М.Энхболд: ЖДҮ-ийн зээлийг тойргийн сонгогчдоо авч өгөхийг хүссэн ч бүтээгүй
Өдрийн сонины 4 дүгээр сарын 3-ны дугаарт "ЖДҮ-д нэр холбогдсон 49 гишүүн хэн байв" гарчигтай нийтлэл гарсан билээ. Уг нийтлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Энхболд Өдрийн сонинд хүсэлт ирүүлжээ.
Тэрээр хүсэлтдээ "ЖДҮ-д нэр холбогдсон 49 гишүүн хэн байв" гарчигтай нийтлэлд намайг "Нүүдэлчин агро ферм" ХХК-д ЖДҮДС-аас зээл олгоход ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэжээ. Миний бие УИХ-ын даргаар ажиллаж байх үедээ буюу 2018 оны эхээр иргэд, ААН, байгууллагуудад хандаж сүү цагаан идээний хэрэглээг дэмжих, өргөжүүлэх санаачилга уриалга гаргаж байсан бөгөөд энэ уриалгыг дэмжиж, нийслэлд бүртгэлтэй "Нүүдэлчин агро ферм" ХХК-ийн удирдлага Төв аймгийн Баяндэлгэр суманд 400 үнээний фермийн аж ахуй байгуулж байгаагаа дурдаад хөрөнгө оруулалтад дутагдаж байгаа 1.0 тэрбум төгрөгийг үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогын хөнгөлөлттэй зээлд хамруулах хүсэлт гаргасан юм. Энэ хүсэлтийн дагуу миний бие УИХ-ын 28 дугаар тойргийн гишүүний хувьд "Нүүдэлчин агро ферм" ХХК-д дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар ХХААХҮЯ-ны ЖДҮДС-гийн захирал С.Төгсбилэгт албан тоотоор уламжилсан болно. Ер нь УИХ-ын гишүүнд хандаж тойргийн иргэд сонгогчид, ААН-ээс олон тооны хүсэлт, өргөдөл ирдэг бөгөөд түүнийг нь холбогдох яам, газарт нь уламжилдаг хууль журамтай юм. Энэ дагуу хандсан хэдий ч тэр зээл нь олгогдоогүй юм билээ. Мөн зээл хүссэн дээрх компанид миний ямар нэгэн хамаарал огт байхгүй болно." гэжээ.