Д.ГАНТУЛГЫГ ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛСӨН УИХ-ЫН ТОГТООЛ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮҮ

1

Д.ГАНТУЛГЫГ ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛСӨН УИХ-ЫН ТОГТООЛ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮҮ

 Өнгөрсөн оны зургадугаар сард УИХ-ын гишүүн Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх 49 тогтоолыг баталсан.  УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийг нь хүчингийн хэрэгт холбогдсон гэх гүтгэлгийг шалгуулахаар УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ гаргасан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн 49 дүгээр тогтоол Үндсэн хуулийг олон зүйлээр зөрчсөн болохыг Д.Ганхуяг, Д.Отгонбат нарын иргэд дурдаж, гурван тусдаа өргөдөл Үндсэн хуулийн цэцэд хүргүүлээд байна.

УИХ-ын гишүүн нийт ард түмнээсээ сонгогдсон төлөөлөл, ард түмний элч, тангараг өргөсөн төрийн, улс төрийн албан хаагч болохынхоо хувьд зөвхөн хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөх ёстой.

Үүнд
6.6.1. нас барсан;
6.6.3. гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
6.6.4. хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
6.6.6. гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан зэрэг болно.

Гэтэл Д.Гантулга чөлөөлөгдөх хүсэлтдээ чухам ямар хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо тодорхой дурдаагүй. Мөн Д.Гантулгын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор эцэслэн шийдэгдээгүй тул энэ үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг нь дуусгавар болгох хууль зүйн үндэслэл болохгүй. УИХ-ын зүгээс хүндэтгэн үзэх шалтгаан буюу ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон онцгой нөхцөл байдал бий болсон эсэхийг тодруулж, тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой атал энэ талаар тодруулалгүй, хуульд заасан үндэслэлгүй хүсэлтийг шууд хүлээн авч, тогтоол гаргасан нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйл 2 дахь хэсэг "Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн."  гэх заалт болон 70 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг "Үндсэн хуульд...төрийн байгууллагын бусад шийдвэр, ...бүрнээ нийцсэн байвал зохино" гэж заасныг тус тус зөрсөн байна.

Нэр бүхий иргэд гомдолдоо: -Хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад гишүүнийг ажлаас чөлөөлсөн нь парламент ёсны дархлааг үгүй хийж байна гэдгийг онцолжээ. 

Мөн УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг эхлээд УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэдэг. Гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс эгүүлэн татна. Гэтэл хууль заасан үндэслэл бүрдээгүй байхад "өөрийн хүсэлтийн дагуу" гэх хуульд байхгүй үндэслэлээр чөлөөлсөн нь хууль дээдлэх зарчимд нийцээгүй байгааг иргэд гомдолдоо заажээ. Мөн УИХ-ын буруу шийдвэр нь дараа дараагийн буруу шийдвэр гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Тухайлбал, Хэнтийн аймгийн 42 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль хийхээр товлож, 287 сая төгрөгийг ард түмний халааснаар гаргахаар шийдвэрлэсэн. Үүнийг Үндсэн хуулийн цэцэд гомд гаргасан иргэдийн нэг Д.Ганхуяг "Нэг гишүүн хэрэгт холбогдоод нөхөн сонгууль явуулж бидний мөнгийг сая саяар нь үрж байгаа нь хаанахын ёс вэ? Хууль бусаар чөлөөлчхөөд хэрэг нь шийдэгдээгүй байхад нөхөн сонгууль зарлаж байгаа нь хууль бус" гэсэн юм. 

УИХ-д өмнө нь гишүүнээс татгалзах хүсэлтийг шийдвэрлэж байсан төстэй тохиолдол бий. 2013 оны арваннэгдүгээр сарын 11-нд Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө гаргажээ. Үүнийг УИХ хэлэлцээд "Хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй" гэх үндэслэлээр Р.Амаржаргалын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүлээж аваагүй юм.

Sonin.mn сайтад сурвалжлагч П.Энхмандахын бичсэнээр "Ч.Наранзаяа гэх хохирогчтой, Ч.Саранзаяа гэх "гэрчтэй" уг хэрэг өдийг хүртэл шийдэгдээгүй байгаагийн шалтгаан нь Д.Гантулга хүчингийн хэрэг үйлдсэн гэдгийг нотолж чадахгүй байгаа явдал" хэмээжээ.

ҮХЦ-д иргэний гаргасан мэдээллийг цэцийн гишүүн хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор маргаан үүсгэх эсэхийг шийднэ. Маргаан үүссэн тохиолдолд ҮХЦ 30 хоногийн дотор шийдвэр гаргах журамтай байдаг аж. Ингээд УИХ-аар ҮХЦ-ийн цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхийг хэлэлцээд хүлээж авахаас татгалзвал ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар уг маргааныг хэлэлцдэг юм байна. 



П.АНИР
Оллоо.мн


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Bandaajiin hereg shiidegdeegui baihad yagaad nuhun songuuli yvuulah geed bna aa Ene chine huulia zurchuud baigaa um bishuu