahi” сонин пүрэв гарагт мэдээлжээ.
Ингэснээр, тус хоёр орны удирдагчид дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд гурван удаа хоёр талын уулзалт хийх боломжтой болно. Трамп тавдугаар сарын сүүлээр Японд төрийн айлчлал хийх ёстой юм. Тэрбээр тавдугаар сарын 1-нд хаан ширээнд залрах Японы шинэ эзэн хаан Нарухитод бараалхсан гадаадын анхны удирдагч болно. АНУ-ын Ерөнхийлөгч мөн Осака хотод болох "Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Японд зургадугаар сард хүрэлцэн очих төлөвтэй байна.
Айлчлалын үеэр хоёр удирдагч юуны өмнө хоёрдугаар сард Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хооронд болсон хоёр дахь уулзалтын талаар хэлэлцэнэ гэж Токио найдаж байгаа аж. Үүнээс гадна хэлэлцэх бас нэг гол сэдэв нь худалдааны асуудал юм. Япон улстай худалдааны хоёр талын гэрээ байгуулахыг Вашингтон шаардаж байгаа юм. Энэ асуудлаарх хэлэлцээг Японы Эдийн засгийг сэргээх яамны сайд Тошимицу Мотэги, АНУ-ын худалдааны хэлэлцээний төлөөлөгч Роберт Лайтхайзер нар дөрөвдүгээр сард сэргээх төлөвтэй байна.
Абэ, Трамп хоёр хамгийн сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сард Аргентинд болсон "Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.