Петровис ШТС 25-р салбарт УСТАЙ ХОЛИЛДСОН ТҮЛШ зарж хэрэглэгчдээ хохироожээ
"Петровис” ХХК-ийн Шатахуун түгээх станцын 25 дугаар салбарын дизель түлш устай холилдсон байсан талаар талаар хэрэглэгчийн мэдээллийг бид авлаа. Тус салбараас шатахуун авсан хэд хэдэн машинд устай түлш орсноос эд анги нь эвдэрч нэлээд хохирол учирсан байна. Хохирогчид дунджаар таван сая орчим төгрөгийн засвар машиндаа хийлгэхээр оношлогдсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Энэ талаар ШТС-ын 25 дугаар салбарын эрхлэгчээс тодруулахад энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй гэсэн юм. Харин Петровис ХХК-ийн хэвлэл мэдээллийн албатай холбогдож дараах мэдээллийг тодруулахад: "Манай байгууллагын 25 дугаар салбарын дэргэд байрлах дулааны хоолойн хаалт задарсаны улмаас ШТС-ын түлшрүү ус орсон байсан. Үүний улмаас 5-6 автомашинд устай түлш хийгдсэн. Бид нэн даруй арга хэмжээ авч хохирсон иргэдийн хохиролыг барагдуулсан. Яагаад ийм байдал үүссэнийг Ус сувагийн удирдах газар дүгнэлт гаргаж байгаа” гэлээ. Мөн энэ дагуу Ус сувгийн удирдах газраас лавлахад "Манайх хариуцахгүй. Дулааны сүлжээ” ТӨХК-с асуу гэв.
Иргэдийн гомдлын дагуу "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас утасдаж тодруулахад "Сүүлийн өдрүүдэд төв шугамд ямар нэг гэмтэл гарч, ус алдаагүй. Тийм дуудлага ч бүртгэгдээгүй” гэсэн хариу өглөө.
Эх сурвалж: Ulsturch.mn